Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

З.Энхболд: ОУВС-гийн зааж өгч байгаа бүхэн зөв биш

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 12 сарын 7
iKon.MN
 

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар:

  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл,
  •  Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл
  • 2018 оны Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт тавьсан Ерөнхийлөгчийн хориг
  • Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцэнэ. 

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж 84.6 хувийн саналаар баталлаа. Мөн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 87.2 хувийн саналаар дэмжиж баталсан юм. 

Үргэлжлүүлэн 2018 оны Улсын Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Уг хоригийг Хууль зүйн болон Төсвийн байнгын хорооны гишүүд дэмжээгүй юм. 

Хориг болон Байнгын хорооны дүгнэлттэй холбогдуулж УИХ-ын гишүүд үг хэллээ.

Алдагдалтай төсөв батлахгүй байж болдоггүй юм уу?

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "УИХ-ын гишүүний миний тойрогтоо зарцуулах гурван тэрбум төгрөг хаана байна вэ? 76 гишүүн бүгд Монгол Улсыг төлөөлж байгаа. Багийн Засаг даргад машин авна зэрэг замбараагүй зардал байгаа гэсэн. Энэ үнэн үү?

Ер нь алдагдалтай төсөв батлахгүй байж болдоггүй юм уу? Алдагдлыг нөхөх гэж төсөв батлаад хэрэггүй. Манайх 2 их наядыг хоосон үлдээчихээд байна. Зайлшгүй алдагдал юунд байсан юм бэ?" гэлээ. 

Сүүлийн 4, 5 жилийн бодлогын алдаанаас болоод төсвөө алдагдалтай баталж байна

 
Гэрэл зургийг mpa.mn

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Төсвийг алдагдалгүй болгочихвол өргүй байх боломж бүрдэнэ. Харамсалтай нь сүүлийн 4, 5 жилийн бодлогын алдаанаас болоод төсвөө алдагдалтай баталж байна. Төсвийн алдагдал 2015 онд ДНБ-ий 8.1, 2016 онд ДНБ-ий 17.5 хувьтай тэнцэхээр байна. Үүнээс үзэхээр олон жилийн турш төсөв алдагдалтай явчихсан учраас огцом буулгах боломжгүй.

Төсвийн зардал 9.6 их наяд байгаа. Гэхдээ бид боломжгүй гээд суугаагүй. Төр өөрийнхөө мөнгийг арилжааны банкуудад байршуулаад өндөр хүүгээр зээлж авдгийг бууруулсан. Төсвийн сахилга батыг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч байгаа. Нэн ялангуяа зээлийн хүүгийн зардлыг бууруулах чиглэлээр онцгойлон анхаарч байна " гэв. 

ОУВС-гийн зааж өгч байгаа бүхэн зөв биш

 
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд "Манай улс түүхэндээ анх удаа алдагдалгүй төсвийг 2007 онд батласан. Үүнээс өмнө дандаа алдагдалтай төсөв баталж ирсэн. Алдагдалгүй төсөв батлах боломж энэ жил бүрдэж байна.

Тийм ч учраас Ерөнхийлөгч Улсын төсөвт хориг тавьж байгаа. 2012-2016 оны төсвийн орлого зарлагыг нийцүүлж болно. Их үнийн дүнтэй улсын төсвөөс зайлшгүй хийх шаардлагагүй зүйлээ өөр аргаар санхүүжүүлэх хэрэгтэй. Ингээд ОУВС гэсэн зүйл рүү очиж байгаа юм. ОУВС-гийн зааж өгч байгаа бүхэн зөв биш" гэлээ.