Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Бид бүгд сансрын гүнээс дэлхийд ирсэн байж магадгүй

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Манай дэлхийн амьдралын эх үүсвэр сансрын гүнээс ирсэн байх магадлалтайг харуулсан шинэ судалгааны тайлан “The Journal of Chemical Physics” сэтгүүлд нийтлэгджээ.

Канадын Шербрүүкийн их сургуулийн судлаачид сансрын нөхцөл байдлыг лабораторид зохиомлоор үүсгэж, түүндээ метан, хүчилтөрөгч агуулсан мөсний ялтсуудыг байрлуулан электрон туяагаар бөмбөгдөж туршсан байна. Энэ нь яг задгай сансарт байгаа биетэд тохиолддог орчин нөхцлийг үүсгэсэн гэсэн үг юм.

Ингэхэд мөсөн талстууд дээр бий болсон химийн урвалын улмаас хэд хэдэн органик химийн бодисууд үүсэн бий болж байжээ. Үүнд этанол, цууны хүчил, ацетилен, формальдегид, этан багтаж байгаа ба эдгээрийн зарим нь амьд организм бий болоход чухал үүрэгтэй элементүүд юм.

Эндээс судлаачид манай дэлхийн амьдрал нь сансарт үүсэн бий болсон байх өндөр магадлалтай гэсэн дүгнэлт хийжээ. Дэлхий дээр анх амьдрал 4 тэрбум жилийн өмнөөс үүссэн гэдэг. Харин үүнд хэрэгтэй материалууд нь дэлхийгээс гадна үүсэн бий болсон байх магадлалтайг судалгаа харуулж байна.

Туршилтад ашигласан мөсөн ялтсуудыг сансарт орших молекулын үүлсийн тоосонцор, астероид, солир, саран дээр илэрдэг мөснүүдийн бүтэцтэй ижил байдлаар бий болгожээ.

 

Эх сурвалж: Russia Today