Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

П.Бадрал: Шүүхийн шийдвэрийг хүндэтгэж Улаанбаатар төмөр замын газрыг чөлөөлөхийг шаардаж байна

А.Намуун, iKon.mn
2017 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Авто худалдааны цогцолборыг Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах хөрсний болон агаарын бохирдлын хэмжээг багасгах зорилготойгоор барьж байгуулсан билээ.

Үүнтэй холбоотой Улаанбаатар хотод ил задгай зориулалтын бус газарт авто машины худалдаа үйлчилгээ эрхэлж буй иргэн аж ахуй нэгжийг хууль бус үйл ажиллагаагаа зогсоохыг Мэргэжлийн Хяналт, Газрын албанаас удаа дараа шаардаж мэдэгдэх хуудас хүргүүлсэн байдаг.

Гэвч Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй жижиг авто худалдааны төвүүд одоог хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн тухайн төвүүд дээр үйл ажиллагаагаа явуулж буй худалдаа эрхлэгч нарт тал бүрээр нөлөөлөн Авто худалдааны цогцолборын талаар худал мэдээлэл тарааж байгаа аж. Энэ талаар өнөөдөр Авто Худалдааны цогцолборт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос мэдээлэл хийлээ.


Авто Худалдааны цогцолборт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн П.Бадрал "2016 оны есдүгээр сараас эхлэн Нийслэлийн Засаг дарга Авто худалдааны төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгч ажил  нэлээн урагштай явж байна. 

Нийслэлийн зүгээс бодит ажлуудыг хийж байгаа нь автомашины импорт, худалдаа явуулдаг бидний хувьд энэхүү байгууллагын үйл ажиллагаа тогтвортой явах юм байна гэсэн итгэл өгсөн. Иргэд, аж ахуйн нэгжүүд зай талбай худалдан авч, энэ төв дээр бизнес хийхээр төлөвлөн, хөрөнгө оруулалтаа хийгээд байна.

Гэтэл зарим нэг аж ахуйн нэгж, хувь хүмүүс хууль бус үйл ажиллагаагаа таслан зогсоохгүй байна.

Жишээлбэл, бидний хэлдгээр 1,000 машин буюу Даяар хас ХХК нь Улаанбаатар төмөр замтай газар түрээслэх гэрээ хийж үйл ажиллагаа явуулж байсан. Тэдний гэрээний хугацаа 2016 онд дууссан. Шүүхийн шийдвэрээр тус компанийг Улаанбаатар төмөр замын газрыг чөлөөлөх шийдвэр гарсан байдаг.

Гэвч одоог хүртэл 1,000 машин буюу Даяар хас ХХК нь үйл ажиллагаагаа явуулсаар байна. Улаанбаатар төмөр зам нь тус газраа зураг төслийн дагуу автомашины зогсоол барьж ашиглах үүрэг хүлээж Нийслэлээс тухайн газрыг шийдвэрлүүлж авсан. Одоо ажил хаана гацаад байгааг бид ойлгохгүй байна. 

Улаанбаатар төмөр зам өөрийн мэдлийн газартаа эзэн болж шүүхийн шийдвэрийг хүндэтгэж 1,000 машин гэх газрыг даруй хааж төрөө иргэдээ хүндэлж ажиллахыг шаардаж байна.

Авто худалдааны бизнес эрхлэгч бид нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллах шаардлагатай байна.

Анх хөрөнгө оруулалт босгож байх үедээ хууль бус бүх газар хаагдана хэн түрүүлж хөдөлсөн нь хожно гэж төр сурталчилгаа хийсэн, бид ч итгэсэн. Хуулиа дээдэлж, нийгмээ хүндэлмээр байна" гэв.