Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

“Монгол ноос, ноолуурыг массын биш ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН зах зээлд гаргах хэрэгтэй”

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 12 сарын 12
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

“Ноос, ноолууран бүтээгдэхүүний экспортын шинэ боломж” сургалт-семинар өнөөдөр Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн байранд эхэллээ.Тус сургалтыг Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, ШУТИС, Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн Танхим, Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслөөс зохион байгуулж байна. 

Манай улс 2015 оны байдлаар 61 сая толгой малтай бөгөөд үүний 27 сая нь хонь, 27 сая нь ямаа, 0.4 сая нь тэмээ байна. 

Ноос ноолуурын үйлдвэрийн гол түүхий эдээс 36.3 мянган тонныг үйлдвэрлэж байгаагийн 71 хувь нь ноос, 24 хувь нь тэмээний ноос, 5 хувь нь ямааны ноолуур байгаа аж. 

Л.Оюунцэцэг: “Монгол” гэдэг брэндийг төр нь нэгдсэн бодлогоор бий болгох чухал
 
Гэрэл зургийг MPA.mn

Уул уурхайгаас хараат эдийн засагтай манай улс эдийн засгаа төрөлжүүлэх, ноос, ноолуурын салбарыг хөгжүүлэх, экспортын хувь хэмжээг нэмэгдүүлэх нь тулгамдсан асуудал байдаг. Гэхдээ экспортыг нэмэгдүүлэхийн тулд бүтээгдэхүүний үйлдвэрлэл гэхээсээ илүү дизайн, өнгө, брэндингийн асуудал чухал болохыг ШУТИС-ийн профессор Л.Оюунцэцэг онцолж байв. 

Тэрбээр “CBI олон улсын байгууллагын хэрэгжүүлсэн төслийн хүрээнд манай багш нарын баг европын зах зээлийг судалсан. Ноос, ноолууран бүтээгдэхүүний түүхий эд нь animal friendly буюу амьтны амийг бүрэлгэдэггүй гэдгээрээ том давуу талтай. Орчин цагт амьтны амийг бүрэлгэдэг түүхий эдийг “sustainable” биш гэж үздэг болж байна. Тийм учраас манай ноос, ноолуур бол эко бүтээгдэхүүн юм. Хоёрдугаарт бэлчээрийн мал ахуйгаас гарч буй гэдгээрээ онцлогтой. 

Тийм учраас ийм түүхий эдээр өргөн хэрэглээний бараа, БНХАУ-ын үйлдвэрлэгчидтэй өрсөлдөх масс бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулах нь хайран. Тийм учраас Европын зах зээлийг судалсан. Бид дундаас дээшээ буюу тансаг хэрэглээний зах зээл рүү орж, ноос, ноолуураа үнэтэй бүтээгдэхүүн болгож борлуулах нь чухал байна гэж харж байна. 

Монголд ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 100 орчим үйлдвэр бий. Үүний 10 нь том, бусад нь жижиг үйлдвэрлэгчид. Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, гүйцэтгэх технологийн хувьд манайх дэлхийн түвшинд хүрсэн. Гагцхүү дизайн, өнгөний тал дээр үнэхээр манайх дутагдалтай. Европын зах зээлийн хэрэглэгчдийн таашаалд нийцсэн өнгө, загвартай бүтээгдхүүнийг манайх үйлдвэрлэж чадахгүй байна. 

Хоёрдугаарт брэндинг, маркетингийн асуудал чухал. Манай бүтээгдэхүүнийг Европын хэрэглэгчид яагаад авах ёстой вэ, ямар үнэ цэнэтэй вэ, сэтгэлд нь юу хоногшуулах вэ гэдэг асуудал чухал. Уг нь бидэнд байгаа зүйл боловч түүнийгээ брэнд болгож чадахгүй байна.

Гуравдугаарт, “Монгол” гэдэг брэндийг төр нь нэгдсэн бодлогоор бий болгох чухал. Яг л Япон чанар гэдэг шиг. Байгаа сайн зүйлээ малгай болгож, үүнийхээ доор жижиг үйлдвэрлэгчид нь олон улсын зах зээлд гардаг нэгдсэн концепциор хөгжихгүй бол болохгүй гэсэн үндсэн асуудлыг өнөөдөр бид ярьж байна” гэсэн юм.

Д.Баярмаа: Түүх бүтээх нь дараагийн чухал асуудал
 
Гэрэл зургийг MPA.mn

ШУТИС-ийн багш, доктор Д.Баярмаа өөрийн илтгэлдээ Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүн Европын зах зээлд ямар маркетинг, стратегитай ажиллах талаар илтгэл танилцууллаа. 

Тэрбээр илтгэлдээ “Гадныхан Монгол гэхээр мэддэггүй. Бид тэдний хувьд маш алс хол. Ноос, ноолуур гэхээр Непал, Австрали, Шинэ Зеландыг сайн мэддэг. Тиймээс Монгол гэдгээ хамгийн түрүүнд маш сайн таниулж брэнд гаргах нь чухал. Говь нутгийг Испани, Италийн дизайнерууд шошгон дээрээ ашигладаг. 

Мөн гадныханд бидэнтэй хамтран ажиллаж байсан туршлага байдаггүй. Бид өөрсдийгөө яаж байршуулах ёстой вэ гэдэг нь их чухал болж байна. 

Түүх бүтээх нь дараагийн чухал асуудал. Үзэсгэлэн худалдаан дээр компаниуд брэндийнхээ түүхийг бүтээж, гол баатраа илүү товойлгодог. Гол баатар нь нийлүүлэгч, компанийн эзэн, түүхий эд нь ч байж болно. Гол баатар нь асуудлыг шийдвэрлэсэн байх хэрэгтэй. 

Тухайлбал, “Naadam” компани маш хүчтэй түүх бүтээсэн. Адал явдал хайсан хоёр Америк залуу 2 сая ам.доллартай Монголд ирээд малчдаас ноолуурыг нь боломжийн үнээр худалдаж авч ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Малчдад ч ашигтай, тэдэнд ч ашигтай бизнес гэдэг утгаараа маш хүчтэй түүх бүтээсэн. Бид өөрсдөө түүх бүтээгээд давуу талаа ашиглахгүй бол өрсөлдөгчид аль хэдийнэ үүнийг ашиглажээ” гэсэн юм. 

"Naadam" брэндийн түүхийг харуулсан видео:

“Ноос, ноолууран бүтээгдэхүүний экспортын шинэ боломж” сургалт-семинар маргааш үргэлжилнэ.