Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Гэмт хэргийн улмаас нас барсан хүний тоо өмнөх оны мөн үеэс 496-аар нэмэгджээ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг

"Улсын хэмжээнд 2017 оны эхний 11 сарын байдлаар 29,576 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4,251-ээр өссөн. Өмнөх оны мөн үеэс нийт гэмт хэрэг өсөхөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 3,765 хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 905, хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг 196-гаар өссөн нь голлон нөлөөлөв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2017 оны эхний 11 сард 191.7 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 71.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 35.7 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирол 32.0 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Гэмт хэргийн улмаас 2017 оны эхний 11 сард 9,604 хүн гэмтэж, 1,325 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс гэмтсэн хүн 836-аар буурж, харин нас барсан хүн 496-аар нэмэгдсэн байна" хэмээн Үндэсний статистикийн хорооноос гаргадаг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний 11 сарын байдлын тайланд дурьджээ. 

Гэмт хэргийн улмаас хохирсон иргэд 2017 оны эхний 11 сарын байдлаар 34.7 мянга болж, 1,645 нь 18 хүртэлх насны хүүхэд, 17.0 мянга нь эмэгтэйчүүд байгаа аж.

Хүүхэд оролцсон гэмт хэрэг 2017 оны эхний 11 сард өмнөх оны мөн үеэс 58 , эмэгтэй хүн оролцсон хэрэг 692, согтуугаар үйлдэгдсэн хэрэг 1,435-аар тус тус буурчээ. Харин бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 127-оор өссөн байна. 18, түүнээс дээш насны 10,000 хүнд ногдох гэмт хэрэг 2017 оны эхний 11 сард улсын дунджаар 147 болж, өмнөх оны мөн үеэс 17-оор өсжээ.

Улсын хэмжээгээр 2017 оны эхний 11 сард 77.2 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 10.4 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 1,869-өөр буурж, харин баривчлагдсан хүн 5,438-аар өссөн байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 1,262 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 69-өөр буурсан байна. 

Түүнчлэн малын хулгайн гэмт хэрэг 844 бүртгэгдсэн нь нийт бүртгэгдсэн хэргийн 2.9 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 91-ээр өссөн дүн гарчээ.