Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Гашуунсухайтын түгжрэл улам дордож, 120 км болжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх нүүрс тээврийн машины очер 120 км-ыг даваад байна. Байдал улам бүр хүндэрснээс жолооч нар нэг рейс хийх гэж гэж өвлийн хүйтэнд кабин дотроо 14-15 хонож байгаа аж.

Холбогдох чиглэлийн яамдууд энэ талд арга хэмжээ авна гэж амлаж, Засгийн газраас өнгөрсөн сарын 29-нд шийдвэр гарган, уртын урт тээврийг зогсоосон. Тавантолгойн уурхайгаас Цагаан хадны гаалийн бүсэд нүүрсийг буулгаж, дахин тээвэрлэх  зохицуулалт хийснээртүгжрэлийг бууруулна гэж үзсэн ч бодит байдал дээр очер улам нэмэгджээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Засгийн газрын шийдвэр газар дээрээ огт хэрэгжихгүй байгаа бололтой. Өөрөөр хэлбэл түр хугацаагаар хориглосон уртын урт тээврийг одоо ч явуулсаар байгаа аж. Гашуунсухайт дахь гаалийн газар, төрийн өмчийн Эрдэнэс Тавантолгой компани зэрэг байгууллага, аж ахуйн нэгжүүд Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа нь машины очерыг нэмэгдэхэд хүргэжээ.

Төсвийн орлогын дийлэнхээ нүүрсний экспортоос бүрдүүлдэг манай улсын хувьд экспортын гол гарц Гашуунсухайтын асуудал ийнхүү улам бүр  хүндэрсээр байна. Холбогдох албаны хүмүүс яаралтай арга хэмжээ авна гэж ярьдаг ч бодит байдал дээр төрийн албад, аж ахуйн нэгжүүдийн хариуцлагагүй байдал ийнхүү асуудлыг улам бүр даамжруулсаар байна.