Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын эрчим хүчний системийн хүчин чадал БИТКОЙН ОЛБОРЛОЖ ДИЙЛЭХ ҮҮ?

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг

40 ширхэг “Antminer S9 ASIC” маркийн биткойн олборлогч ажиллуулдаг залуу Г сардаа 8 сая гаруй төгрөгийн тог хэрэглэдэг гэв. Нэг олборлогч сард дунджаар 200 орчим мянган төгрөгийн тог зарцуулдаг гэсэн үг. Харин 40 машин тасралтгүй нэг жил ажиллахад 40 орчим биткойн олборлох хүчин чадалтай нь өнөөдрийн ханшаар тооцвол 1.6 тэрбум төгрөг болж байна.

Анх нэг бүрийг нь 5 сая төгрөгөөр худалдан авсан олборлогчийн үнэ дээр жилийн цахилгааны төлбөрийг нь нэмээд үзвэл нийт зардал нь 296 сая төгрөг. Харин цэвэр ашиг нь 1 тэрбум 300 сая төгрөг. Энэ хэдийгээр “бүдүүлэг” тооцоо ч биткойн олборлох нь яг өнөөдрийн байдлаар асар их ашигтай, тэр хэмжээгээрээ өндөр эрсдэлтэй бизнес болоод байна.

Үүнийг дагаад биткойн олборлох бизнес эрхлэх сонирхолтой монгол хүний тоо огцом нэмэгдлээ. Албан бус эх сурвалжаас авсан мэдээллээр Монголд үйл ажиллагаагаа явуулдаг нэг компани өнгөрсөн сард биткойн олборлогч олон тооны машин хилээр оруулахдаа гаалийн татварт 700 сая төгрөг төлжээ.

Тун удахгүй буюу нэгдүгээр сарын 10-ны үеэр 10 мянган ширхэг биткойн олборлогч машин Монголд буух аж. Анх 1 ам.доллар хүрэхгүй үнэтэй байсан биткойны үнийн огцом өсөлт биткойн олборлолтын чиглэлийг илүү тархааж, бараг айл болгон л тэрхүү "мөнгө ургуулагч машин"-ыг гэртээ тавьчихмаар санагдаж, сонирхож байгаа хандлага анзаарагдаж байна. Ашиг олж, орлогоо сайжруулах гэж байгаа иргэдийн буруу биш. Блокчейн технологи, криптовалютын хөгжлийг ч мөн үгүйсгэх боломжгүй.   

Гэхдээ үүнээс өмнө төр засгаас ЗААВАЛ АНХААРАХ нэг асуудал бий. 

Их Британийн Power Compare тайлангаас харахад биткойн олборлогчид 2017 оны 11 дүгээр сарын байдлаар 27.2 ТВт цаг буюу дэлхийн 159 орноос илүү эрчим хүч хэрэглэжээ. Энэ нь дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээний 0.13 хувийг эзэлж байна. Хэрэв биткойн олборлогчдыг нэг улс гэж үзвэл эрчим хүчний хэрэглээ нь 61 дүгээрт эрэмбэлэгдэх нь.

Яг энэ нийтлэлийг уншиж байхад буюу 12 дугаар сарын эхний 10 хоногийн байдлаар биткойн олборлогчдын эрчим хүчний хэрэглээ 3 ТВт цагаар нэмэгджээ.

ГРАФИК: Биткойн олборлогчдын эрчим хүчний хэрэглээ

Манай улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1,200 орчим МВт-д хүрсэн. Бид өвлийн цагт шаардлагатай цахилгаанаа ОХУ-аас импортолдог. Монгол Улс өнгөрсөн хугацаанд эрчим хүчний асуудалтай байнга л тулгарч ирсэн. Хамгийн сүүлд л гэхэд өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 13-ны өдөр баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг хангахын тулд импортын татвараас чөлөөлөх хуулийн төсөл УИХ-д өргөн баригдлаа. Өнгөрсөн хугацаанд Монголын эрчим хүчний асуудлыг шийдэх гэж олон ч мега төслүүд эхэлсэн. Зарим нь бүтсэн, зарим нь бүтээгүй. Бүтээгүй мега төслүүд нь 450 МВт хүчин чадалтай V цахилгаан станц, 315 МВт хүчин чадалтай Эгийн голын усан цахилгаан станц гэх мэт хөвөрнө.

Нөгөө талаар Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахын тулд шөнийн цахилгааны тариф тэглэх бодлого хэрэгжүүлж, эрчим хүчний хэрэглээг улам нэмэгдүүлж буй.

Яг одоогоор эрчим хүчний салбарын хүчин чадал хамгийн дээд цэгтээ хүрч ажиллаж байна. Үүнд биткойн олборлогчдын цахилгааны хэрэглээ нөлөөлж эхэлсэн, цаашид зохицуулалт шаардлагатай талаар салбарынхан ярьж эхэллээ.

Тухайлбал Крипто валютын арилжааны платформ Trade.mn-ий Гүйцэтгэх захирал Б.ГантигЭрчим хүчний асуудал дээр биткойн олборлохын нэг сайн тал нь хэлбэлзэлгүй хэрэглээ юм. Тиймээс цахилгааны асуудлыг тодорхой болгож, төлбөр тавьж, хүмүүс тооцоогоо шударгаар хийдэг нөхцлийг нь бүрдүүлэх хэрэгтэй. Гэхдээ хэтэрхий их зохицуулалт орж болохгүй. Хэт хорьж эхэлбэл хулгайгаар тог хэрэглэх асуудал үүсэх эрсдэлтэй байж магадгүй. 

Хамгийн гол нь төрдөө хохиролгүй байх нь чухал. Одоогоор манай эрчим хүчний систем хамгийн өндөр хүчин чадлаараа ажиллаж байна. Олон хүн биткойн олборлолт сонирхож байна. Цаашид ч нэмэгдэх байх. Тиймээс эрчим хүчний асуудлыг төр засгаас анхааралдаа авах болов уу гэж бодож байгаа.

Манай өмнөд хөрш нийт биткойны 70-80 хувийг олборлож байна. БНХАУ-аас биткойны арилжааг хаачихсан хэрнээ олборлолтыг маш их дэмждэг. Тэд цахилгааны асуудлаа батлан хамгаалах салбар, төрийн мэдлийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр шийддэг юм билээ" гэв. 

Харин “Ард санхүүгийн нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг энэ талаар “Манайх туршилтаар дунд шатны ферм ажиллуулж эхэлсэн. Хүндрэлүүд байдаг юм байна. Үүнд цахилгаан хамгийн том асуудал болж байна .

Бидэнд энэ цаг үед түүхэн боломж гарч ирсэн. Монголчуудад газар нутаг бий. Түүнийгээ ашиглаад салхин цахилгаан станц барьж болно. Нарны энергийг ашиглаж болж байна. Энэ энергийг биткойн болгоод, биткойноо ам.доллар болгоод явж болно. Гэхдээ зөв хөдлөх хэрэгтэй.

Би “Крипто үндэстэн” чуулган хийснээрээ мэдлэгийг тэгш хуваарилж, хүн болгон орлогоо нэмэгдүүлээсэй гэж хүссэн. Монголд баялгийн тэгш бус хуваарилалт маш их байна. Хүмүүс мэдээлэлгүйгээсээ болж дандаа боломжоос хоцордог. Нөгөө талаас төр засаг таатай, зөв орчныг бүрдүүлж өгөх ёстой. Дутагдаад буй цахилгааныг нь бий болгож, гэр хороололд хүрэлцэхгүй байгаа цахилгааны сүлжээнд хөрөнгө оруулах ёстой” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлэв.

Монгол Улс эрчим хүчээ бие даан үйлдвэрлэж дийлдэггүй орон. Технологийн салбарын үсрэнгүй хөгжил эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлж байна. Энэ үеэр төр засаг эрчим хүчний томоохон төслүүдээ хөдөлгөх, биткойн олборлогчдын эрчим хүчний хэрэглээг хууль эрх зүйн орчноор зохицуулах шаардлагатай болжээ.