Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ: Хэрвээ Хятад Хойд Солонгосын асуудлыг зохицуулж чадахгүй бол бид санаачилгыг гартаа авна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Хятад улс Хойд Солонгосын эсрэг илүү их арга хэмжээ авч чадахгүй бол АНУ санаачилгыг гартаа авах болно гэж тус улсын НҮБ дахь төлөөлөгч Никки Хэли хэлжээ.

Тэрээр Ням гарагт Fox News сувагт ярихдаа “Хятад улс илүү ихийг хийж чадах нь тодорхой. Бид тэднийг сайн шахаж байгаа. Хэрвээ тэд илүү нөлөөтэй арга хэмжээ авч чадахгүй бол бид санаачилгыг гартаа авч, хоёрдугаар ээлжийн хориг арга хэмжээгээ авах болно” гэсэн юм.

Мөн сэтгүүлч Хэлигээс Хойд Солонгосыг “бүрмөсөн сүйрүүлнэ” хэмээн дипломат биш үг хэллэгийг өмнө нь хэрэглэсэн шалтгааныг асуусан байна.

Тэр энэ тухай “Би үнэнийг хэлсэн. Хэрвээ Хойд Солонгос АНУ болон түүний холбоотнуудад аюул учруулахыг оролдвол тэд бүрмөсөн сүйрнэ. Дипломат ёс чухал л даа. Гэхдээ бид бас шударга байх хэрэгтэй” гэжээ.

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Хойд Солонгосын дэглэм АНУ-тай яриа хэлэлцээр хийж эхлэхэд бэлэн байгааг төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсонд дамжуулсан юм.

Гэвч Вашингтон зөвхөн цөмийн зэвсгээсээ татгалзах баталгаа өгсөн тохиолдолд Пёньянтай хэлэлцээрийн ширээний ард сууна гэсэн хатуу байр суурьтай байгаа.

Өнөөдөр АНУ, Өмнөд Солонгос, Японы зэвсэгт хүчин пуужингаас хамгаалах хоёр өдрийн хамтарсан сургуулилалтыг Японы эрэг орчимд эхэлж байна.

 

Эх сурвалж: Russia Today