Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

М.Батбаяр: Суурьшлын бүсийг тодорхойлсноор төвлөрлийг сааруулах боломжтой

Д.Оюунчимэг, Зууны мэдээ
2017 оны 12 сарын 13
Зууны мэдээ
Зураг зураг

“Бизнес, хөгжил” буланд “Жишиг сууц” төслийн санаачлагч Монгол Улсын зөвлөх архитектор, хот төлөвлөгч М.Батбаярыг урилаа.

-“Жишиг сууц” төсөл хэзээ эхэлсэн бэ?

-Хот төлөвлөлт аль ч улс оронд маш чухал. “Жишиг сууц” төслийг 2010 онд боловсруулсан. Тухайн үед нийслэлийн захын хорооллыг орон сууцжуулах, бага, дунд орлоготой хүмүүсийг орон сууцтай болгоход тохиромжтой байсан учир санал болгосон боловч хэрэгжээгүй.

Ингээд өнгөрсөн жилээс хөдөө орон нутагт хэрэгжүүлж болох юм гэж үзсэн. Монголын хот байгуулалтын хөгжлийн танхим гэж бий. Энэ байгууллагын чиглэлээр үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр зарлан эхний 24 айлын сууцыг Хэнтий аймгийн Баян-Өндөр суманд барьсан. Одоогоор эхний найман айл орон сууцандаа орсон байгаа. Ингэснээр хөдөө орон нутагт тохилог орон сууцанд амьдрах боломж бүрдсэн. Энэ төсөлд Хот төлөвлөлтийн хүрээлэн, “Их шовх”, “МАК Евроблок”, “ВЕS”, “Вestо design” компани хамтран ажиллаж байна.

–Орон нутгийг барилгажуулахын тулд дэд бүтцийн асуудал тулгамдаж байна гэдэг. Энэ асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?

-Зөвхөн орон нутагт төдийгүй хот суурин газарт ч дэд бүтцийн асуудлыг шийдэх хэрэгтэй болдог. Хамгийн гол нь тухайн орон сууцны оршин суугч хэрхэн хувааж хэрэглэх вэ гэдгээс хамааран өрхөд ногдох өртөг тодорхойлогдоно. Тиймээс одоогийн барьж байгаа байрныхаа дээврийг налуу байдлаар хийж байгаа. Ингэснээр цаашдаа нарны панел суурилуулан халаалт болон цахилгааны асуудлаа шийдэх боломжтой юм.

–Орон сууц худалдаж авахын тулд хүмүүсийн худалдан авах чадвар тийм ч сайн биш гэдэг шүү дээ. Тиймээс ипотекийн зээлийг хэрэгжүүлсэн. Гэхдээ бас л хамрагдах хүрээ хумигдмал байна гэдэг?

-Орон нутагт орон сууц худалдаж авч байгаа хүмүүсийн дийлэнх нь мянгат малчин байгаа нь анзаарагдсан. Түүнээс гадна төрийн байгууллагын ажилтнууд, тухайн орон нутгийн оршин суугчид ч авах боломжтой. Нөгөө талаас орон сууцны бодит хэрэгцээ байгаа учраас ипотекийн зээлээр авч болно. Түүнчлэн тогтмол орлогогүй иргэдийг орон сууцаар хангахын тулд төрөөс тодорхой бодлого баримтлах шаардлагатай юм.

Хэдийгээр худалдан авах хэрэгцээ байгаа ч тогтмол орлоготой иргэнийг бий болгохын тулд хүн амыг ажлын байраар хангах асуудал тулгамдаж байна. Хэрэв орон нутагт тав тухтай амьдрах боломж бүрдвэл ажлын байрыг нэмэгдүүлж болно. Үүний тулд төвлөрсөн үйлдвэрлэлийг орон нутагт байгуулах, түүнийг дагаад нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх нь зүйтэй.

–Хотын төвлөрлийг сааруулахын тулд орон нутагт чиглэсэн бодлого баримталж байгаа. Гэвч төдийлөн үр дүн гарахгүй байна гэдэг шүүмжлэл бий. Учир нь хэт төвлөрлөөс үүдэлтэй утааны асуудал тулгамдаж байна шүү дээ?

-Хотыг төлөвлөхдөө үр ашигтай төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Утааны бохирдол зөвхөн нийслэлд төдийгүй хөдөө орон нутагт ч байгаа. Тэгэхээр утааг бууруулахын тулд нэн тэргүүнд орон сууцжуулах хөтөлбөрийг оновчтойгоор хэрэгжүүлэх нь илүү өгөөжтэй.

Өөрөөр хэлбэл, 24 айлын орон сууц ашиглалтад орсноор 24 яндангаас утаа гарахгүй, мөн тооны жорлонгийн асуудлыг шийдэж болно. Ингэснээр агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах бүрэн боломж бий. Тэгэхээр энэ мэтчилэн бодит үр дүнгээ өгөх төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй.

–Хүмүүсийн худалдан авах чадвар бас л нэг тулгамдсан асуудал шүү дээ?

-Энэ огт шийдэж болохгүй асуудал биш. Төрийн бодлогоор энэ асуудлыг зохицуулж болно. Жишээлбэл, тухайн орон сууц барьж байгаа компанийн татварыг хөнгөлөх, чөлөөлөх хөшүүрэг хэрэглэж болно. Өөрөөр хэлбэл, гэр хорооллыг орон сууцжуулахад чиглэсэн хөрөнгө оруулалт хийж байгаа компанийг урамшуулдаг байх хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд татварын бодлогоор дэмжиж болно гэсэн үг.

Нөгөө талаар ажилгүй иргэн хэрэв гэр хороололд орон сууц худалдан авч байгаа бол тэр хүний ажилд орох давуу тал байж болно. Мөн гэр хорооллоос ипотекийн зээлд хамрагдсан хүнийг ажлын байраар хангасан аж ахуйн нэгжийг дэмжих бодлого баримталж болно. Энэ гинжин урвалыг улсын эдийн засгийг дэмжих томоохон хөшүүрэг болгох хэрэгтэй. Эцэст нь үүнийг улс даяар хэрэгжүүлэхийн тулд бүсчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй.

–Тухайлбал?

-Хөдөө орон нутагт ажиллахаар зорьж очсон хүнийг дэмжих бодлого чухал. Өөрөөр хэлбэл, тухайн ажилтны суманд баригдсан жишиг орон сууцад орох боломжийг бүрдүүлэх. Ингэхдээ ипотекийн зээлд хамруулах хөшүүргийг хэрэглэж болно. Мөн тухайн орон нутагт амьдрах сонирхлыг төрүүлэх олон зүйлийг санаачилж болох юм. Техник, технологийн дэвшлийг ашиглаж болно.

Жишээлбэл, “ВES” компани гэр хорооллын айлд хэрэглэж болох тогоор халдаг төхөөрөмжийг угсарчээ. Түүнийг хэрэглэснээр тухайн өрх сард нүүрс, түлээнд зарцуулдаг мөнгөө хамгийн багадаа хоёр дахин бууруулах боломжтой.  Тэгэхээр энэ мэтчилэн технологийн дэвшлийг ашигласан өрхийн орлогод хэмнэлт авч ирэх төслийг дорвитойгоор дэмжих нь утааг бууруулах боломж юм.

–Сүүлийн үед бүсчилсэн хөгжлийн тухай ярих болсон. Архитекторын хувьд үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Монгол Улсын нутаг суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл гэсэн бодлогын баримт бичиг бий. Гэтэл манайх үүнийг ашиглахгүй байна. Хэрэв үүнийг оновчтойгоор хэрэглэвэл салбар бүрийн хөгжил, хүн амын төвлөрлийг сааруулах боломжтой. Ер нь улс орон бүрт энэ баримт бичгээ тодорхойлон хэрэгжүүлэхээр ажилладаг институт байдаг. Гэвч манай улсад алга. Энэ нь ямар хор уршигтай вэ гэвэл, улс төр, эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа юм.

Тухайлбал, улс төрчид судалгаа шинжилгээгүй хоосон амлалт өгч байгаа нь хөгжлийн бодлогыг тодорхойлж чадаагүйтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, зүүн бүсийн хувьд 1995 онд “Их түмэн санаачилга” хөтөлбөрийг НҮБ-ын дэмжлэгтэйгээр явж байсан. Энэ хөтөлбөрийн зорилго нь зүүн өмнөд Азийн дөрвөн улс хамрагддаг. Эдгээр хотыг дэд бүтцээр холбон аялал жуулчлал, худалдаа наймаа эрхлэх зэрэг эдийн засгийн хөгжлийг дэмжихэд анхаарч ирсэн. Гэхдээ энэ боломжийг бид ашиглаж чадаагүй.

Харин бусад улсууд ашигласаар байна. Тиймээс үүнийг өөрт ашигтайгаар ажиллуулахын тулд Хэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалд түшиглэсэн үндэсний парк байгуулахаар ажиллаж байна. Үндсэндээ Зүүн хойд Азийн улс орны нийгэмлэгт зургаан орон бий. Эдгээрт 320 сая хүн ам төвлөрч байгаа зах зээлийг ашиглах хэрэгтэй гэж үзсэн. Тэгэхээр дэлхийн улс орнууд хөгжлийнхөө чиг хандлагыг ногоон бизнесээр төлөөлүүлж байгаа энэ цаг үед бид давуу талаа ашиглан эдийн засгийн чадавхаа сайжруулах боломж бий. Ийнхүү Монгол Улс бусад орнууд руу гарах гарцаа ашиглах вэ гэвэл, газар зүйн байршлынхаа давуу талыг боломж болгох хэрэгтэй гэж хардаг.

Зураг