Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Гэр бүлийн хэрэгцээгээр газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацаа 2018 онд дуусна"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 12 сарын 14
iKon.MN
 

Газар эзэмших, ашиглах, өмчлөхтэй холбоотой 30 гаруй төрлийн үйлчилгээг автоматжуулсан программыг улсын хэмжээнд нэвтрүүлсэн билээ. 

Ингэснээр иргэд газрын албанд очихгүйгээр, өөрийн газартай холбоотой өргөдөл, хүсэлтийн шийдвэрийг вэб болон гар утсаараа дамжуулан хүлээн авах боломжтой болж буй юм. 

Энэ талаар болон газартай холбоотой зарим асуудлаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Кадастрын хэлтсийн дарга Б.Галмандахтай ярилцлаа. 

537,321 иргэнд 54,350.39 га газрыг өмчлүүлээд байна

-Газартай холбоотой өргөдлийн шийдвэрлэлт, мэдээллийг иргэд хэрхэн авах вэ?

-Газрын кадастрын мэдээллийн сантай болох ажил 2013 оноос эхэлсэн. Тухайн иргэдийн эзэмшиж байгаа газрын зураг алдаатай байсан бол шинээр хэмжиж Лэнд менежер программд оруулсан юм. Иргэдийн газар эзэмшихтэй холбоотой бүх материалуудыг цахимжуулаад, газрын улсын бүртгэлээ хийгээд кадастрын нэгдсэн санг бий болгосон. 

Уг программ нь мэргэжлийн болон иргэдэд зориулсан гэсэн хоёр хэсэгтэй. Газар эзэмших өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэх, захирамж, гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг, газрын төлбөр, үнэлгээ, цахим хувийн хэрэг зэргийг иргэдэд хүргэх үйлчилгээ юм. Иргэд egazar.gov.mn хаягаар газартай холбоотой бүх нууц биш мэдээллийг авах боломжтой.

Иргэдэд зориулсан мэдээлэл авах 3-4 боломж бий. Газрын албанд хүсэлт өгвөл өргөдлийн дугаар гэж өгдөг. Тухайн дугаар болон өргөдлийн дугаараа хайлтын системд оруулахад таны өргөдөл хэн гэдэг мэргэжилтэн дээр байгаа болон шийдвэрлэлтийн хугацаа зэрэг нь гарч ирнэ.

Мөн газрын нэгж талбайн дугаар, өмчлөх эрхийн гэрчилгээний дугаарыг мэдэж байвал гэрээ эхэлсэн болон, дууссан хугацаа, газрын төлвөл зохих төлбөр, зориулалт, дугаарыг мэдэх боломжтой.

-Энэ программыг ашиглалтад оруулж байгаа гол зорилго юу вэ?

-Газрын албанд ирүүлсэн газар эзэмшихтэй холбоотой өргөдлийг шийдэх процесс удаан явагддаг. Тухайн газар нь эрх үүсэж үү, бусдын газартай давхцаж байна үгүй юу? зэрэг судлах олон асуудал бий. Энэ бүгдийг иргэдийн өмнө ил тод нээлттэй болгож байгаа юм.

Иргэд газар эзэмшүүлэх, олгох асуудалд хяналтаа тавих боломжийг бүрдүүлсэн. Мөн байршилд суурилсан бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж байгаагаараа онцлогтой. 

-Өнөөдрийн байдлаар нийт хэчнээн иргэнд газар өмчлүүлээд байна? 

-Өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд нийт 570,601 иргэний өргөдөл хүлээн авч, Засаг даргын захирамжаар 537,321 иргэнд 54,350.39 га газрыг өмчлүүлээд байна. Энд нэмж хэлэхэд газрыг хөрөнгө оруулалтын, барьцаат зээллэгийн, татварын зэрэг олон зориулалтаар үнэлэх, шаардлага эрэлт бий болсоор байна. 

Харамсалтай нь энэ талаарх хууль эрх зүйн орчин манайд дутагдалтай. Төрөөс 1997 онд газрын татварын суурь үнийг тогтоох үнэлгээг баталсан. Энэ үнэлгээг хөрөнгө оруулалт, барьцаат зээл зэрэгт үндэс суурь болгон ашиглаж ирсэн.

Газрын татварын суурь үнийн үнэлгээг шинэчилж, Засгийн газрын энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болоод байгаа. Үүнд газрын орчин үеийн үнэ, стандарт зэргийг нарийвчлан тусгаж өгч байгаа юм. 

"Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай" хууль 2002 оны зургаадугаар сарын 27-ны өдөр батлагдаж, 2003 оноос мөрдөгдөж эхэлсэн. Тус хуульд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлэх хугацааг зааж өгсөн бөгөөд 2005 онд гурван жилээр, 2008, 2013 онд таван жилээр тус тус сунгаснаар 2018 оны тавдугаар сарын 01-ний өдөр дуусгавар болохоор болсон. 
Газрын дуудлага худалдааг цахимжуулна

-Барьцаат зээл гэснээс иргэдийн хувьд газраа барьцаалах тохиолдол хэр их байдаг бол? 

-Газар эзэмших эрх болон өмчийн газрыг банк санхүүгийн байгууллагад барьцаалан санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна. 

Хугацааны хувьд дунджаар 1.26 жил байна. Энэ нь одоогоор харьцангуй богино хугацаа боловч цаашдаа иргэний өмчийн газрыг урт хугацаагаар барьцаалж, ипотекийн зээл олгох боломж харагдаж байгаа юм.

-Газраа барьцаалан ипотекийн зээлд хамрагдах боломжийг судлаж байгаа юу?

-Одоогоор энэ талаар нарийвчилсан судалгаа хийсэн зүйл алга. Гэхдээ тухайн иргэн газраа хэдэн жилээр барьцаалах нь бол хуулиараа нээлттэй.

-Газрын маргаан хэр их гардаг вэ? 

-Хамгийн сүүлийн нэгтгэсэн дүн буюу 2016 онд улсын хэмжээнд газар эзэмших, ашиглах, өмчлөхтэй холбоотой 2,155 маргаан гарсан.

Газар эзэмшихтэй холбоотой 1,449, газар өмчлөхтэй холбоотой 488, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн 136, газар ашиглахтай холбоотой 82 маргаан тус тус гарсан. Үүнээс 1,880 газрын маргааныг шийдвэрлээд байна. 

График 1, 

-Газар өмчлөх иргэнд хориглох болон өмчилсөн газрыг нь хураах тохиолдол бий юу? 

- "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай" хуульд зааснаар:

  •  Өмчийн газраа худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх,
  •  Өмчийн газраа сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулах,
  • Иргэн өөрийн өмчийн газраа хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглах
  • Газар тариалангийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглодог.

Иргэн дээрх заалтыг зөрчсөн бол шүүхийн журмаар газрыг нь хураан авч болно. 

-Иргэний газар өмчлөх эрх ямар тохиолдолд дуусгавар болох вэ?

-Өмчийн газраа бусад иргэний өмчлөлд шилжүүлснээр, газар өмчлөх эрхээсээ татгалзсанаар, газар өмчлөгч иргэн Монгол Улсын харьяатаас гарснаар, хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр иргэний газар өмчлөх эрх дуусгавар болно. 

-Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ? 

-Газрын кадастрын мэдээллийн сан буюу Лэнд менежер программыг 21 аймаг, 330 сумын интернетийн нэгдсэн системд нэвтрүүлээд байна. Харин 2018 онд нийслэлийн дүүргүүдэд газар эзэмших өргөдлийн шийдвэрлэлтэй холбоотой программыг нэвтрүүлэхээр ажиллана.

Одоогоор Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт энэ ажил туршилтын шатанд эхлээд байгаа. Ирэх жил бүтэн үйл ажиллагаанд оруулна. Газрын цахим бирж гэсэн ажлыг мөн эхлүүлээд байна. Ирэх онд үргэлжлүүлнэ. Түүнчлэн газрын дуудлага худалдааг цахимжуулна. Цахим тендер зарлаж, үнээ хэлээд газар худалдаж авах боломжийг бүрдүүлнэ