Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Монголоос хулгайгаар гаргасан “газар, уснаа явагч” үлэг гүрвэлийг шинэ төрөл зүйл гэж дүгнэжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Монголоос хууль бус аргаар хил давуулсан олдворыг үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл болохыг эрдэмтэд тогтоожээ.

71-75 сая жилийн өмнө амьдарч байсан энэхүү амьтан нь хун шиг хүзүүтэй, хурц хумс бүхий савартай, нугасных шиг хошуутай, газар ба усанд зэрэг явах чадвартай этгээд сонин гүрвэл байсан гэнэ.

Судалгаанд оролцсон Европын Синхротрон Радиацийн хүрээлэнгийн палеонтологич Винсент Фернандес энэ амьтны талаар “Гол нь маш этгээд сонин хэлбэртэй. Өнөөг хүртэл бид ийм үлэг гүрвэлийг огт харж байгаагүй” хэмээн ярьжээ.

Уг үлэг гүрвэлийг Монголын говиос, тодруулбал үлэг гүрвэлийн олдвороор баян Ухаа Толгод хэмээх газраас малтаж гаргасан гэж тэд үзэж байгаа гэнэ.

Анх хууль бусаар хил давснаасаа хойш хэдэн жилийн турш хувь хүний цуглуулганд байсан бололтой. Харин сүүлд олдворыг эзэмшиж байсан цуглуулагч Франсуа Эскуйллегийн тусламжтайгаар эрдэмтдийн гарт орж, удахгүй эх орондоо буцахаар болсон юм байна.

Олдвор нь чулуунд бэхлэгдэж, салахад хэцүү болсон байгаа ч орчин үеийн радиацийн синхотрон арга технологиор нэвт харж, бүтцийг нь бүрэн тодорхойлж болж байгаа гэнэ.

Энэхүү ховор сонин амьтны нээлтийн талаар Nature сэтгүүлд өчигдөр нийтэлсэн юм. Өмнө нь ийм хэлбэрийн үлэг гүрвэлийн үлдэгдэл олдож байсан ч анх удаа жинхэнэ утгаараа газар, уснаа явагч амьтан илрүүлсэн нь энэ юм байна.

Палеонтологич агсан Халска Осмолскагийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, мөн сүүлд эзэмшиж байсан цуглуулагч Эскуйллегийн нэрийг оролцуулан энэхүү шинэ үлэг гүрвэлд Halszkaraptor Escuilliei гэсэн нэрийг өгч байгаа гэнэ.

Хэдийгээр шувуу шиг хэлбэртэй ч матар шиг хурц шүдтэй, нисэж чаддаггүй уг амьтныг усанд амьдрах чадвартай байсан гэдэгт зарим эрдэмтэд эргэлзэж байгаагаа илэрхийлж, цаашид дэлгэрүүлэн судлах хэрэгтэй гэжээ.

Эх сурвалж: The Guardian