Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батзориг: Ямар аж ахуйн нэгжийг жижиг, дунд үйлдвэрлэл гэх вэ гэдэг асуудлыг хөндөх цаг нь болсон

Б.Төгөлдөр
2017 оны 12 сарын 7
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын санаачилгаар Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригоос зарим асуултад хариулт авлаа.

-УИХ-аар Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх гэж байна. Энэхүү хуулийн ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?

-Анх энэхүү хууль 2007 онд гарсан Тэрхүү хууль нь үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Эдийн засгийн хөгжил, улс эх орны байдлаас шалтгаалж, энэхүү хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Ж.Ганбаатар нарын гишүүд санаачлан өргөн мэдүүлсэн.

Ер нь манай салбар, тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэлийн салбар нь Монгол Улсад хамгийн их ажлын байрыг бий болгодог. Эдийн засгийн хүндрэлээс гарах түүнийг тогтворжуулах асуудлыг бид их ярьдаг. Тэгвэл эдийн засгийн хөгжлөө тогтворжуулж, ажлын байрыг халаглах салбар бол манай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам. Тэр дундаа жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар юм.

-Салбар яамны харьяанд байдаг Жижиг, дунд үйлдвэрлэлийн газрыг агентлаг болгох санал хуулийн төсөлд тусгасан байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Энэ бол зөв санал. Ганц энэ гэлтгүй жижиг, дунд бизнес эрхлэгч гэж хэнийг хэлэх вэ. Нэр усны хувьд ч гэсэн өөрчлөлт оруулах шаардлага бий. Мөн олгож байгаа зээл, санхүүжилтээс эхлүүлээд ямар үйлдвэрлэл эрхэлж байгаа, ямар аж ахуйн нэгжийг жижиг, дунд үйлдвэрлэл гэх вэ гэдэг асуудлыг хөндөх цаг нь болсон.

-Татварын хөнгөлөлтийн асуудлыг ярьж байна. Хэдэн хувь болгохоор тусгасан юм бэ?

-Тийм. 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой аж ахуйн нэгжийн татварыг нэг хувь болгохоор ярилцаж байна. Одоо бол 10 хувь байгаа шүү дээ. Энэ бол зөв алхам юм. Манай жижиг, дунд бизнес эрхлэгчид ашиг олоод байдаггүй. Гэсэн ч өөрсдийнхөө амьдралыг аваад явчихдаг. Ажлын байрыг бий болгодог. Үүнд л төрийн дэмжлэг хэрэгтэй гэж энэхүү хуулийг оруулж ирсэн байна.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан гэж бий. Одоогийн байдлаар энэхүү сангаар дамжуулж хэчнээн хүн зээл, тусламж аваад байна вэ?

-Энэхүү сангаар олгосон зээлийн эргэн төлөлт бол маш сайн байдаг. Одоогийн байдлаар 98 хувьтай байна. Энэ нь яагаад сайн байдаг гэхээр сангаас бизнес авч байгаа хүмүүсийн зорилго нь тодорхой байдаг. Тиймээс эргэн төлөлт нь сайн байдаг юм. Энэ Ч утгаараа сангийн хөрөнгийг нэмэх шаардлагатай гэж үзэж байна. Ингэснээр ажлын байраа хадгалахаас гадна нэмж ажлын байрыг бий болгоно.

-Ирэх оны төсөвт Жижиг, дунд бизнес эрхлэх санд хэдий хэмжээний хөрөнгө, мөнгийг төсөвлөсөн билээ?

-Нийт 62 тэрбум төгрөгийг баталсан. Өөрөөр хэлбэл, ирэх оны улсын төсөвт тусгаж өгсөн.

-Богд малыг экспортлох ажил ямар шатандаа явна вэ. Энэ онд 1.5 сая малыг экспортолно гэж ярьж байсан шүү дээ?

-Энэ жилийн хувьд махны экспорт маш сайн байна. Одоогоор 24.1 мянган тонн мах, махан бүтээгдэхүүнийг гаргасан байна. Үүнийг мөнгөн дүнгээр тооцвол 44 сая ам.доллар. Саяхан Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл хуралдсан. Энэхүү хурлаар мах, махан бүтээгдэхүүний квотыг баталсан. Ирэх онд 27.8 мянган тонн үхрийн мах, 43.6 мянган тонн адууны махыг экспортлох боломжгүй.

Хонь, ямааны мах дээр квот тогтоогоогүй. Сүүлийн жилд мал сайн өсөж байна. Нийт 61.5 сая толгой мал тоолуулсан. 22 сая төл хүлээж авсан. 12 сая гаруй толгой малыг хүнсэндээ хэрэглэсэн. Манай аймаг, орон нутгийн малчдаас малаа эргэлтэд оруулах санал ирж байна. Үйлдвэрийн аргаар боловсруулж, тодорхой хэмжээг нь хөлөөр нь гаргах боломж байна. Засгийн газар анхаарах хэрэгтэй гэж санал ирсэн. Тиймээс бид энэ бүх асуудлыг шийдэхийн тулд ярилцаж байна. Одоо бэлтгэл ажил хангагдаж байна.

-Ингэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны Улсын төсөвт хэсэгчлэн хориг тавилаа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Ерөнхийлөгч өчигдөр хоригоо тавьсан. МАН-ын бүлэг өчигдөр орой яаралтай хуралдаж, шийдвэрээ гаргасан. Хоригийг хүлээж авах шаардлагагүй гэж үзсэн.

-Хүлээж аваагүй шалтгаан нь юу вэ?

-Засгийн газрын оруулж, батлуулсан төсөв боломжийн гэж үзсэн.

Зураг