Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Францын ЭНЖИ группээс МУИС-ийн Сэргээгдэх эрчим хүчний ЛАБОРАТОРИЙГ ТОХИЖУУЛЛАА

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Их Сургуульд Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр суралцаж буй оюутнуудын лабораторийг Францын ЭНЖИ /ENGIE/ группийн Монгол дахь төлөөлөгчийн газраас тохижуулжээ. Лабораторийн нээлтийн ажиллагаа өнөөдөр МУИС-ийн номын санд зохион байгуулагдлаа.

Дэлхийн 70 оронд салбартай, 160 мянган ажилтантай, эрчим хүчний тэргүүлэх компаниудын нэг болох ЭНЖИ групп Монголд үйл ажиллагаа явуулаад 6 жил болж байгаа юм.

Тэд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эрчим хүчний чиглэлээр суралцаж буй оюутнуудын сурах орчинг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд судалгаа шинжилгээ явуулахад түлхэц болох 6 нэр төрлийн багаж төхөөрөмж, програм хангамж бүхий 25 сая төгрөгийн үнэ бүхий буцалтгүй тусламж өглөө.
"Бид инноваци болон судалгаанд маш их ач холбогдол өгдөг"
 

Хандивын ач холбогдлын талаар ЭНЖИ группийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Гүйцэтгэх захирал Бөнуа Рибесс “Дэлхий нийт уламжлалт нүүрсхүчлийн хий ялгаруулдаг эрчим хүчний үйлдвэрлэлээс байгальд ээлтэй сэргээгдэх эрчим хүч рүү шилжиж байна. Манай групп ч энэ чиглэлд тэргүүлдэг бөгөөд инноваци болон судалгаанд маш их ач холбогдол өгдөг.

Монголд бид хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр судалж байгаа. Одоогоор Сайншанд дахь 55 мВт хүчин чадалтай салхин цахилгаан станцд хөрөнгө оруулсан бөгөөд барилга угсралтын ажил амжилттай үргэлжилж байна. Бидний хэрэгжүүлж буй төслүүд дээр ажиллах олон улсын хэмжээнд бэлтгэгдсэн, чадварлаг боловсон хүчин чухал байдаг. Тиймээс Монголын онцлог, нөхцөл байдлыг мэддэг, судалдаг энэхүү лабораторитай хамтран ажиллах нь чухал юм.

Оюутнууд эдгээр төхөөрөмжийг ашигласнаар сэргээгдэх эрчим хүчний олон төрлийн систем буюу нарны фотоцахилгаан болон нарны дулаан, салхи, түлшний элемент ба уламжлалт эрчим хүчний систем гэх мэт болон тэдгээрийн хосолсон системийг загварчлах ур чадваруудыг эзэмшинэ” гэв.

"Гэр хорооллын айл өрхүүдээр зочилж дулаан алдагдлыг нь үнэгүй хэмжинэ"
 

МУИС-ийн дэд профессор, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш А.Амарбаяр “ЭНЖИ группийн тусламжтайгаар бид энэ өвөл оюутнуудтайгаа хамтран агаарын бохирдлыг бууруулах хүрээнд гэр хорооллын айл өрхүүдээр зочилж дулаан алдагдлыг нь үнэгүй хэмжин, алдагдлыг бууруулах талаар зөвлөгөө өгөх, дулааны эх үүсвэрийн зохистой хэрэглээний талаар мэдлэг олгох ажлуудыг зохион байгуулах боломжтой болж байна.

Сэргээгдэх эрчим хүч Монголд маш сайн нэвтэрч байна. Тухайлбал Дархан-Уул аймагт 10 мВт хүчин чадалтай нарны станц баригдсан, 61-ийн гарам дээр 13 мВт хүчин чадалтай нарны станц саяхан нээгдлээ. Энэ мэт мега төслүүд хөгжиж байгаа нь сайн хэрэг. Бид шинэ, бие даасан үүсгүүртэй болж байна. Хатуу ширүүн уур амьсгалтай манай улс эрчим хүчний асуудлаа бие даан шийдвэрлэдэг болох нь чухал юм. Тиймээс бид оюутнуудаараа дамжуулан сэргээгдэх эрчим хүчний судалгаа хийх, мэдээлэл түгээх, мэдлэгийг дэлгэрүүлэх ажлууд хийж байна” гэв.

"МУИС-д Сэргээгдэх эрчим хүчний клуб байгуулахыг зорьж байна"
 

МУИС-ийн Сэргээгдэх эрчим хүчний IV курсийн оюутан М.БадамхатанМУИС дээр бид Сэргээгдэх эрчим хүчний клуб байгуулахыг зорьж байна. ЭНЖИ группийн хандивласан тоног төхөөрөмж энэ клубын үйл ажиллагааг цаашид амжилттай явуулахад чухал хэрэгтэй. Клуб байгуулснаар оюутнууд хамтран ажиллах, шинэ санаагаа хуваалцах, бие биенээ дэмжих орчин бүрдэх юм.

Лабораторид буй шинэ тоног төхөөрөмжүүдээр дулааны хэмжилтээ илүү нарийвчлалтай хийх боломжтой болж байна. Ингэснээр цаашдын судалгаа, шинжилгээний ажил чанаржиж, асуудлыг оновчтой шийдвэрлэж чадна.

Энэхүү лабораторид эрчим хүчний чиглэлээр суралцаж буй 100 гаруй оюутнууд сууж, судалгаа хийх боломжтой” гэв.

Үйл ажиллагааны дараа МУИС-ийн багш нар ЭНЖИ группийн төлөөлөлд талархлын бичиг гардуулж, цаашид хамтран ажиллахдаа баяртай байх болно гэдгээ мэдэгдсэн юм.