Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

“Петровис”-группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэлийн ярилцлагаас онцлох эшлэлүүд

ikon.mn
2017 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

“Петровис” группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэлийн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

  • Манай улс зах зээлийн нийгэмд ороод 27 жил болж байгаа ч гэлээ зах зээлийн мөн чанараа бүрэн ойлгож чадаагүйтэй  холбоотой л асуудлууд гарч байна. 
  • Том хөрөнгө оруулалт хийх мөнгийг гадаадын зах зээл дээрээс босгохын тулд офшор гэгддэг татварын тааламжтай бүсэд компани байгуулах хэрэгтэй болдог. Түүнээс биш гадагшаа хөрөнгө гаргаагүй. 
  • Өнөөдөр компаниудын бизнес өргөжин тэлэхийн хэрээр бүх зүйлийг хуулийн дагуу хийдэг болсон. Компанийн нэр хүнд гэдэг мөнгөнөөс илүү үнэ цэнтэй болсон. Тийм ч байх ёстой. 
  • Нийгэмд болж буй үйл явдлуудыг хараад байхад хэдэн улстөрчдөө л тойрч хэрэлдээд байх юм. Тэрэнд нь болж бүтэж байгаа зүйл нэг ч байхгүй мэт. Гэтэл шинэ залуу үе өөр болсон байна. Нийгэмд өрнөж буй хэрүүлийг тоох ч үгүй байна. Тэдэнд юу хэрэгтэй вэ гэвэл гарааны бизнесээ эхлүүлье, ямар бизнес эрхэлбэл тохиромжтой вэ, хөрөнгө оруулалт яаж татдаг вэ зэрэг л чухал болчихож. 
  • Ер нь тэгээд төрийнхөө төлөө зүтгэж байгаа хүмүүст заавал хар толбо байх ёстой гээд харлуулах гээд улайраад байх ямар шаардлагатай юм. Одоо энэ Монголд чинь хар толбогүй хүн үлдэж байгаа юм уу, мэдэхгүй. 
  • Өнгөрсөн онд манай групп нийт 175 орчим тэрбум төгрөгийн татвар төлсөн энэ онд гуравдугаар улирлын байдлаар 104 тэрбум төгрөг төлжээ. Харьцуулахад ирэх онд хүүхдийн мөнгөнд 164 тэрбум төгрөг зарцуулах төсөв батлагдсан байна билээ. Тэгэхээр Монгол Улсын хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг өгөх хэмжээний мөнгийг татварт төлж байна гэсэн үг.
  • 2004 онд “Петро Матад” компанийг байгуулан, 2006 онд Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж улмаар Лондонгийн хөрөнгийн биржид хувьцааг нь гаргасан. Ингэхийн тулд өнөөх л офшор гэх бүсэд бүртгүүлж нийт 84 сая ам.долларын хөрөнгө босгож Монголдоо оруулжээ. 
  • “Петро Матад” 153 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг газрын тосны хайгуулд зарцуулаад байгаа ч одоогоор олборлолт  хийж ашиг олох бүү хэл олборлож болохуйц нөөц илрүүллээ гэж хэлэхэд эрт байна. Ямар ч орлогогүй мөртлөө татвар, төлбөр, хураамжаар нийт 14.7 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байгаа. Хайгуул хийхэд улсаас нэг ч төгрөг зарцуулахгүй. Хэрэв нефтээ олчихвол Засгийн газар бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 60 хувийг авна.
  • Миний офшор данс гэдгээр шалтаглаж манай компаниас бензин авахгүй байхыг уриалсан мэдээллийг манай нэг өрсөлдөгчийн зүгээс эхэлж гаргасан. 
  • Л.Мөнхбаясгалангийн нэвтрүүлгийг би улс төрийн л явуулга байна даа гэж харсан. 
  • “Panama papers-т дурдагсан “Мүүн энд ланд” нэртэй компанийг би Ч.Даваанямтай хамтарч байгуулж байсан юм. Гэхдээ тэр компаниар ямар ч үйл ажиллагаа явуулалгүй, ямар ч санхүүгийн гүйлгээ хийлгүй байж байгаад 2014 онд буцаагаад хаачихсан.
  • “Бату майнинг”-ийн хувьцаанаас би 10 мянган ам.долларт худалдаж авч байсан. “Бату майнинг” бол Монголд бүртгэлтэй, хэд хэдэн лиценз эзэмшдэг компани байсан. Харин толгой компани нь офшорт байсан юм билээ. Бид тэдний хувьцааг худалдаж аваад удалгүй буцаагаад зарчихсан. 
  • “Энержи ресурс”-ийг хөрөнгийн бирж дээр хувьцаагаа зарахаас өмнө буюу төслөө танилцуулах гээд явж байх үед нь хөрөнгө оруулалт хийж хувьцааг нь худалдаж авсан. Улмаар улсын төсвөөр хайгуул хийсний төлбөрийг нь төлсөн. “Энержи ресурс” хувьцаагаа Хонконгийн хөрөнгийн бирж дээр гаргасны дараа сайн боловсруулсан, ач холбогдолтой төсөл учир хөрөнгө оруулагчид итгэж хувьцааны үнэ өсөж эхэлсэн. Тэр үед манай компани эзэмшиж байсан хувьцаагаа зарсан. Авсан хувьцаагаа зарах нь хууль бус үйлдэл биш жирийн л нэг бизнесийн ажиллагаа шүү дээ. 
  • Одоо биднийг хувьцаагаа өндөр үнээр зараад баяжсан л гээд байна. Гэтэл хувьцаанд хөрөнгө оруулалт хийгээд алдах, олох бол энгийн ажил биз дээ. Нөгөө талд бид газрын тосны хайгуул дээр бид 85 гаруй сая ам.доллар оруулж ирээд ямар ч ашиггүй сууж байна. Үүнийг яагаад хэн ч ярихгүй байна вэ. 
  • Би бол нийтийн албан тушаалтан эсвэл улс төрч биш учир одоо ч офшорыг хориглосон хуульд хамаарахгүй. Дахин хэлэхэд манай офшорт байгуулсан компаниудаар дамжиж Монголд хөрөнгө оруулалт л орж ирж байснаас гарч байгаагүй. 
  • Улс төрчид газар доорх баялаг бол ард түмний өмч байх ёстой гэж амны уншлага болтлоо ярьж байна. Иргэдэд өгсөн 1,072 ширхэг хувьцаа хаачсан юм бэ. Тэр хувьцааг нь яагаад хөрөнгийн бирж дээр бүртгэхгүй байна вэ. Хөрөнгийн зах зээл хөгжиж байж ард түмэн баялгынхаа үр шимээс хүртэх боломж нээгдэх юм бишүү. 
  • Ардчилал гэдэг бол хуулийн дор амьдарч, хуулиа дагахыг хэлэх байх. Хууль зөрчөөгүй байхад шүүх, прокурор шиг телевизийн дэлгэцийг ашиглаад хүнийг яллах нь зөв юм уу, шударга юм уу. 
  • Ч.Давааням бол манай компанийн хувьцаа эзэмшигч. С.Баяртай холбоод байхаар нь мөнгөө оруулж ирсэн юм шиг байна лээ. Түүнээс биш энэ хүн офшорын эсрэг хуультай холбогдох ч хүн биш. 
  • Хүн үнэнээ хэлэхээр нийгэм итгэдэггүй юм байна. Худлаа зүйлээр сенсааци дэгдээвэл таалагддаг бололтой. Хоёр өөр зүйлийг хооронд нь хольж хутгаад ойлголтгүй хүмүүсийг бужигнуулаад байх хэрэггүй. Санхүүгийн зах зээлийн тухай зөв ойлголтыг олон нийтэд өгөх талар манай бизнесийнхэн ч санаачлагатай ажилламаар юм байна.  
  • Өнөөдөр бүх улстөрч хулгайч болчихлоо. Бизнес эрхлэгчдээ луйварчин гэж байна. Үлгэр дууриал авах нэг ч хүнгүй болголоо. 
  • Би залуу үеээ хараад манай нийгэм бүхэлдээ ийм бүрхэг биш юм байна гэж ойлгосон. Монголын ирээдүй гэрэлтэй сайхан байна гэдэгт итгэж байгаа.  

 

Эх сурвалж: С.Алтанцэцэг /Өдрийн сонин/

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.