Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Японоос авч байгаа $850 саяын зээлийг ТӨСВИЙН ЗАРДЛЫГ САНХҮҮЖҮҮЛЭХЭД зарцуулна"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа. 

Үргэлжлүүлэн Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банк үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай хэлэлцээр болон Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банкны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, 65.2 хувийн саналаар баталсан юм. 

Монгол Улсын Засгийн газар, Япон улсын Засгийн газар хооронд байгуулсан төсөв, нийгэм болон эдийн засгийн санхүүжилтийн хэлэлцээрийг хэлэлцэж баталъя гэсэн томъёоллоор санал хураат явуулахад гишүүдийн 77.3 хувь нь дэмжлээ. 

Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

Зээл гэдэг аймшигтай зүйл биш

 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав "Япон улсын Засгийн газраас 20 жилийн хугацаатай 0.8 хувийн хүүтэй 850 сая ам.долларын зээл авч байгаа. Энэ зээл эдийн засаг хүндрэлтэй үед чухал хувь нэмрээ оруулна. Зээл хөрөнгө оруулалтын тусламжтайгаар асуудлууд шийдэгдэж байна. Зээл гэдэг аймшигтай зүйл биш.

Сүүлийн 25 жил манай улс зээл хөрөнгө оруулалтын хүчээр хөгжиж байгаа. Харин зээлийг тодорхой зорилго, төлөвлөгөөний дагуу авах хэрэгтэй. Сүүлдээ ард түмэн зээлээс жигшдэг болно.

Зээл олгодог банкууд олноор бий болох нь зөв. 850 сая ам.долларын зээлийг ямар төслүүдэд зарцуулах талаар тайлбар авмаар байна" гэв. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Япон улсын Засгийн газраас авч байгаа 850 сая ам.долларын зээлийг төсвийн зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна. 

Төсвийн зардлыг дотоодын арилжааны банкуудаас 14-18 хувийн хүүтэй зээл авч санхүүжүүлж ирсэн. Арилжааны банкуудаас улс зээл авахаа больсноор иргэдэд үйлчлэх боломж бүрдэнэ. Ингээд үзэхээр маш хэрэгтэй зээл. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хүү багатай зээл авах боломж бүрдсэн" гэлээ.