Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн төслийг дэмжинэ"

ikon.mn
2017 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь Ардчилсан намын бүлэг  өнөөдөр  /2017.12.11/  хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн удирдлагууд мэдээлэл хийлээ.

1937 оны хэлмэгдлээс хойш Монгол оронд үүсч буй болсон нөхцөл байдлууд энэ хэлмэгдүүлэлтээс үүссэн хохирлыг нөхөн төлүүлэх тухай төрийн гаргаж байсан удаа дараагийн шийдвэрүүдийн асуудлаар Ардчилсан намын бүлэг нэлээд нухацтай ярилцаж, ойлголцолд хүрч байна. Хохирлын хэмжээнээс шалтгаалсан нөхөн олговрыг хэрхэн олгох тухай асуудлууд, үр хүүхдүүдийнх нь гаргаж байгаа саналуудыг хуулийн өөрчлөлтөд хэрхэн тусгах зэрэг асуудлууд анхаарал татаж байгаа.

Түүнчлэн энэ хэлмэгдүүлэлтийн үеэр Монгол Улсын нийт насанд хүрсэн эрчүүдийн 20 хувь нь хилс хэрэгт хэлмэгдэж, 15 хувь нь буудан алах ялаар цаазлуулсан тухай яригдаж байна. Энэ бол дэлхийн ямар ч улс оронд байгаагүй маш өргөн хүрээний хэлмэгдүүлэлт, алан хядалтын үйл ажиллагаа явсан гэдэг шарх өнөөдрийг хүртэл аниагүй байгааг бид анхаарах ёстой. Тиймээс ч энэ хуулийн төслийг УИХ нэлээд нухацтай хэлэлцэх шаардлагатай гэж УИХ дахь ардчилсан намын бүлэг үзэж буйгаа бүлгийн дарга Д.Эрдэнэбат илэрхийллээ. 

1939-оноос хойш хэлмэгдсэн хүмүүс нийтдээ 31 мянга 220 хүн цаазлагдсан байдаг

Я.Санжмятав "1998 оны нэгдүгээр сард Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль батлагдсан гарсан. Батлагдан гарсанаасаа хойш буюу 1922-1990 оны хооронд улстөрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн тоо нийтдээ 36 мянга орчим байна гэсэн тооцоолол гардаг. 1939-оноос хойш хэлмэгдсэн хүмүүс нийтдээ 31 мянга 220 хүн цаазлагдсан байдаг. Эдгээрийн 28,268 нь улсын комисс байгуулагдсанаас хойшхи хугацаанд цагаатгагдсан байна. Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль хэрэгжээд 18 жил болж байна.

Хуулийн хүрээнд цагаатгагдсан хүмүүст нөхөн олговор, орон сууц, холбогдох зардлууд гээд нийтдээ 19 тэрбум 820 сая төгрөгийг гаргаж зарцуулж, 18,558 хүнд олгосон байна гэсэн статистик тоо байна. Хэлмэгдэгчийн үр хүүхдүүд нийт 200 гаруй нь эцэг, эх нь цаазлагдсан, 100 гаруй хүмүүс нь шоронд хоригдож, нас барсан 400 гаруй хүн байна.

1937 оноос хойш одоо амьд сэрүүн байж байгаа 80-90 настай хүмүүс байна. Эцэг, эх нь хэлмэгдсэн учир эсэргүүний хүүхэд гээд сургууль соёлд сураагүй. Дээд боловсрол эзэмшээгүй, янз бүрийн ажил төрөлд оруулдаггүй байсан зэргээс болж төрөөс өгдөг нийгмийн халамж хүртээмж зэргээс хоцорч хохирч явсан гэдэг дүгнэлтийг ажлын хэсгүүд гаргасан. Ийм асуудал яагаад яригдах болов гэхээр уг хууль 2011 оны арванхоёрдугаар сарын 25-нд өргөдөл хүлээн авах хугацаа нь дуусгавар болчихсон байгаа. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл долоон жилийн хугацаанд ямар нэгэн өргөдөл шинээр хүлээн авч чадаагүй. Тиймээс ч хугацааг сунгах оролдлого өмнө нь хийж байсан ч шийдэгдээгүй буюу хугацааг сунгаж чадаагүй.

Үндэсний аюулгүй зөвлөлөөр 2014 оны арванхоёрдугаар  сарын 25-ны өдрийн хурлаар зөвлөмж гаргасан. Энэ зөвлөмж дээр гурван зүйлийг УИХ-д зөвлөсөн байдаг. ТЕГ-ын тусгай архивт хадгалагдаж байгаа хэргүүдийг шалгаж дуусгаж, шаардлагатай хэргийг цагаатгах, улстөрийн хилс хэрэгт баривчлагдсан, сураггүй алга болсон хэрэг материал нь олдохгүй байгаа хүмүүсийн хэргийг ар гэрээс нь ирсэн өргөдөл, хүсэлт нотлох баримтыг үндэслэн шалгуулж, цагаатгах эсэхийг эцэслэн шийдвэрлэх гэсэн байдаг” юм гэлээ.

Хэлмэгдсэн 10 гаруй хүний ар гэрийнхэн нь цагаатгуулах өргөдлөө өгч чадаагүй байна


Ж.Батзандан "Цагаатгалын хуулийн хугацаа дууссан учир цагаатгуулах хүсэлтээ гаргах иргэд бүрэн дүүрэн хамрагдаж чадаагүй. Улстөрийн хилс хэрэгт эцэг, эхээ алдсан 400 гаруй хүн нөхөн олговроо авч чадаагүй гэх асуудлууд байгаа.

Түүнчлэн хэлмэгдсэн 10 гаруй хүний ар гэрийнхэн нь цагаатгуулах өргөдлөө өгч чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, цагаатгалын асуудал улстөрийн хилс хэрэгт хэлмэгдсэн цагаатгах ажил бүрэн дуусаагүй байна гэж үзэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс УИХ-д зөвлөмж хүргүүлсэн.
УИХ намрын чуулганы хүрээнд дорвитой ямар ч шийдвэр гаргаж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой" гэв

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулиар яг ямар тусламж дэмжлэг олгох юм бэ?

Я.Санжмятав:Нэгдүгээрт цагаатгах өргөдөл хүлээн авах хугацаа сунгагдана. Хууль батлагдсанаас хойш хоёр жилийн хугацаанд өргөдлийг авч дуусгана. Цагаатгах үйл явцын дараа нөхөн олговор өгөх асуудал яригдах юм. Үндсэндээ дөрвөн жилийн хугацаанд энэ хууль хэрэгжихээр заасан байгаа.

Энэ хуульд өмнө нь орон сууц, гэр болон түүнтэй тэнцэх нөхөн олговор аваагүй улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр буюу нөхөр, хэлмэгдэгчийн амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барсанаас хойш 10-аас илүүгүй хугацаанд төрсөн хүүхдэд нэмэлт нөхөн олговрыг нэг удаа олгохоор тусгасан. 

-Намрын чуулганы хугацаанд энэ УИХ хэр сайн ажиллаж чадав гэдэг дээр бүлэг ямар дүгнэлт өгөх вэ?

Д.Эрдэнэбат:Намрын чуулганаар үндсэн гурван асуудал ярьсан. Шинэ Засгийн газраа байгуулах гэж дан, давхар дээл, ашиг сонирхлын зөрчлийн тухай, төсвийн тодотгол, 2018 оны төсөв л ярьлаа. Төсвийн тодотгол дээр Ардчилсан намын бүлэг тодорхой байр сууриа илэрхийлсэн. Тодруулбал, тэтгэмжээсээ жаахан танаач, нэмүү олж байгаа орлогоо  хуримтлал руу хийгээч, хүүхдийн мөнгийг бүрэн олгооч гэдэг л шаардлага тавьсан. Харамсалтай нь эрх баригчид хүүхдийн мөнгийг нэг удаа олгоод 2018 оны төсөв дээр 60 хувь руу буцаагаад шидчихсэн. Тиймээс бид улстөржсөн хэлбэр рүү орж байна гэдгийг шүүмжилсэн. Төрийн албан хаагчдад халамж хэлбэрээр мөнгө тараахын оронд цалинг нь 10-15 хувиар нэмээч гэдэг шаардлага тавьсан ч биелэгдээгүй. Одоо намрын чуулган завсарлахад ганцхан сарын хугацаа үлдээд байна. Үнэндээ

Монгол Улсын нийгэм эдийн засаг, санхүү, зах зээл, бүтээн байгуулалтын талаар энэ УИХ дорвитой ямар ч шийдвэр гаргаж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Бидэнд хүлээгдэж байгаа зүйл олон байгаа. Ардчилсан намын бүлэг өнгөрсөн долоо хоногт энэ асуудлаар ярилцаад цаашдаа гол бодлогын шинжтэй асуудлуудаа хэлэлцэх асуудал дээр шахалт үзүүлэхгүй бол болохгүй юм байна гэдэг шийдэлд хүрсэн. Томоохон бүтээн байгуулалтууд, банк санхүү, мөнгөний бодлогын зэрэг асуудлуудаа нэн яаралтай оруулж ирж хэлэлцэх хэрэгтэй байна.

Ардчилсан намын бүлгийн хувьд он гарахаар шууд хэлэлцүүлгийн хэв маягийг өөрчлөөд, эдийн засаг, мөнгө санхүүтэй холбоотой асуудлуудыг хэлэлцүүлгийг хийгээд явна. 

 

Эх сурвалж: УИХ дахь АН-ын бүлгийн ХМА