Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Путин Сирид гэнэтийн айлчлал хийж, цэргээ гаргах тушаал өглөө

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Сирийн Латакиа муж дахь Хмеймим агаарын баазад урьдчилан мэдэгдэлгүй гэнэтийн айлчлал хийж, Оросын цэргийг тус улсаас гаргах тушаал өгчээ.

Тэрээр алба хааж буй цэргүүдийн өмнө үг хэлэхдээ Оросын зэвсэгт хүчний ихэнх хэсгийг нутаг буцаах тушаал өгсөн байна. Путин Египет, Турк улсуудад айлчилж, төрийн тэргүүнүүдтэй нь уулзахаар аялах замдаа ийнхүү Сирид богино хугацаанд саатаж, цэргүүдтэйгээ мэндлэн, Сирийн ерөнхийлөгч Башар Ассадтай уулзжээ.

Сири дэх Оросын зэвсэгт хүчний командлагч, хурандаа генерал Сергей Суровкин сүүлийн долоон сарын хугацаанд Сирийн 70,000 км.кв газар нутаг чөлөөлөгдөж, 32,000 террористыг устгасан тухай Путинд тайлагнасан байна.

 

Владимир Путин энэ үеэр террористууд дахин Сирийн газар нутагт өнгөлзвөл ОХУ тэдэнд өмнө хэзээ ч харж байгаагүй хатуу цохилтыг өгнө гэж анхааруулжээ. Орос улс цаашдаа Хмеймим агаарын бааз, Тартус далайн боомтыг үргэлжлүүлэн ашиглах гэнэ.

Уулзалтын үеэр Сирийн ерөнхийлөгч Башар Ассад терроризмтай тэмцэхэд нь дэмжлэг үзүүлсэн Москвагийн эрх баригчдад талархаж байгаагаа илэрхийлжээ.

Энэ сарын 6-нд Оросын зэвсэгт хүчний командлал Сирийн нутаг дэвсгэр Исламын улсын зэвсэгт этгээдүүдээс бүрэн цэвэрлэгдсэн болохыг зарласан юм.

 

Эх сурвалж: Russia Today