Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Бээжингийн тэвчээр барагдаж, Венесуэлийн газрын тосны компанийг шүүхэд өгчээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Хятадын томоохон төрийн өмчит компани болох Синопек авсан бүтээгдэхүүнийхээ төлбөрийг төлөлгүй удаасан Венесуэлийн газрын тосны компанийг АНУ-ын шүүхэд өгсөн байна.

Социалист чиг баримжаатай Венесуэлийг Хятад улс үргэлж дэмжиж ирсэн боловч энэ удаагийн хэрэг Бээжингийн тэвчээр барагдаж байгаагийн шинж гэж ажиглагчид дүгнэжээ.

Өнгөрсөн сарын 27-нд АНУ-ын Хьюстон дах холбооны шүүхэд гаргасан гомдолд Венесуэлийн төрийн өмчит газрын тосны PDVSA компани 45,000 тонн арматур төмрийн төлбөр болох $23 саяыг төлөөгүй гэсэн байна.

2013 онд Синопек дээрх бүтээгдэхүүнийг нийлүүлж байжээ.

Синопек шүүх дээр хэлэхдээ энэ бол амлалтаа биелүүлээгүй энгийн асуудал биш бөгөөд Венесуэлийн талыг санаатайгаар төлбөрөөс зугтаж байгаа гэж мэдүүлсэн байна.

Хятад улс Венесуэлийн хамгийн том зээл олгогч бөгөөд 2007-2016 оны хооронд зээл, хөрөнгө оруулалт гээд нийтдээ $65 тэрбумыг Өмнөд Америкийн түншдээ цутгасан юм.

Гэвч Мадурогийн засгийн газар эдийн засгаа сэргээж чадалгүй улам бүр дордуулсан тул Хятадын найдлага тасарч эхэлсэн байна.

Энэ явдал цаашдаа Хятад-Венесуэлийн харилцаа муудахын шинж гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Венесуэлийн гол түншүүдэд тооцогддог Хятад, Оросын компаниуд ихээхэн авлагатай болоод байгаа.

Тухайлбал Оросын төрийн өмчит ачаа тээврийн Совкомфлот компани өнгөрсөн жил мөн PDVSA компаниас $30 саяын авлагаа нэхэж шүүхдэж байсан юм.

Сүүлийн үед Каракаст амьдарч ажилладаг Хятадын компаниудын төлөөлөгчдийг хулгайлах, барьцаалах явдал нэмэгдсэн тул тэдний зарим нь хөрш Колумби улс руу шилжээд байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

 

Эх сурвалж: Associated Press