Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн шиг хэмжээтэй аварга оцон шувууны үлдэгдлийг илрүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Шинэ Зеландын өмнөд хэсгээс хад чулуунд хадгалагдаж үлдсэн аварга оцон шувууны үлдэгдэл илрүүлсэн нь насанд хүрсэн хүний дайтай амьтан байжээ.

Тус улсын өмнөд арлын Отаго дахь Хэмпдений эргээс 55-60 сая жилийн өмнө үүссэн хад чулуун дунд энэхүү амьтны яс хадгалагдаж үлдсэн байна.

Ил гарсан ясны хэмжээг авахад уг шувуу 100 кг жинтэй, 1.77 метр өндөр байсныг тогтоожээ.

Өнөөдөр амьд байгаа оцон шувууны төрөл зүйлүүдээс Хаан оцон шувуу хамгийн том нь бөгөөд дээд тал нь 1.2 метр хүртэл өсдөг юм.

Оцон шувуунууд хэдэн арван сая жилийн өмнө нисэхээ больж, усанд сэлдэг болсон. Тухайн үед нисэх чадвараа гээж, газардсаныхаа дараа 80 см орчим өндөртэй байснаа бараг хоёр дахин өсөж томорсон гэдэг.

Энэхүү олдвор арав гаруй жилийн өмнө олдсон боловч хаднаас яснуудыг салгах түвэгтэй ажлын дараа одоо л бүтцийг нь бүрэн тодорхойлж байгаа юм.

Аварга оцон шувуу нь өнөөдрийнх шиг хар, цагаан өнгөтэй биш, хүрэндүү өнгөтэй, илүү урт хошуутай байсан байна. Өнөөдрийг хүртэл олдож байсан хамгийн том биетэй оцон шувуу юм гэж судлаачид тодорхойлжээ.

Тэд шинэ оцон шувууг “Kumimanu biceae” гэж нэрлэсэн нь Шинэ Зеландын уугуул Маоричуудын хэлээр куми буюу домгийн мангас, ману буюу шувуу гэсэн үг юм байна. Харин хоёр дахь үг нь судлаачдын багийн ахлагч Алан Тэннисоны эх “Bice” хэмээн нэрлэдэг байсан Беатрис Тэннисоны нэр ажээ.

Аварга оцон шувуунуудын 20-50 сая жилийн өмнөх үлдэгдэл өмнө нь олдож байсан ч үүнээс эрт үеийнх маш ховорт тооцогддог.

Эндээс дүгнэхэд оцон шувуунууд нисэхээ больж, усанд сэлдэг болсныхоо дараахан үлэмж том биетэй болж өөрчлөгджээ. Тухайн үед өмнөд туйлын цаг уур зөөлөн дулаан байсантай энэ нь холбоотой гэнэ.

Харин 20 сая жилийн өмнө энэ нутагт далайн хөхтөн амьтад болох халим, далайн хав зэрэг амьтад ирснээр аварга оцон шувуунууд устсан байна. Чухам яагаад устаж үгүй болсон нь тодорхойгүй ч тэнгисийн шинэ эзэдтэй хоол тэжээлийн төлөө өрсөлдөх болсон, зарим махчдын хоол болох болсонтой холбоотой гэж таамагладаг юм.

 

Эх сурвалж: The Guardian