Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Нямдорж: Бөхчүүд сагс сайн тоглодог

Д.Энхтүвшин
2017 оны 12 сарын 8
MorninigNews.mn
Зураг зураг

Сагсан бөмбөгийн “Мөнгөн цагираг" клубээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөхчүүдийн дундах сагсан бөмбөгийн аварга баг шалгаруулах ээлжит тэмцээн ирэх долоо хоногт болно. Сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуучуудын сонирхлыг багагүй татдаг энэхүү тэмцээнд монголын үндэсний бөхчүүд, чөлөөт болон жүдогийн тамирчид нэгэн талбайд ур чадвараа сорьдог бөгөөд жилээс жилд хүрээгээ тэлж оролцох багуудын тоо, чанар нэмэгдсээр байгаа юм. Багагүй сонирхолтой, бас хөгжөөнтэй болж өнгөрдөг энэ тэмцээний талаар “Мөнгөн цагираг” клубийн тэргүүн Г.Нямдоржтой уулзаж дараах тодруулгыг авсан юм.

-Сагсан бөмбөгийн “Мөнгөн цагираг” клубийн зүгээс жил бүр зохион байгуулдаг бөхчүүдийн дундах сагсан бөмбөгийн тэмцээн энэ жил хэд дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Тэмцээний талаар товчхон танилцуулахгүй юу?

-Манай клубийн зүгээс анх 2003 онд бөхчүүдийн дунд сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулснаар энэ тэмцээнийг эхлүүлж байсан. Яах вэ дундаа хөрөнгө санхүүгийн болон бусад янз бүрийн шалтгааны улмаас зарим жил зохион байгуулагдахгүй байсаар энэ жил 10 дахь удаагаа явуулах гээд бэлтгэлээ базаагаад дуусаж байна. Энэ удаагийн тэмцээний гол онцлог нь ард түмнээ баясуулж байдаг бүх бөхчүүдээ хамруулахын тулд шатар, теннис, дардас гэсэн төрлийг нэмсэн байгаа.

Яагаад эдгээр төрлийг нэмэв гэвэл сагсан бөмбөг сайн тоглож чаддаггүй, жин ихтэй бөхчүүддээ оюуны болон харааны мэдрэмж шаардсан дээрх төрлүүдэд өрсөлдөх боломж гаргаж өгч байгаа хэрэг юм. Ялангуяа шатрын төрөлд манай ахмад бөхчүүд нэлээн өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцохоор мэдүүлгүүдээ өгч байна. Шатрын төрөлд нэг багаас хоёроос гурван бөх оролцох болохоор нэлээн ч өрсөлдөөнтэй болох байх. Харин дартсын төрөлд нас харгалзахгүй оролцох боломжтой учир олон бөх оролцох болов уу.

-Энэ жилийн бөхчүүдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн нэрээсээ эхлээд багагүй шинэчлэгдэж байгаа бололтой юм?

-Тийм шүү. Бид энэ удаагийнхаа тэмцээнийг “Бөхчүүдийн спортын наадам” нэртэйгээр зохион байгуулж байгаа. Ихэнх аймаг, дэвжээний бөхчүүд оролцдог болохоор нэр нь ч өргөн утгыг хамрах ёстой гэж үзсэн юм. Тэгээд жилээс жинд бөхчүүдийн маань сагсан бөмбөгийн ур чадвар нэмэгдэж өрсөлдөөн ч чангарч байгааг манай үзэгчид надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.

-Энэ удаагийн тэмцээнд хэдэн багийн аль хэр олон бөх оролцох бол?

-Урьд өмнөх туршлагаасаа харвал 21 аймгийн бараг л бүх дэвжээнээс өрсөлдөен ч тун ширүүн болсныг үзэгчид санаж байгаа байх.

-Сүмогийн бөхчүүд сагсан бөмбөгөөр өрсөлдөж байсан. Тэр тэмцээн нь танайхаас тусдаа юм уу?

-Сүмочид сагсан бөмбөгөөр өрсөлдсөн тэр тэмцээн бол “Их Монголын алтан одод" гээд тусдаа тэмцээн зохион байгуулагдаж байсан юм. Харин биднийх бол зөвхөн үндэсний бөхийн дэвжээнүүдийн дунд зохион байгуулагддагаараа онцлогтой.

-Тэмцээний тухайд?

-Манай тэмцээнийг “Спортыг дэмжигч шилдэг байгууллага” өргөмжлөлт “Спирт бал бурам” ХХК, “М-Си-Эс-Кока Кола” ХХК-нууд ивээн тэтгэсээр ирсэн. Тухайн үедээ түрүүлсэн баг 5 сая, хоёрдугаар байр эзэлсэнд нь 3 сая гэхчлэн нийтдээ 10 сая төгрөгийн шагналын сантай буюу сагсан бөмбөгийн хамгийн өндөр шагналтай тэмцээн зохион байгуулж байсан түүхтэй.

Ямар ч гэсэн манай уламжлалт тэмцээнд одоогийн улсын харцага Т.Өсөх-Ирээдүй ахлагчтай Сэлэнгэ аймгийн баг түрүүлж залуу бөхчүүдийн “Найзууд” баг мөнгөн медаль хүртэхэд Орхон аймгийн “Хангарьд” спорт хорооны баг хүрэл медаль хүртэж байсан нэг удаагийн тэмцээнийг сайн санаж байна. Тухайн үед ивээн тэтгэгчээр үндэсний тэргүүлэгч “Скайтел” компани ажиллаж байсан.

-Анх бөхчүүд сагс тоглоно гэхэд олон хүн эргэлзэж байсан байх даа?

-Магадгүй л юм. Гэхдээ манай бөхчүүдийн дунд бүр сагсан бөмбөгийн лигт тоглож байсан улсын арслан Д.Ганхуяг гээд сайн сагсчид олон бий л дээ. Ер нь байнгын бэлтгэлтэй байдаг болохоор бөхчүүд сагс их сайн тоглодог юм шүү дээ.

-Танай “Мөнгөн цагираг” клубийн зүгээс бөхчүүдээс гадна хуучнаар ЗХУ болон одоогийн ОХУ-д сургууль төгсөгчдийн дунд мөн сэтгүүлчдийн дунд ч сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж байсан байх аа?

-Тийм ээ. Анх 2009 оны намар ЗСБНХУ, ОХУ-д сургууль төгсөгчдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа зохион байгуулж байсан. Дээрх арга хэмжээ нь ЗСБНХУ, ОХУ-д сургууль төгсөгчдийг уулзуулах, нөхөрлөлийг бэхжүүлэх зорилготой бөгөөд жил бүр уламжлал болгон зохион явуулахаар төлөвлөж байсан ч мөнөөхөн хөрөнгө санхүүгийн асуудлаас болоод бас жаахан саатал гарсан явдал бий. Харин сэтгүүлчдийн дунд зохион байгуулдаг тэмцээнийг бүр 2000 оноос эхэлсэн түүхтэй. Жил бүрийн нэгдүгээр сард уламжлал болгон зохион байгуулсаар л байгаа.

-За удахгүй болох тэмцээнд чинь амжилт хүсье?

-Баярлалаа. Манай тэмцээнийг ирж үзээрэй.

Зураг