Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Францын дунд сургуулиудад гар утсыг бүрэн хориглолоо

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт Франц улсын бүх шатны ерөнхий боловсролын сургуулиудад гар утасны хэрэглээг бүрэн хориглож байгаагаа тус улсын боловсролын сайд Жан Мишель Бланкуэр зарлажээ.

Өмнө нь зөвхөн хичээлийн цагаар сурагчид гар утас хэрэглэхийг хориглодог байсан бол 2018 оноос эхлэн завсарлага, үдийн цайны цагаар ч хэрэглэхийг нь хориглож байгаа юм.

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон сонгуульд өрсөлдөж байхдаа энэ оны эхээр мөн ийм хориг хэрэгжүүлэхээ мэдэгдэж байв. Нью Йорк хотын дарга асан Майкл Блүүмберг 2006 онд бас гар утсыг сургуульд хориглох санаачилга гаргаж байсан ч эцэг эхчүүдийн эсэргүүцэлтэй тулгарч байжээ.

Тухайн үед ухаалаг гар утас дэлгэрээгүй байсан тул эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ харилцах хэрэгсэл гэдэг утгаар нь гар утсыг хардаг байсан юм.

Одоогоор тус хотын сурагчдыг гар утас хичээлдээ авч явахыг зөвшөөрдөг ч хичээлийн цагаар хэрэглэхийг нь хатуу хориглодог байна. 2015 онд London School of Economics-ийн гаргасан судалгаагаар гар утсыг хориглосон сургуулийн 16 настнуудын дүн 6.4 хувиар сайжирч, нэг хичээлийн жилд 5 өдөр нэмсэнтэй тэнцэх сургалтын үр дүн гарч байжээ.

Гэвч Францын засгийн газрын шийдвэрийг эцэг эхчүүд, сурагчид, багш нар бүгд таагүй хүлээж авч байгаа гэнэ. Ингэснээр эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ харилцах холбоогүй болно гэж үзэж байгаа бол сургуулийн захиргаа, багш нар хүүхдүүдийн гар утсыг хэрхэн хориглох арга зам тодорхойгүй гэж үзэж байна.

 

Эх сурвалж: Quartz