Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол хүүхдүүдийн англи хэлний түвшин, үзэл бодлоо илэрхийлэх, илтгэх урлаг нь онц сайн гэж дүгнэжээ

ikon.mn
2017 оны 12 сарын 13
iKon.MN
 

Сингапур Улсын Темасек сангийн санхүүжилтээр  Сингапурын технологийн тэтгэлэгт хөтөлбөрөөс (Singapore Technologies Endowment Programme (STEP) жил бүр зохион байгуулдаг Азийн улсын хүүхэд, залуучуудад зориулсан хамтарсан соёл, урлагийн "Sunburst Youth Camp 2017" арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. 

Уг арга хэмжээнд АСЕАН-ны гишүүн улс, Япон, Монгол, Хятад болон Өмнөд Солонгосоос нийт 16-19 насны 180 оролцогч нар оролцож,  2017 оны 12 дугаар сарын 3-9-ны өдрүүдэд  Сингапурын Sunburst Youth Camp зусланд 6 хоногийн турш байрлав.

Улс бүрээс 8 сурагч, нэг багшийн бүрэлдэхүүнтэй баг байдаг бөгөөд Монгол Улсыг төлөөлж “Хобби”, “Орчлон”, Улаанбаатар дахь Америкийн сургуулийн 4 эрэгтэй, 4 эмэгтэй сурагчид, багшийн хамт оролцсон юм.  

Арга хэмжээний хүрээнд улс бүрийн хүүхэд, залуус өөрийн улсын онцлогийн талаар илтгэл тавих, багаар хуваагдан тодорхой сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх, өөрийн улсын соёл, урлагийг танилцуулах зорилго бүхий урлагийн тоглолтын үзүүлбэр үзүүлж, улс бүрээс танилцуулга бүхий буланг бэлтгэжээ.

 

Зохион байгуулагчдын онцолж буйгаар Монгол хүүхэд, залуучуудын англи хэлний түвшин, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, илтгэх урлаг нь онц сайн байсан гэв.

Энэ жил хөтөлбөрийн 20 жилийн ой тохиож, хүндэтгэлийн арга хэмжээг мөн зохион байгуулав. Энэ хугацаанд нийт 2,500 гаруй сурагч хүүхдүүд оролцсон түүхтэй бөгөөд эдгээр хүүхдүүдээс өдгөө улсдаа нэр хүнд бүхий төрийн болон төрийн бус байгууллагад амжилттай ажиллаж, улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж буйг тус арга хэмжээний үеэр онцолж байв.

Элчин сайдын яамны зүгээс Монгол Улсаас хүүхэд, залуус оролцох арга хэмжээг ГХЯ-ны ТЗУГ-тай хамтран зохион байгуулж, 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр болсон STEP-ын 20 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалтад өөрийн улсын хүүхдүүдээ дэмжин оролцов. Мөн жил бүрийн арга хэмжээнд Монгол Улсаас хүүхдүүдийг идэвхтэй оролцох талаар хөтөлбөрийн удирдлагатай санал солилцов.

 

Эх сурвалж: ГХЯ