Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

М.Болд: Мөнгөний үнэ цэнийг төр биш зах зээл тодорхойлно

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 12 сарын 11
Сурталчилгаа
Зураг зураг

ХасБанкны Гүйцэтгэх захирал Магваны Болдтой ярилцлаа.


- Төрөөс банкны хүүгийн дээд хэмжээг хуульчилна гэж байна. Энэ хэр оновчтой арга вэ. Банкны хүүг хуулиар хатуу зохицуулах боломжтой юу, ямар эрсдэлтэй вэ?

- Банкны хүүг хуулиар хатуу зохицуулах юм бол хөрөнгө мөнгөний архаг хомсдолтой манай эдийн засгийн хувьд үхлийн цохилт болно. Бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх тогтворгүй орчин улам гаарна. Монголд юу хэрэгтэй байна гэвэл тогтвортой байдал, тогтвортой хуулийн орчин хэрэгтэй байна. Бизнесийн орчныг байн, байн сэгсэрч савлуулах нь төлөвлөх боломжгүй болгож байна.

Асуудлын үр дагавартай биш учир шалтгаантай нь тэмцмээр байгаа юм. Өндөр хүү юмны учир шалтгаан биш үр дагавар шүү дээ. Төгрөгийн ханш, инфляцитай адил бидний аж ахуйгаа хэрхэн авч явж байгааг ил харуулдаг толины тусгал, халууны шил. Хүүг төрөөс хүчээр тогтоовол эдийн засгийн эрүүл мэнд ямар байгааг мэдэх боломжгүй, сохорсонтой, мэдрэх эрхтэн байхгүйтэй адил болно. Эдийн засгийн суурь хэмжүүрүүд болох төгрөгийн ханш, үнэ, хүүг хүчээр тогтоох гэж оролдох нь амьдралын хуулийг сөрөх гэж байгаа боломжгүй зүйл гэж ойлгож болно.

Санаанаасаа зохиосон хүүгээр өөрсдийгөө хуураад л, цаад талд нь нийгэм, эдийн засаг дотуураа идээлж мөхөж байгааг харахгүй сууж болохгүй ээ. Халуурсныхаа бурууг халууны шилнээс хайдаггүй биз дээ. Толинд муухай харагдаад байна, халуунтай байна гээд толь, халууны шилээ хагалах, эсвэл заалтуурыг нь хүчээр дарах гээд байгаатай адил зүйл. Учир шалтгаан нь мөнгө олдохгүй, эсвэл биднээс үргээд тогтохгүй байгаа тул Монголд мөнгө үнэтэй, хүү өндөр байна.

Хувь хүн, компанийн хөрөнгө олон хэлбэртэй. Тухайлбал, түрийвч дэх бэлэн мөнгө, банкин дахь хадгаламж, компанийн хувьцаа, бонд, приус машин, монгол гэр, зуны байр, орон сууц, оюуны өмч гэх мэт бий. Приусаар таксины үйлчилгээ үзүүлж, гэр, байраа түрээсэлж орлого олдог.

Хувь хүн, компаниуд бэлэн мөнгөө банкинд хадгаламж нэрээр зээлүүлж хүүгийн орлого олно. Эсвэл хувьцаа, бонд худалдан авч ашиг олдог. Банкууд хадгаламжаа бусдад зээлдүүлж хүүгээс нь мөн орлого үүсгэнэ. Хүүнд хязгаар тогтооно гэвэл хувийн өмчийн эд хөрөнгийн нэгэн хэлбэрт үнийн хатуу, зохиомол хязгаар тогтоож байгаатай адил юм. Ингэвэл дээрх хөрөнгийн олон төрөл өөр хоорондоо уян хатан чөлөөтэй шилжих хөдөлгөөнийг боомилж, зах зээлд гажуудал үүсгэж хөгжилд саад болно.  Гурилын үйлдвэрт үр тариа, махны үйлдвэрт малын мах, нэхмэлийн үйлдвэрт ноос ноолуур, нүүрс угаах үйлдвэрт түүхий нүүрс түүхий эд нь байдаг. Тэгвэл үр тариа, малын мах, ноос ноолуур, нүүрсний дээд үнэ гэж тогтоовол эдгээр түүхий эдийн нийлүүлэлт буурч үйлдвэрлэл буурна биз. Банкны зээлдэгчийн хувьд зээл бол бизнес хийх, амьдралаа залгуулах нэгэн түүхий эд. Зээлийн хүүг хүчээр буулгах гэж байгаа нь түүхий эдэд хүчээр үнэ тогтоохтой адил.  Үнэ тогтоовол зээлийн олдоц сайжрах биш улам хумигдана. Яагаад гэвэл зээлийн хүүг хүчээр буулгавал хадгаламжийн хүүг хүчээр буулгахад хүрнэ. Иймд төрөөс банкны хүүгийн дээд хязгаар тогтоох асуудлыг дэмжих ямар ч үндэслэл, боломж байхгүй. Ийм зүйл ярьж байна гэдэг нь өөрөө асар их цаг хугацааны гарз. Төр зээлийн өндөр хүүний суурь учир шалтгаантай л илүү сайн “ажиллах” хэрэгтэй байгаа юм. Мөнгөний үнэ цэнийг төр биш зах зээл тодорхойлно шүү дээ.

- Гадны өндөр хөгжилтэй орнуудын банкны зээлийн хүүтэй Монголыг харьцуулаад байна. Гадны орнуудад хүү яагаад бага байдаг вэ. Монголд хүү хэзээ бага болох боломжтой вэ?

- Засаглал, эдийн засгийн хөгжил, хууль эрх зүйн орчин тогтвортой, эдийн засгаа дан ганц салбараас хараат болгоогүй, макро эдийн засгийн менежмент нь нийгмийн дундаж давхаргаа дэмжихэд чиглэсэн тогтвортой бодлоготой, шүүхийн тогтолцоо хараат бус бөгөөд шуурхай, төр засаг, бизнес эрхлэгчид болон иргэд гэрээгээр хүлээсэн үүргээ үг дуугүй биелүүлдэг, бүх шатанд эмх цэгцтэй дэг журамтай, төв банк нь бие даасан хараат бус бодлоготой, санхүүгийн дэд бүтэц бүрэлдсэн, арилжааны банкны салбар нь харилцагчид ээлтэй, давхардсан үргүй зардлаа танаж чадсан учир хүү бага байдаг.

Тийм орчинд мөнгө тогтдог, үрждэг. Ийм орнуудад инфляци бага, ажил эрхлэлт сайн, үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжиж экспортын орлого, гадаадын хөрөнгө оруулалт өсч, бодит сектор өөрөө мөнгө олж ирнэ, улмаар банкны хүү буурна. Хүү өндөр байгаа явдал нь бид дээрх гэрийн даалгавраа хийхгүй дандаа муу дүн авдаг гэсэн үг. 

- Тэгвэл банкны хүү өндөр байгаа хамгийн гол шалтгаан юу юм. Юуг өөрчилж, ямар түвшинд хүрч байж манай арилжааны банкуудын хүү буурах боломжтой юм бэ?

- Банкны хадгаламж, зээлийн хүү бол ямар нэг бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэтэй ижил. Монголын 14 банкны дундаж үзүүлэлтийг эхлээд ярья. Банкууд харилцах дансанд гурван хувь, хугацаатай хадгаламжид 13 хувь, дунджаар 12 хувийн хүүг иргэд, аж ахуйн нэгжүүдэд төлж байна. Банк үүн дээр зардал, эрсдэл, ашгаа тооцоод зээл олгодог. Одоо бүх банкуудын зээлийн дундаж хүү жилийн 19.5 хувь байгаа. Яг 10 жилийн өмнө дотоодын нийт бүтээгдэхүүн дөрвөн их наяд төгрөг буюу одоогийнхоос зургаа дахин жижиг, зээлийн хүү 28 хувь байсан. Мөнгөний нийлүүлэлт өсч, эдийн засаг тэлж, хувийн хэвшил хөгжиж, иргэдийн орлого, хуримтлал нэмэгдэхийн хэрээр л зээлийн хүү буурах зүй тогтолтой. Цаашид хүү буурах эсэх нь тийм эерэг орчин бүрдүүлж чадах уу, чадвал хэр удаан хадгалж чадах вэ гэдгээс хамаарна.

Зээлийн хүү гэдэг нь “зээл” гэсэн санхүүгийн бүтээгдэхүүний үнэ гэдгийг хүмүүс сайн ойлгох хэрэгтэй. Үнэ өндөр байх уу, хямд байх уу гэдэг нь мөнгө, зээлийн эрэлт, нийлүүлэлтээс шууд хамаарна. Монголд зээлийн эрэлт байнга өндөр, харин нийлүүлэлт нь савлагаа ихтэй, тасалдалтай, өртөг нь маш өндөр. Өөрөөр хэлбэл зээл олгох “үндсэн түүхий эд” нь дандаа үнэтэй байж ирлээ л дээ. Энэ бол том зургаараа бид баялгийн хараалд өртсөн, эдийн засаг маань уул уурхайг дагасан мөнгө, түүний хаялгаас хамаарч савлаж байдаг. Инфляци өндөр, дотоодод бүтээж үйлдвэрлэдэг нь дутагдаад хэрэглэж үрдэг тал нь байнга дарангуйлдаг маш буруу бүтэцтэй, хөгжлийн буруу загвартай явсны гор. Мөнгөний байнгын хомсдолтой, бараг ямар ч хуримтлал хийхгүй байсны сөрөг тусгал.

Мөнгө өөрөө ургачихдаггүй. Ямар нэг зүйл үйлдвэрлэж, бүтээж, үйлчилгээ үзүүлж байж мөнгө бий болдог. Монголын эдийн засгийн бүтэц маш өрөөсгөл байж ирснээс мөнгө бүтээх, үржүүлэх дотоод чадавхи сул байна. Тиймээс эдийн засагт мөнгө үргэлж хомс, мөнгөний нийлүүлэлтийн дутагдал нь байнгын шинжтэй байж ирлээ. Энэ бүхэн мөнгөний үнэ буюу зээлийн хүү өндөр байгаагийн суурь шалтгаан юм л даа. Хүүг буулгая гэвэл нэг хүнд ногдох үндэсний нийт бүтээгдэхүүнийхээ хэмжээг эрс нэмэгдүүлж хүн амыг орлоготой болгох ёстой. Хүн амын орлогын өсөлтийг дагаад хадгаламж, хуримтлал өсөх цагт хүү буурна.

- Гадны банкуудыг оруулах хэрэгтэй гэх саналууд гарч байна. Гадны томоохон банкууд ороод ирвэл эдийн засаг, нийгэмд ямар байдал үүсэх вэ?

- Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Банкийг, цаашлаад санхүүгийн салбарыг нэг сав гэж үзвэл өнөөдөр манайд хангалттай сав байна. Банк 14, банк бус санхүүгийн байгууллага 535, хадгаламж зээлийн хоршоо 291, брокер, үнэт цаасны компани 106, ломбард 1000 гаруй. Ихэнх нь их бага хэмжээгээр мөнгөний хомсдолтой. Лангуу хоосон дэлгүүртэй адил.

Энд гадаадын банк, дотоодын банк гэдэгтээ гол биш, энэ олон савыг дүүргэх мөнгө хэрэгтэй гэдэг нь гол зангилаа асуудал юм. Яаж мөнгөтэй болох талаар түрүүнд хариулсан. Гадаадын банктай болсноор мөнгөтэй болж сав дүүрнэ гэж бодвол эндүүрэл шүү.

Гадаадын, ялангуяа гадаадын төрийн өмчит банкны тухайд анхаарах цорын ганц чухал асуудал бол үндэсний тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдал, газар нутаг гадны банкны барьцаагаар дамжаад хүний гарт орох явдлыг онцгой анхаарах асуудал байдаг. Гаднаас мөнгө оруулах хэрэгтэй. Гагцхүү эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг байх нь чухал.

Гадаадын банк орж ирэхээр бага хүүтэй зээл өгнө гэж маш гэнэн, зөвхөн өнгөн талыг нь их ярьж байна. 1360-аад оны үед байгуулсан гурван сарын хугацаатай хүүгүй зээлийн гэрээ Уйгаржин Монгол бичгээр үйлдсэн байсныг Оросын судлаач Козлов өнөөгийн Өвөр Монголын Хар Хотоос олж Москвад хадгалж байна. Хуулбар нь байна. Зээлийн гэрээ нь барьцаанд тавьсан гэр тэргээ гурван сар хөдөлгөж нүүж болохгүй гэх нөхцөлтэй. Үнэгүй зууш байдаггүйн тод жишээ энэ юм.

- Төрийн, бодлогын тогтворгүй байдал банкныханд хэр дарамт болдог вэ?

- Бизнес эрхэлж буй хэн бүхний хувьд галт уулан дээр л нэг ийм байдаг болов уу гэх аятай байна. Төр засгийн бодлого, шийдвэрийн уламжлал алдагдаж байгаа нь хамгийн хөнөөлтэй. 

- Банкны тухай одоогийн хууль тогтоомжийг эдийн засгийн нөхцөл байдалд тохируулж өөрчлөх ёстой гэх хүн байна. Хуулийн төслүүд ч хэлэлцэгдээд эхэлсэн. Энэ талаарх таны бодол?

- Манай Төв банкны тухай болон Банкны тухай хууль нь Монгол Улсын банкны салбарыг 1990 оноос хойш олон улсын жишгийн дагуу цоо шинээр түргэн хурдацтай хөгжүүлэхэд хамгийн их үр нөлөө үзүүлсэн дэвшилттэй хууль болж ирсэн. Үүргээ хангалттай гүйцэтгэсэн, одоо ч гүйцэтгэж байгаа. Амьдрал дээр туршигдаад цагийн эрхэнд шинэчлэх, нэмэлт оруулах шаардлага гарч байгаа нь ердийн зүйл.

Ганц анхаарах зүйл бол хууль шинэчилж байна гээд бизнес эрхлэх орчныг муутгаж тогтворгүй болгох зүйл, заалт оруулахгүй байгаасай гэж хүсч байна. Тухайлбал, банкинд хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшигчдийн эрх мэдлийн хуваарилалт болон санхүүгийн нэгдэл, охин компаниудыг удирдах талаар хэт нэг талыг барьсан, Компанийн хуультай зөрчилдсөн хөшүүн заалт орсон байна лээ. Төсөл яг тэр чигээрээ батлагдвал хувьцаа эзэмшигчдийн хооронд үл ойлголцох байдал үүсч, банкинд хөрөнгө оруулах сонирхол буурах, санхүүгийн нэгдэл доорх банкны удирдлагын шат дамжлага нэмэгдэх, зардал өсөх зэрэг сөрөг үр дагавар бий болж болзошгүй.

Хуулийн төслийг батлуулах явцад хууль тогтоомжид оруулах аливаа өөрчлөлт нь бизнесийн орчныг муутгах биш сайжруулах ёстой гэдгийг бодолцох биз дээ.

- Банк иргэд, нийгэмд тустай зүйл хийхгүй байна, зээлдэгчдийг дэмжихгүй байна гэж шүүмжилдэг хүмүүс байдаг. Үүнд та юу гэж хариулах вэ?

- Хүний нийгмийн амьдралыг хамгийн их өөрчилсөн гурван гол нээлт дотор гал, дугуй, банк явдаг. Өнөөгийн хэлээр бол эрчим хүч, техник технологи, мөнгө гурав. Энэ гурав өөр хоорондоо салшгүй уялдаатай. Зохистой ашиглаж чадвал хөгжил цэцэглэлтийг хурдасгана, өрдөнө. Буруу ашиглавал зовлон сүйрэл авчирдаг. Банкны салбар Монгол улсад болохгүй байна гэж үзэж байвал үүнд бид бүгдээрээ буруутай. Буруугаа өөрөөсөө хайх хэрэгтэй.

Зээл өгсөн банк буруутай. Зээл авсан харилцагч буруутай. Хадгаламжинд хийх мөнгөгүй ард түмэн, ийм байдлыг хөндлөнгөөс хараад сууж байгаа удирдагчид, хууль тогтоочид, шүүх засаглал, зохицуулагчид, хянагчид бүгд буруутай. Монголын эдийн засгийг уул уурхай гэсэн ганц хөлтэй л явуулсан, ямар ч мөнгө, хуримтлалгүй байлгасан, нийгмийн дундаж давхаргыг хөл нүцгэн, ходоод хоосон болгосон үе, үеийн улс төрчид буруутай.

Эдээрээ оролдвол эвдэхийн цондон гэдэг дээ. Асуудлын учир шалтгаантай нь биш үр дагавартай нь тэмцээд л, мэдлэг боловсролоор мэргэжлийн үүднээс биш, зэрлэг балмад сэтгэцээр хандах тусам бид өөрсдөө гурван хөдөлгүүрийн нэг болох банкны тогтолцоогоо устгахад хүрнэ. Дагаад нөгөө хоёр нь ч унана. Банкны тогтолцоогоор хамаагүй оролдвол үндэсний эдийн засгийн хөгжлийн гал голомтын нэгэн тулгын чулууг аваад шидсэнтэй адил болно. Иймд энэ улсыг авч яваа манай удирдагчид, хууль тогтоогч нар банкны тогтолцоог сулруулах аливаа шударга бус дайралтыг тас цохиж, нийгмийг зөв манлайлж, зөв тийш нь удирдан чиглүүлэх явдал үгүйлэгдэж байна.

Нийт банкны салбарын хэмжээнд яривал Монгол Улсад банкаар үйлчлүүлдэггүй, зээлгүй айл өрх, аж ахуйн нэгж цөөхөн. Ингэж банкны үйлчилгээний хүртээмж сайжирсныг би хувьдаа сайн үр дүн гэж хардаг. Гэтэл санхүүгийн зуучлал муудахыг сайн зүйл мэтээр ярих тархи угаагчид олшрох болов. ХасБанкны жишээн дээр ярья.

ХасБанк 2016 онд 253.1 тэрбум төгрөгийн орлого бий болгосон. Үүнээс хадгаламж эзэмшигчдэд 100 тэрбум, гадаад дотоодын зээлдүүлэгчдэд 68.5 тэрбум, бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгчдэд 28.4 тэрбум, ажиллагсадын цалинд 33.1 тэрбум, улсад төлөх татвараар 10 тэрбум, хувьцаа эзэмшигчдэд 13.1 тэрбум төгрөгийн орлого хуваарилсан байна.

ХасБанк 2017 оны 10 дугаар сарын байдлаар 1.4 их наяд төгрөгийн зээлийг 100 орчим мянган зээлдэгчдэд олгоод байна. Энэ зээл, санхүүгийн зуучлалын цаана иргэд амь амьдралаа залгуулж, бизнес эрхлэгчид ажлын байр бий болгож, цалин тавьж, эдийн засаг, нийгэмд үнэ цэнэ үүсгэж яваа. Банк иргэд, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлэх замаар эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулдаг. Цаашид ч банкны салбарын гүйцэтгэх үүрэг улам л нэмэгдэнэ үү гэхээс буурах ёсгүй.

- Зээлийн хүүг бууруу­лахын тулд хадгаламжийн хүүг бууруулна гэж байна. Хадгаламжийн хүүг төрөөс хүчээр бууруулна гэвэл ямар эрсдэл үүсэх вэ?

- Хадгаламжийн мөнгө бол банкны хувьд бусдад олгох зээлийн үндсэн түүхий эд. Банк өөрөө иргэдээс, компаниудаас зээл авдаг ба түүнийг нь хадгаламж гэдэг. Уг зээлийн хүүг хадгаламжийн хүү гэнэ. Тохирсон хүү төлөхгүй бол хадгаламж банкинд орж ирэхгүй, хөрөнгө оруулалтын бусад орон зай хайна. Дотоодод тийм орон зай муу байвал хадгаламж гадагшаа дайжаад зугтаж ч чадна. Банкнаас гадагшилсан хадгаламж хөрөнгийн бирж рүү, хувьцааны хөрөнгө оруулалт болно гэж хүлээж байгаа бол тэр нь талаар болно.

Банкнаас гарч явсан хадгаламжаа иргэд, компани өөр хоорондоо өндөр хүүтэй зээлдүүлж эхэлнэ. Зарим хэсэг нь машин тэрэг, бараа материал, байр орон сууцны үнийг хөөрөгдөнө. Зарим хэсэг нь хатуу валют худалдан авч төгрөгийн ханшийг сулруулна. Сүүдрийн эдийн засаг томорно, иргэдийн хадгаламж болон банкуудаас авч буй татварын орлого буурна, хөрөнгийн урсгал удааширна, саатаж гацна, яваандаа зогсоно. Хөрөнгө, мөнгөний улам их хомсдол бий болно. Ингэж банкин дахь хадгаламж буурч, зээлийн олдоц хумигдахаар бага хүүтэй зээл барьцаа, баталгаа сайтай, төлбөрийн сайн түүхтэй том компаниудад л очно. Иргэд, бичил, жижиг бизнес эрхлэгчид банкнаас гадуур өндөр хүүтэй зээлийн эрэлд гарна. Банкны салбар хумигдаж улсын хөгжил ухарна.

Уг нь хадгаламжийн хүүг төрөөс хүчээр хязгаарлах тухай ярих бус, хадгаламж хийдэг хүний тоог олон болгох, аль болох олон хүнийг тогтвортой ажлын байраар хангах, банкин дахь мөнгөн хадгаламжийн хэмжээг нэмэгдүүлэх, санхүүгийн зуучлалыг илүү хүртээмжтэй болгож гүнзгийрүүлэх арга замыг эрэлхийлж, бодлогоор дэмжих учиртай юм л даа.

- Зээлийн хүүг бууруулах талаар төрөөс ажлын хэсэг гаргаж ажиллуулж байгаа л гэдэг. Яавал хүү буурах вэ гэдэг дээр та өөрийн санал аа хэлнэ үү?

- Хүү бууруулъя гэвэл зээлийн эх үүсвэр болох харилцах, хадгаламж, бусад эх үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлж, өртгийг хямд байлгах хэрэгтэй. Үүний тулд эхлээд дотоодод бараа, үйлчилгээний үнэ огцом өсч савладгийг болиулах хэрэгтэй. Саяхан л 1-2 хувь байсан инфляци 7-8 хувь болоод өсчихсөн байна. Инфляци өсөөд байвал хадгаламжийн хүү буурах орчин хэзээ ч бүрдэхгүй.

Гаднаас орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар дотоодын банкууд гадаадаас валют оруулж ирэхийг илүү зардалтай болгосон, мохоосон зохицуулалттай байдгийг өөрчлөх хэрэгтэй. Суутган тооцох татвар гэх 10 хувийн татварыг тэглэвэл банкуудын гадаадаас авах зээлийн өртөг хямдарна, дотоодод олгох зээлийн хүүнд эерэгээр нөлөөлнө.

Макро эдийн засгийн бодлого нь зөв, тогтвортой байх ёстой. Мөнгөний бодлогын хүү буурах орчныг бий болгох хэрэгтэй. Бодлогын хүү бол төгрөгийн эрэлт, нийлүүлэлтийг зохицуулагч, нийт эрэлтийг удирдахад чиглэсэн хэрэгсэл. Эдийн засагт зүг чиг заагч, хөтлөгч үзүүлэлт. Бодлогын хүү нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг зохицуулахад зориулагдсан хэрэгсэл яавч биш. Төгрөгийн ханшинд гадаад худалдаа, гадаадын шууд хөрөнгө оруулалт, зээлийн эргэн төлөлт гэх мэт валютын урсгалууд, дотоодын зах дахь валютын эрэлт, нийлүүлэлт голлох нөлөөтэй юм.

Иймд бодлогын хүүг бууруулбал төгрөгийн ханш суларна гэдэг өрөөсгөл ойлголт. Төгрөгийн ханшийг валютын урсгалаар бус, харин бодлогын хүүгээр зохицуулах гэж оролдох нь буруу. Бодлогын хүүг өндөр тогтоосноор харин ч банкны хадгаламж, зээлийн хүүг өндөр байлгахад шууд нөлөөлж байна.  Түүнчлэн, бодлогын хүүг өндөр барьснаар гадаадаас авч байгаа хатуу валютын зээлийг төгрөгт хөрвүүлэхэд улам өндөр хүүтэй, зардалтай болгож байна. Товчхондоо бодлогын хүү өндөр байх нь дотоод, гадаад санхүүгийн эх үүсвэрийг хоёуланг нь өндөр хүүтэй болгоход нөлөөлж байгаа.

Мөн банкны гаднаас авсан валютын эх үүсвэрийг төгрөгт хөрвүүлэх зардал аль болох хямд байх хэрэгтэй. Ядаж л хувийн хэвшлийн гаднаас олоод ирсэн валютын эх үүсвэрт ханшийн эрсдэлийг нь багасгаж өгдөг санхүүгийн хэрэгслүүд байхгүй бол зээлийн хүү буурахгүй. Улсын зээлжих зэрэглэл сайжирч байх шаардлагатай. Гэтэл Засгийн газрын зэрэглэл “асар өндөр эрсдэлтэй” Caa1 гэх ангилалд байгаа шүү дээ.

Санхүүгийн салбарын зөөлөн дэд бүтцийн хөгжил “дутуу бойжилттой” байгаа нь санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг зардалд мэдээж нөлөөтэй. Энэ хүрээнд зээлийн мэдээллийн сангийн зөвшөөрлийг хувийн хэвшилд олгодог болох, зээлийн батлан даалтын санг бэхжүүлж батлан даалт, баталгаа, бусад эх үүсвэрүүдийг нь нэмэгдүүлэх, активын удирдлагын иж бүрэн тогтолцоотой болох, ингэхдээ заавал татвар төлөгчдийн мөнгөөр хийх биш, хувийн хэвшилд суурилсан хувилбараар хэрэгжүүлэх, экспортын баталгаа, даатгалын механизмтай болох гэх мэт олон ажил бий.

Банкны зээлтэй холбоотой шүүх, шийдвэр гүйцэтгэлийн үйл явцыг хурдасгаж түргэн шуурхай болгох, чанаргүй зээл төлүүлэх үйл ажиллагааг албан ёсны бизнес гэж үзэж хуульчлах, түүний зохицуулалт, стандарт, хэм хэмжээг нь тодорхойлж өгөх нь харилцагчдын ирээдүйд авах зээлийн хүү бага байхад бас эерэг нөлөөтэй юм. Энэ мэтчилэн санхүүгийн зөөлөн дэд бүтцийг “бүрэн торниулах” нь зээлийн хүү буурах нэг урьдач нөхцөлүүдийн нэг мөн.

Эцэст нь мэдээж зээлийн хүүг буулгая гэвэл мөнгөний эх үүсвэр болох үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх шаардлагатай. Тэр үйлдвэрлэл, үйлчилгээг төр биш, хувийн хэвшил бий болгодог. Тэгвэл хувийн хэвшлээ дэмжих, ажил эрхлэлтийг сайжруулах, эдгээр бодлого тогтвортой хэрэгжих, бизнес эрхлэх эерэг орчныг л бүрдүүлмээр байна. Энэ нь ирээдүйд мөнгөний үнэ буюу зээлийн хүү буурах гол арга зам болно. Бизнес эрхлэгчдэд тайван ажлаа хийх боломж олгох хэрэгтэй байна л даа. Эрх зүй, татварын орчныг нь байн байн оролдоод, бизнесийн орчинд сэтгэлийн хөөрлөөр төрөл бүрийн цочроо өгч, хэрэгцээгүй зардал үүсгэж, эрсдэл дагуулаад баймгүй байна. Ийм цочролууд урагшлан хөгжих алхам биш, хойшоо хийх ухралт болоод байгааг ойлгомоор байна. Хууль өөрчлөх шаардлагатай бол урьд өмнө хөрөнгө оруулалт хийсэн компаниудтай 10-15 жилийн турш мөрдөх тогтвортой орчны гэрээ байгуулах хэрэгтэй.

- Мэдсээр байж зээлдэгчид хэр чадлаас нь хэтэрсэн зээл өгөх, хэт өндөр ашгийн хойноос улайрч зээлдэгчийг эрсдэлтэй шийдвэрт түлхэх гэх мэт мөнгө хүүлэлтийн асуудлууд яригдаад байдаг. Мөнгө хүүлэлтийг яаж хязгаарлавал зохистой вэ?

- Банкны системийн хувьд зээл олгож байгаа эх үүсвэрийн өртөг зардал нь маш тодорхой байдаг юм. Харин банкны бус секторт ямар байдаг нь мэдэгддэггүй. Тийм учраас мөнгө хүүлэлтийг бууруулах нэг арга зам нь банкны бус санхүүгийн салбарт эх үүсвэрийн өртөг зардал, хүү, шимтгэлийн мэдээллийг сар бүр ил тод мэдээлдэг болох, олон нийт үүнийг нь мэддэг байхажлыг хийх хэрэгтэй. Энэ бол тэгж ядаад байх зүйл биш, богино хугацаанд хурдан хийж болох ажил. Тайлагнал, мэдээллийг сайжруулж, ил тод байдлыг нэмэгдүүлэхгүйгээр цааш явах боломжгүй.

Түүнчлэн, санхүүгийн салбарт харилцагчийг хамгаалах зарчмыг хатуу мөрдүүлэх шаардлагатай. Олон улсад харилцагчийг хамгаалах долоон төрлийн зарчим байдаг. Үүний Нэгд, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг зохистойгоор хөгжүүлж харилцагчдад хүргэх; Хоёрт, зээл төлөх бодит чадавхиас давсан хэт их хэмжээний өр зээлээс урьдчилан сэргийлэх; Гуравт, ил тод байдлыг хангах; Дөрөвт, бодитой үнэ тогтоох; Тавд, харилцагчтай шударга, хүндэтгэлтэй харьцах; Зургаад, харилцагчийн мэдээллийн нууцлалыг чанд хадгалах; Долоод, харилцагчийн гомдол, хүсэлтийг шийдвэрлэдэг тогтолцоотой байх гэсэн зарчмууд багтдаг. Эдгээрийг Монголын банкны гэлтгүй, нийт санхүүгийн салбарт тууштай мөрдүүлэх шаардлагатай.

Богино хугацаанд хийчихэж болох нэг гол арга зам бол Монголбанкнаас иргэдийн зээлд мөрдөгдөх өр, орлогын харьцаа үзүүлэлтийг 50 хувиас хэтрэхгүй гэдэг ч юмуу тодорхой шалгуур тогтоож, түүнийгээ банкуудын зохистой харьцааны шалгуур үзүүлэлтэд албан ёсоор оруулах. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр зээлдэгч сарын орлогын талаас ихгүй хувийг зээлийн төлбөрт төлж болох, харин орлогынхоо үлдсэн талыг нь өөрийн амьжиргаандаа зориулдаг байх нэг ёсны хамгаалалт болох юм. Иргэдэд өөрийн хэр чадалд нь таарсан санхүүгийн бүтээгдэхүүнээр л үйлчлэх ёстой.

Эцэст нь хэлэхэд үндэсний эдийн засгийн бие даасан байдлын нэг тулгуур багана болсон банк санхүүгийн тогтолцоог бэхжүүлэх, санхүүгийн зуучлалын гүнзгийрэл, үр ашиг, хүртээмжийг сайжруулах, түүний дотор банкны зээлийн хүүг бууруулах асуудалд мэргэжлийн судалгаатай, ул суурьтай нухацтай хандана гэдэгт итгэж байна.

 

Н.Ганчимэг

Өдрийн сонин

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.