Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

М.Мөнхмандах: Эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь эрх мэдэлтнүүдээс хариуцлага нэхэх гол арга хэрэгсэл болсон байна

А.Намуун, iKon.mn
2017 оны 12 сарын 12
iKon.MN
 

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн 10 дахь удаагийн дэлхийн чуулга уулзалт энэ оны арваннэгдүгээр сарын 15-19-ний хооронд Өмнөд-Африкийн нийслэл Йоханнесбург хотод болж, дэлхийн 130 орны 1,200 орчим сэтгүүл хуран чуулжээ.

Энэхүү чуулга уулзалтад Монгол Улсаас сэтгүүлчдийн төлөөлөл оролцож таван өдрийн турш 150 гаруй салбар хэлэлцүүлэг, сургалт, семинар, харилцаа холбоо тогтоох онцгой үйл явдлуудад оролцож өнөөдөр Монгол сэтгүүлчиддээ туршлага хуваалцах, сургалт уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтын үеэр дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиг хандлага болон Монгол сэтгүүлчид юуг анхаарч ажиллах хэрэгтэй талаар олон үнэтэй зөвлөгөө, мэдээллүүдийг өгсөн юм.

 

Хэвлэлийн Хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал М.Мөнхмандах "Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүл зүй хэрхэн хөгжиж байгаа болон Монгол сэтгүүлчид юун дээр анхаарах хэрэгтэй гэдэг тал дээр өнөөдөр бид төвлөрч энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. 

Дэлхийн хэмжээнд эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь хил дамнасан хамтын ажиллагаа, эрэн сурвалжилга, технологийн дэвшлийг ашиглаж мэдээллийг эрж хайх, хадгалах, шалгах, түгээх арга барилд улам ахицтай хөгжиж буй чиг хандлагатай байна. 

Монголын сэтгүүлчид технологийн дэвшлийн тал дээр суралцах зүйл маш их байна. Өнөөдөр Хэвлэл мэдээллийн байгууллагууд эрэн сурвалжлах сэтгүүл зүйг үнэтэй, цаг хугацаа их шаарддаг гэсэн шалтгаанаар энэ салбарт төдийлөн анхаарал хандуулахгүй байгаа. Гэхдээ эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь мэргэжлийн сэтгүүл зүйг тодотгох, эрх мэдэлтнүүдээс хариуцлага нэхэх гол арга хэрэгсэл болсон байна. 

Бусад орны туршлагаас харахад айхгүй хий, хийх явцдаа суралц, бусадтайгаа нэгд гэсэн зарчмын дагуу явж байна. Тиймээс Монголын сэтгүүлчид ч бас энэхүү зарчмыг баримталж ажиллах нь зүйтэй" гэлээ.

MOJO буюу ухаалаг утас ашиглан сурвалжлах нь
 

Эрэн сурвалжлах сэтгүүлчдэд зориулсан практик зөвлөмж, боломжит хэрэгсэл, арга техникүүд өргөжсөөр байгаа талаар  Хэвлэлийн хүрээлэнгийн багш А.Амартүвшин ярилаа. 

Мөн тэрбээр техник, технологийн дэвшилд суурилсан олон тооны шинэ мэдлэг, зөвлөмж, арга хэрэгслийг танилцуулж, гараагаа эхлэх гэж буй эрэн сурвалжлах сэтгүүлчдэд хэчнээн өргөн хүрээний боломж бололцоо нээлттэй байгаа талаар танилцуулав.

Тухайлбал, МOJO буюу ухаалаг утас/төхөөрөмжид суурилсан сэтгүүлзүйн шинэ аппликэйшнүүд, сэтгүүлчид мэдээллээ нууцлах кодчилох ямар арга боломжууд байгааг, шинэ цаг үед цахим орчинд ашиглаж болох мэдээллийг хайх, нягтлан шалгах ямар хэрэгслүүд нэвтэрч байгааг хэллээ.

Мобайл сэтгүүл зүй нь хэрэглэгч өөрийн байгаа газар дээрээс боловсруулж, түгээж байгаа сурвалжилгыг хэлэх юм байна. 36 орны 70,000 хүнийг оролцуулсан судалгаагаар гар утас бол дэлхийн мэдээллийг худалдан авах гол хэрэгсэл гэж үзсэн байна. Тиймээс видео бүтээлийг гар утас ашиглан цогцоор нь хийх чадвар сэтгүүлчдэд ч мөн хэрэгтэй ажээ.

Уулзалтын төгсгөлд сэтгүүлчдээр PARADISE PAPERS буюу офшор дансны эздийн мөрөөр ажиллах дасгал, ажил хийлгэсэн юм.