Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Панам улс Европын Холбооны шийдвэрт эсэргүүцлээ илэрхийлж, элчин сайдаа дууджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Панамын ерөнхийлөгч Хуан Карлос Варела

Европын Холбооны сангийн сайд нарын Мягмар гарагт зарласан хар жагсаалтад багтсан 17 улсын түрүүч нь хариу мэдэгдэл хийж эхлээд байна.

Уг жагсаалтад багтсан улс орнуудыг татварын сайн засаглалын стандартыг хангаагүй тул “non-cooperative tax jurisdictions” буюу албан бус нэрээр “татварын диваажин, офшор бүс” гэж нэрлэж байгаа юм.

Өнгөрсөн жил “Панамын бичиг баримт” хэмээх дуулианд холбогдсон Панам улс энэ удаа хамгийн түрүүнд Европын Холбооны шийдвэрийг эсэргүүцжээ.

Тэд Брюссельд суудаг элчин сайдаа энэ асуудлаар зөвлөлдөх зорилготой дуудсан байна.

Панамын ерөнхийлөгч Хуан Карлос Варела “Энэ бол харамсалтай шийдвэр. Шударга бус арга хэмжээ гэж бид үзэж байна” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Тус улсын сангийн сайд Дулчидио Де Ла Гуардиа “Панамыг хар жагсаалтад оруулсан Европын Холбооны дур зоргоороо, ялгаварлан гадуурхсан үйлдлийг би эсэргүүцэж байна” хэмээн твиттер хуудсандаа бичсэн байна.

Гадаад хэргийн яам нь Брюссельд суугаа элчин сайд Дарио Чируг нийслэл Панама хотод дуудаж, “хариу арга хэмжээ”-ний талаар зөвлөлдөх болсноо мэдээлжээ.

Одоогийн байдлаар эдгээр 17 оронд ямар эдийн засгийн хориг тавигдах талаар мэдээлэл гараагүй байна. Европын Холбооны зарим гишүүн орнууд дэлхий дахинд жагсаалтыг зарлаж, нэр хүндийг нь унагасан явдал хангалттай шийтгэл гэж үзэж байгаа гэнэ. Гэвч Франц зэрэг зарим орнууд илүү хатуу арга хэмжээ авахыг уриалж байгаа тухай эх сурвалжууд мэдээлжээ. Тухайлбал эдгээр орнуудыг Дэлхийн Банк, Европын Холбооны санхүүжилтийн гадна үлдээх хувилбарыг санал болгосон байна.

 

Эх сурвалж: Euractiv.com