Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хугацаа нь дууссан 51 төрлийн 4,663 шил архи, согтууруулах ундааг устгахаар болжээ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 12 сарын 6
iKon.MN

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн 3 дугаар хурал өнөөдөр боллоо. Хурлаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийгдсэн ажил, мөн цаашдаа хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар тайлагнасан юм.

Хурлын талаар болон хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар НИТХ-ын дарга С.Амарсайханаас тодрууллаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

НИТХ-ын дарга С.Амарсайхан "Мэргэжлийн Хяналтын Байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлж, таслан зогсоох, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхээр хийсэн ажлуудыг өнөөдөр тайлагнаж байна. Энэ онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн цагдаагийн газрын хяналтын камерийн нэгдсэн төвийг байгуулсан. Энэ хүрээнд нийт Улаанбаатар хотын газар нутагт болж буй зам тээврийн осол, мөн гудамжинд гарч болзошгүй гэмт хэргийг цаг алдалгүй шаардлагатай арга хэмжээг авах замаар таслан зогсоох хүрээнд энэ ажлууд хийгдэж байна. Цаашдаа ч олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн" гэлээ.

Мөн энэ үеэр Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас согтууруулах ундаа үйлдвэрлэгч, худалдаалах, түүгээр үйлчлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өгсөн юм.

нийт 19,735 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийжээ

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд согтууруулах ундаа үйлдвэрлэгч 65, импортлогч, худалдаа, үйлчилгээ эрхлэгч 14,194, нийт 19,735 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад нийт 5,514 зөрчил илрүүлэн 3,967 буюу 71.9 хувийг нь арилгуулж 136 сая орчим төгрөгийн торгууль, шийтгэвэр ногдуулсан байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд 152 газрын архи, согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах саналыг албан тоотоор хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Нийслэлийн хэмжээнд 2017 оны байдлаар согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх 44 аж ахуйн нэгжээс 24 үйлдвэр хэвийн үйл ажиллагаагаа явуулдаг байна. Архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй 6,167 газар байгаагаас:

  • Хүнс худалдааны газар- 3,767 
  • Нийтийн хоол үйлдвэрлэлийн газар- 2,400 тус тус эзэлдэг аж.

1,498,600 төгрөгийн архийг улсын орлогод оруулахаар акт тогтоосон байна

НИТХ-ын 2017 оны 19 тоот "Хүнсний аюулгүй байдлын хангах зарим арга хэмжээний тухай" тогтоолын хэрэгжилтийг хангуулах хүрээнд 465 улсын байцаагч, ажилтан, албан хаагчид есөн дүүргийн хэмжээнд давхардсан тоогоор архи, согтууруулах ундаа худалдаалдаг 10,827, нийтийн хоолны 3,367 газарт хяналт шалгалт хийжээ.

Засгийн газрын тогтоолгүйгээр үйлдвэрлэлийн байршил өөрчилсөн, бүртгүүлсэн хаяг дээр өөр чиглэлийн үйл ажиллагаа явуулсан, ажлын байргүй, зөрчлөө арилгаагүй спиртийн 1, архины 6, ликёрын 1, шар айрагны 3, нийт 11 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг ХХААЯ-нд хүргүүлээд байгаа аж.

Хугацаа нь дууссан 51 нэр төрлийн 4,663 шил, 92 гаруй сая төгрөгийн архи, согтууруулах ундааг устгуулахаар, тусгай зөвшөөрөлгүйгээр худалдаалж байсан 112 нэр төрийн 4,552 шил, нийт 31 гаруй сая төгрөгийн архийг улсын орлогод оруулахаар улсын байцаагчийн акт тогтоосон байна.

Мөн тусгай зөвшөөрөлгүйгээр худалдаалж байсан 12 нэрийн 103 шил, нийт 1,498,600 төгрөгийн архийг улсын орлогод оруулахаар улсын байцаагчийн акт тогтоожээ. 

Монгол Улсад 21 наснаас дээш сая 900 гаруй хүн оршин сууж байгаагаас нэг хүнд 8.5 литр архи, дарс, 47.2 литр шар айраг ногддог байна. Мөн судалгаагаар насанд хүрэгчдийн 39 хувь нь архинд донтох эмгэгтэй гэх дүгнэлт гарсан байна.