Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын Засгийн газар ялагдал хүлээв

Д.Оюунчимэг, Зууны мэдээ
2017 оны 12 сарын 11
Зууны мэдээ
Зураг зураг

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг эзэмшигч “Монгол Зэс” корпораци өнгөрсөн пүрэв гаригт Монгол Улсын дээд шүүхэд ялалт байгуулан тус үйлдвэрийн хувьцааны эзэмшлийн эрхээ сэргээлгэсэн. Энэ тухай олон улсын агентлагууд бичиж байна. Монгол Улс хувийн өмчийг хүндэтгэн, ардчилсан үнэт зүйлийг дээдэлж буй нь энэ шийдвэрээр батлагдаж байгаа тухай тэд онцолжээ. Ингээд “Reuters” агентлагийн нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙГ ТӨРИЙН МЭДЭЛД ШИЛЖҮҮЛЭХ ХУУЛИЙН МАРГААНД ЯЛАГДАВ

Монголын Засгийн газар зэсийн уурхайг төрийн мэдэлд шилжүүлэхтэй холбоотой хуулийн маргаанд ялагдал хүлээв. Монгол Улсын дээд шүүх Азийн хамгийн том зэсийн уурхайн нэг болох “Эрдэнэ үйлдвэр”-ийн 49 хувийг нийгэмчлэх гэсэн Засгийн газрын оролдлогын эсрэг шийдвэр гаргасан тухай салбарын эх сурвалжууд мэдээллээ. 

Тэдний хэлж буйгаар “Монгол Зэс” корпораци “Монгол Улсын Засгийн газрыг хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах олон улсын дүрэм, журмыг зөрчсөн хэргээр олон улсын арбитрын шүүхэд хандан нөхөн төлбөр гаргуулах хүсэлтэй” байгаа юм. Тус корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин “Дээд шүүхийн шийдвэр бидний эзэмшиж буй хувьцаатай холбоотой асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд шийдвэрлэж, аливаа саад тотгорыг арилгалаа” хэмээн өнгөрсөн баасан гарагт “Reuters” агентлагт уламжилсан аж.

Улсын дээд шүүх Пүрэв гарагт захирамж гарган тус корпорацийн өнгөрсөн онд ОХУ-ын Засгийн газраас 400 сая ам.доллараар худалдан авсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцааны эзэмшлийг эргүүлэн сэргээлээ. Шүүх нэмэлт тодруулгад хариу өгөөгүй байна.

“Монгол Зэс” корпораци нь Улаанбаатар хотноо арванхоёрдугаар сарын 4-5 өдрүүдэд Засгийн газрын төлөөллүүдтэй хоёр хоног хэлэлцсэний үр дүнд ямар нэг шийдэлд хүрээгүй тул “Омниа Стратеги” хуулийн байгууллагаар ахлуулсан олон улсын хуульчдын  баг бүрдүүлэн нөхөн төлбөр гаргуулахаар ажиллаж буйгаа Лондонд гаргасан мэдэгдэлдээ дурджээ.

Тус үйлдвэрийн үлдсэн 51 хувийг эзэмшигч Засгийн газрын төлөөллүүдээс уг асуудлаар нэмэлт тодруулга авах гэсэн боловч шууд хариулт өгөх боломжгүй гэсэн байр суурьтай байна. УИХ тус үйлдвэрийн 49 хувийг улсын мэдэлд авах тухай шийдвэр гаргаснаас хойш “Монгол Зэс” корпораци энэ оны хоёрдугаар сараас эхлэн хуулийн байгууллагаар явж байгаа юм байна.

ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ “МОНГОЛ ЗЭС”-ИЙНХ ГЭДГИЙГ ЗӨВШӨӨРЧЭЭ

Монгол Улсын дээд шүүх нь доод шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж жилд 530 мянган тонн зэс үйлдвэрлэдэг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн эзэмшлийг “Монгол зэс” корпорацийн мэдлийнх болохыг хүлээн зөвшөөрчээ. Түүгээр ч зогсохгүй шүүх тус корпорацийн ТУЗ-ийн гишүүдийг татан буулгах тухай өмнө гаргасан шийдвэрийг хүчингүй болгосон бөгөөд Ц.Пүрэвтүвшин захирлын хэлсэнчлэн тэдний төлөөлөл болсон ТУЗ-ийн гишүүд байр сууриа хадгалан үлдлээ.

Тэрээр “Дээд шүүх албан мэдэгдлийг бичгээр хүргүүлсний дараа буюу багцаагаар хоёр долоо хоногийн дараа эзэмшлийн эрхийг албан ёсоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас “Монгол зэс” корпорацид шилжүүлнэ” гэв. Түүнчлэн салбарын эх сурвалжийн /нэрээ нууцлахыг хүссэн/ хэлж байгаагаар энэ хэрэг нь хуулийн байгууллагын төрөөс тусгаар байдлыг батлан харуулсан хэдий ч өргөн хүрээтэй үр дагавраас хэт болгоомжилж байгааг харууллаа гэсэн юм.

Харин Шүүхийн шийдвэр нь гацаанд ороод буй Эрдэнэт үйлдвэр болон Чилийн “Codelco” компаниудын дунд яригдаж байгаа хамтын ажиллагааг урагшлуулахад хэрхэн нөлөөлөхийг хэлэхэд эрт байгаа юм.

“Codelco” МОНГОЛ УЛСАД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ МАГАДГҮЙ

Эрдэнэт үйлдвэр нь 1978 оноос хойш үйлдвэрлэл явуулж байгаа бөгөөд байгалийн баялгийн орлогоос хэт хараат, мөн тусламж авах зорилгоор ОУВС-ын шаардлагуудыг биелүүлэхээр зорьж яваа улсынхаа хамгийн том татвар төлөгчдийн нэг юм.

Монгол Улс томоохон зэсийн ордтой учраас “Оюутолгой” төслийг удирдагч “Рио Тинто” зэрэг олон улсын уурхайчдын анхаарлыг татаад байгаа билээ. Дэлхийн хамгийн том зэс олборлогч улс болох Чили олон жил зэс олборлосны улмаас чанар нь муудаж байгаатай холбогдуулан “Codelco” Монгол Улсад хөрөнгө оруулахаар зэхэж байгаагаа дуулгаж байгаа юм.

Зураг