Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: Төв банкны ажил инфляцийг бага байлгах

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Б.Жавхлантай Төв банкны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаатай холбогдуулж тодруулга авч ярилцлаа. 

-Монголбанк бие даасан байдлаа нэмэгдүүлэх, төв банкны ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, төв банкны шийдвэрийг хамтын шийдвэр байх зарчимтай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байгаа. Тэгэхээр төв банкны хараат бус байдлыг нэмэгдүүлэх тал дээр та Монголбанккны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд ямар байр суурьтай байдаг вэ? 

-Төв банкны бие даасан байдлыг ганц ерөнхийлөгчийн шийдвэр гаргах түвшинд ойлгож болохгүй. Манай нэг гаж тогтолцоо бол УИХ, төв банк хоорондын харилцаа. Ерөөсөө төв банкны ерөнхийлөгчийг улстөрчид дуудаж авчраад, ханш өндөр байна, тэд болго гэж загнаад л, валютын нөөцийг нь гаргаж ирээд гөвчихдөг. Одоо жишээ нь зээлийн хүүг тогтооно гээд л. Энэ бол миний зүгээс харахад зүгээр л хийрхсэн улс төр байхгүй юу. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг төв банкаар тогтоолгоно гээд л.

Үндсэндээ бид 20 гаруй жил зах зээлийн нийгмээр явж ирснээсээ буцаж байна гэсэн үг шүү дээ. Олон нийтийн зээлийн хүү бага байх ёстой гэсэн мөнхийн хүлээлт дээр нь хийрхсэн улс төр явах гэж байна. Энэ маш аюултай. Бие даасан, хараат бус байлгана гэдгийн гол агуулга нь тэр л юм. Өөрөөр хэлбэл, улс төрөөс ангид байлгах. Улстөрчдийн оролцоогүй болгох. Бүр ялангуяа мөнгөний бодлогын хэрэгслийнх нь түвшинд оролцох гээд байдаг, энэ байдлыг л хааж өгөх хэрэгтэй. Тэгэхийн тулд төв банкны ерөнхийлөгчийн шийдвэр өөрөө амь бөхтэй байх ёстой.

Нэгэнт тэр хүнийг ерөнхийлөгч гээд томилсон учраас шийдвэрээ гаргана. Шийдвэр нь хүчтэй байх ёстой. Төв банкны шийдвэрийг коллегийн зарчмаар гаргадаг болно гэж байна. Энэ бол сайн туршлага мөн. Гэхдээ хамгийн сайн туршлага бас биш. Америкт бол мөнгөний бодлогын зөвлөл дэх гишүүд нь бараг бүгд ижил, тэгш эрхтэйгээр хуралдаа оролцож, шийдвэрээ гаргадаг. Манайх тэрнээс юугаараа өөр вэ гэхээр, улс төрийн соёлын түвшин. Төв банкны хуулийн өөрчлөлтөөр орж ирж байгаа нэг зүйл нь Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүдийг УИХ-аас томилно гэж байгаа. Хэрвээ Их хурлаас ямар нэгэн лобби ороод, тэнд ямар нэгэн өөр сонирхолтой, эдийн засгийн бүлэглэлүүдийн төлөөлөл ороод ирчихвэл, төв банкны бодлогын шийдвэрт сөргөөр нөлөөлөх аюултай.

Тэгэхээр өнөөгийн нөхцөлд Төв банкны ерөнхийлөгч дангаараа шийдвэр гаргах нь ч эрсдэлтэй, зөвлөлийн гишүүдийн саналаар шийддэг байх нь ч эрсдэлтэй. Гэхдээ бид мөнгөний бодлогын зөвлөлийн хурлаар, олонхиороо шийддэг зүйл рүү явах хэрэгтэй. Өнөөдрийн тухайд энэ өөрчлөлтийг хийгээд үзэх нь зөв л гэж хэлье. Туйлын зөв гэж хэлж чадахгүй байна. Цаг хугацаа харуулах байлгүй дээ. 

-2018 онд хэрэгжүүлэх мөнгөний бодлогын онцлог нь үнийн тогтвортой байдлыг зорино гэж байгаа. Хуулиндаа ч үүнийг тусгасан. Үүний нөгөө талд төв банк ханшийг орхиж байна гэх шүүмжлэл өрнөх хандлагатай байна. Энэ талаар та юу гэх вэ?  

-Олон нийт төгрөгийн худалдан авах чадвар гэхээр олон нийт шууд валютын ханштай холбоод байдаг. Төгрөгийн худалдан авах чадвар валютын ханш дээр ирэхээр муудаад байна гэдэг. Тэгэхээр энэ хоёрыг салгаж өгөх хэрэгтэй. Валютын ханш бол төлбөрийн баланстай холбоотой. Төлбөрийн баланс ямар байна, тэрний шууд тусгал нь валютын ханш. Гэтэл төгрөгийн худалдан авах чадвар гэдэг бол инфляци. Төв банкны ажил нь инфляцийг бага байлгах. Харин валютын ханшийн асуудал бол Засгийн газрын хийх ётсой ажил. Үүнийг л зааглаж өгч байгаа асуудал.

Төв банк идэвхтэй ажиллах гэж байна гэхээр олон нийт одоо ханш буурах юм байна гэж хардаг. Гэтэл төв банк төлбөрийн тэнцэл, гадаад худалдаанд нөлөөлж чадах институци биш шүү дээ. Үүнийг шийдэж чадах институци нь Засгийн газар. Засгийн  газар гадаад худалдаан дээр ямар бодлого явуулж, төлбөрийн тэнцлээ хэр ашигтай, эсвэл алдагдалтай байлгахаас хамаарч валютын ханш хөдөлнө. Энэ хоёр ойлголтыг салгаад өгчихвөл төв банкны бие даасан хараат бус байдалдаа ч сайнаар нөлөөлнө. Мөн төв банкны бодлогын үр дүн, хэрэгжилт илүү сайн болно. Үүнийг төв банк хариуцлагаас зугтааж байгаа асуудал гэж ойлгож болохгүй. 

-Эцэст нь асуухад 2018 оны мөнгөний бодлого хэр чамбай болсон гэж та харж байна вэ? 

-Зорилтын хувьд нэлээд чанга зорилт тавьсан шүү. Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад 2018 онд зорьсон мөнгөний бодлогынхоо орчинд байхад төв банкнаас нэлээд хүч чармайлт шаардана. Өнөөдөр Улаанбаатар хотын инфляци 8 хувиас давчихлаа. Улсын инфляци 6 гаруй болчихлоо. Ирэх 2018 оны төсөв тэлж байгаа. Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэнэ. Дээр нь банкны системийн бүтцийн өөрчлөлтийн асуудал яригдана. Энэ бүхэн манай макро параметрт нөлөөлнө. Энэ бүхэн дээр тохиргоо хийж, инфляцийн зорилтоо биелүүлэх гэж ажиллана. Төв банкны үнэт цаасны хүү 12 хувь дээр байна. Уг нь буулгамаар байдаг.

Гэтэл доороос нь инфляци шахаад ороод ирлээ. Инфляци яагаад өсөв гэдгийг задлаад харвал нэг жилийн өмнө гарсан валютын ханшийн шокийн нөлөө одоо л орж ирж байгаа байхгүй юу. 2017 оны эхээр валютын ханш 2,500 байхад инфляци яагаад өсөөгүй вэ гэхээр тэр үед эдийн засгийн идэвхжил байхгүй байсан учраас импорт дээр тэр ханш очоогүй байсан.

Одоо эдийн засгийн идэвхжил сэргээд, худалдан авалт сэргээд эхлэхээр импортын барааны үнэ ханшаар дамжаад өсөөд эхэлж байгаа. Энэ нөлөөлөл үргэлжилнэ. Тэгэхээр бид мөнгөний бодлогоо зөөлрүүлэх орон зай 2018 оны эхний улиралд харагдахгүй байна. Тэгэхээр төв банкны хувьд нэлээд сорилттой, шалгууртай жил байх болно.     

-Ярилцсанд баярлалаа.