Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Европын Холбоо Өмнөд Солонгосыг офшор бүсийн “хар жагсаалт”-аас хасах боломжтой гэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Хэрвээ Сөүлийн эрх баригчид гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлдэг татварын хөнгөлөлтөө хүчингүй болгоно гэвэл ирэх сард офшор бүсийн хар жагсаалтаас хасах боломжтой гэж Европын Холбоо мэдэгджээ.

Саяхан Европын Холбооны сангийн сайд нар Өмнөд Солонгосыг Бахрейн, Монгол, Намиби, Тринидад ба Тобаго зэрэг 16 улстай хамт татвараас зугтагчдад таатай орнуудын хар жагсаалтад оруулсан нь Сөүлийн засаг захиргааг бухимдуулсэн юм.

Өмнөд Солонгосын төлөөлөгчид Брюссельд очиж, Европын Холбооны бизнесийн татварын зохицуулалт хариуцсан албаны хүн болох Фабрициа Лапекореллатай дээрх асуудлаар уулзаж байгааг өчигдөр тус улсын Санхүү, Стратегийн яам мэдээлжээ.

Уулзалтын үеэр Лапекорелла эдийн засгийн тусгай бүсүүдэд хөрөнгө оруулсан гадаадын компаниудыг 5-7 жил ашгийн татвараас чөлөөлдөг Өмнөд Солонгосын практик нь Европын Холбооны татварын бодлогод сөргөөр нөлөөлж байгааг хэлсэн гэнэ.

Тэрээр хэрвээ Сөүл 2018 онд багтааж, энэхүү журмаа өөрчилнө гэсэн амлалт өгвөл ирэх оны нэгдүгээр сараас Өмнөд Солонгосыг хар жагсаалтаас хасах боломжтой гэж ирсэн төлөөлөгчдөд мэдэгджээ.

“Олон удаагийн яриа хэлэлцээр хийх шаардлагатай. Гэхдээ журамд өөрчлөлт оруулах ажил хугацаандаа хэрэгжвэл ирэх нэгдүгээр сард багтан Өмнөд Солонгос хар жагсаалтаас гарах боломжтой боллоо” гэж тус яамны мэдэгдэлд дурдсан байна.

 

Эх сурвалж: Chosun.Com