Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Өнөржаргал: Гэр бүлийнх нь бүтцийг харгалзан татварын хэмжээг тогтоох шаардлагатай

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 12 сарын 12
iKon.MN

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/ , МУИС-ийн докторуудын хамтран хийсэн "Монгол Улсын татварын тогтолцооны шинэчлэл, татварын оновчлол"судалгааны тайлангаа  өнөөдөр танилцууллаа.

Тус ажил нь Монгол Улсын татварын системд дорвитой шинэчлэл хийх үндэс суурийг тавих, татварын эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг судалгаа шинжилгээний дэвшилтэт арга, загваруудыг ашиглан хийж дүгнэлт гарган, цаашид сайжруулах арга замыг тодорхойлох зорилготой юм.

Энэ талаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважаваас тодрууллаа.


Загвар онолгүйн улмаас улс төрчдөд эдийн засгийн ертөнцүүдийг дур мэдүүлсэн нь сөрөг үр дагаварыг бий болгосон

 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав "Энэхүү ажлын гол онцлог нь хөрөнгийн бирж дээр ашигладаг багцын онолыг манай докторууд төсөв дээр ашигласанд байгаа юм. Бид сүүлийн 8 жил зөв хөрөнгө оруулалтыг хийж чадаагүйн улмаас хөрөнгө оруулалт царцсан, дутсан. Хэрэв тухайн үед уг онолыг ашигласан бол эрсдэлээс гарах боломж бидэнд байсан. Одоогоор татварын гурван хуулийг өөрчлөх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Тиймээс бид УИХ-д санал тавьж, энэ ажилд бид багцын онолыг загвараараа ажиллах төлөвлөгөөтэй байна.

Олон Улсын Валютын Сан өмнө нь энэ аргаар ажиллаж байсан. Харин бидний давуу тал нь макро түвшний бодлого гаргахаас гадна микро түвшин буюу аж ахуйн нэгжийн аль алиных нь үйл явц, амьдралын процессыг харгалзан дүгнэлт гаргах юм. Татварын хэмжээ, төсвийн зарлага, орлогыг дурын улс төрч, дурын гишүүн өглөө босоод шийддэг байдлыг халах ёстой. Өмнө нь энэ маягаар шийдэх гэж оролдсон нь бидэнд ямар их хямралын эх сурвалжийг авчирсныг бид сүүлийн хэдэн жилийн түүхээсээ сайн мэдэж байгаа. Загвар онол байгаагүй учраас улс төрчдөд санхүү эдийн засгийн том ертөнцүүдийг дур мэдүүлсэн сөрөг үр дагаварыг бий болгосон. Тиймээс бидэнд онол хэрэгтэй" гэсэн юм.

Мөн татварын орчинд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар мэргэжилтнүүдээс тодруулсан юм.

Гэр бүлийнх нь бүтцийг харгалзан татварын хэмжээг тогтоох шаардлагатай

 

Санхүү Эдийн засгийн Дээд Сургуулийн багш Ч.Өнөржаргал "Бизнесийг эрхлээд олж байгаа ашгаас цөөхөн хүн хүртэнэ. Гэтэл цалин хөдөлмөрийн хөлсийг Монгол Улсын хүн амын дийлэнх хэсэг нь авч, амьдарч байгаа. Цалин хөлснөөс авах татвар маань үндсэндээ аж ахуйн нэгжийн албан татвараас бага болчихлоо. 

Аж ахуйн нэгжийн албан татвар нь тэрбум 500 саяас доош орлоготой тодорхой нэр заасан бизнесүүдийн орлого нь 90 хувиар хөнгөлөгдөөд 10 хувийн татвар авдаг болчихсон. Гэтэл хувь хүмүүсээс авч байгаа цалин хөлсний татвар нь 10, 15, 20, 25 гэсэн шатлалтай болчихлоо. Тэгэхээр энэ нь үндэслэл, тооцоо судалгаа муутай юм уу гэж харагдаад байгаа. Энэ татварыг нэмснээр улсын төсөвт их орлого оруулах уу? Эргээд энэ нь далд эдийн засгийн алдагдал их байна. Орон сууцны найман хувийн зээлээс шалтгаалаад хүмүүс цалингаа бодитоор мэдүүлж эхэлсэн. 

Энэ нь эсрэгээрээ тэдгээр иргэдийн татварын дарамтыг их болгож байна. Нөгөө найман хувийн зээл маань олгогдохгүй болчихсон. Нэмээд цалингаас авах татвар өсчхөөр нийгмийн даатгалд хамрагдах цалингаа бодитоор мэдүүлэх сонирхол улам л буурна. Үүнийг дагаад цалин хөлснийхөө зардлыг нууж байгаа юм чинь, орлогыг нуух арга хайх байх. Бизнес эрхлэгчдийн бүртгэл, тайланд сөргөөр нөлөөлөх байх гэж харж байна. 

Нэг хүний ард хэдэн ам бүл байж, тухайн хүн өөрийн цалингаараа хэдэн хүнийг тэжээж байна гэдэг чухал асуудал. Дөнгөж сургуулиа төгссөн, ганц бие хүүхэд, ардаа таван хүн тэжээж байгаа хүнээс ижил хэмжээний татвар авч байгаа нь буруу. Үүнтэй уялдуулан гэр бүлийнх нь бүтцийг харгалзан татварын хэмжээг тогтоох шаардлагатай" гэлээ.

2018 онд татварын тухай хууль, заалтад өөрчлөлт орж байгаа нь аж ахуйн нэгжүүдийн хувьд ямар байгаа тухайд тэдний байр суурийг сонслоо.

Татварын тухай хууль, эрхзүйн орчинд өөрчлөлт орж байгаа нь бодит амьдралаас хэтэрхий тасархай байна

 

"Ноосон зангилаа" дундын хоршооны захирал Ц.Цэнд-Аюуш "Аливаа бизнес эрхлэгчдийн хүрээнд татварын хууль эрхзүйн орчин таатай бус байна. Мэдээж бидний зүгээс огт төлөхгүй гэж хэлээгүй. Татвар төлнө гэдэг бизнес эрхлэгчдийн хувьд үүрэг хариуцлага. Гэтэл үүрэг хариуцлага маань бидэнд дэндүү ахдаж байна. Одоогийн орчинд хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгал, мөн бусад татварууд байна. Он гараад татварын тухай хууль, эрхзүйн орчинд өөрчлөлт орж байгаа нь бодит амьдралаас хэтэрхий тасархай байна. Бид байгаа орчныхоо хүрээнд татвараа төлж байгаа.

Манай хоршооны хувьд үндсэн зургаан ажилтантай. Учир нь бид санхүүгийн боломжоосоо шалтгаалаад ажилчдынхаа тоог нэмэх боломжгүй байна. Дундаж цалин маань 300-350 мянган төгрөг. Хуулийн хүрээнд төсвийн байгууллагууд цалингаа нэмдэг. Харин хувийн хэвшлийн бид тэр бүр цалингаа нэмэх бололцоо алга" гэсэн юм.