Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Цэрэнсамбуу: Цахим хэлбэрээр тендер зарлахгүй байгаа захиалагч байгууллагууд ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй

Б.Болор-Эрдэнэ, Үндэсний шуудан
2017 оны 12 сарын 6
Үндэсний шуудан
Зураг зураг

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Мэдээлэл технологийн албаны дарга Н.Цэрэнсамбуутай ярилцлаа.

-Цахим тендер манай улсад нэвтрээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Гэвч хүмүүс энэ талаар сайн мэддэггүй юм шиг санагддаг. Жилд зарлагдаж байгаа тендерийн хэдэн хувь нь цахимаар явагддаг вэ?

-Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Цахим худалдан авах ажиллагааны систем www.tender.gov.mn цахим системийг эрхлэн хөтөлж ажилладаг. Энэхүү системээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн үйлчлэх хүрээнд орж буй бүхий л захиалагч байгууллага, тендер шалгаруулалтын урилга, үр дүн, худалдан авах ажиллагааны төлөвлөлтийн мэдээллээс гадна цахим хэлбэрээр тендер шалгаруулалт зохион байгуулах боломж бүхий цогц систем юм.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Төсөл, тендер шалгаруулалтын үйл ажиллагааны шилэн тендерийн бодлого баримтална” гэж тусгагдсан. Мөн Улсын Их Хурлаас батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт мөн тендер шалгаруулалтын үйл ажиллагааг ил тод болгох, цахим хэлбэрээр зохион байгуулах боломж бүхий цогц систем юм. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Төсөл, тендер шалгаруулалтын үйл ажиллагааны шилэн тендерийн бодлого баримтална” гэж тусгагдсан.

Мөн Улсын Их Хурлаас батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт мөн тендер шалгаруулалтын үйл ажиллагааг ил тод болгох, цахим хэлбэрээр зохион байгуулах зорилт тусгагдсан байгаа. Манай улсын хувьд 2012 оноос эхлэн Засгийн газрын худалдан авах ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын эхлүүлэн ажиллаж байна. Цахим хэлбэрээр тендер зарласнаар ямар ач холбогдолтой вэ гэхээр цаг хугацаа, орон зайн хязгаарлалтгүйгээр тендер шалгаруулалтад оролцох боломжтой болж байгаа юм.

Тендерийн баримт бичгийг худалдаж авах гээд Баян-Өлгий аймагт өөрийн биеэр очих биш цахим тендерийн системээр дамжуулж тендерийн баримт бичигтэй танилцаад оролцохын хүсвэл мөн адил системээрээ дамжуулан оролцох боломжтой болсон. Мөн тендерийг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд төрийн байгууллагын уялдаа холбоо, мэдээлэл дамжуулалтыг сайжруулах ажлыг хийж байгаа.

Тухайлбал, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулинд эрх бүхий этгээд гэж хэнийг хэлэх бэ? гэхээр хуулийн дагуу татвараа төлсөн байх ёстой гэсэн заалт байдаг. Энэ тухайгаа нотлохын тулд тендерт оролцогч аж ахуйн нэгжүүд эрх бүхий байгууллагаас тодорхойлолт авахын тулд багагүй цаг зарцуулдаг.

Тэгвэл Цахим хэлбэрээр тендер зарласан тохиолдолд энэ мэт тодорхойлолтыг бусад байгууллагуудын мэдээллийн системтэй холбогдож лавлагаа авах боломжийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Мөн нэг давуу тал нь мэдээллийн аюулгүй байдал буюу нууцлал хамгаалалтын асуудал байна. Тухайлбал уламжлалт буюу цаасан хэлбэрээр тендер зохион байгуулж байгаа тохиолдолд тендер нээгдсэний дараа ямар нэгэн эрх ашгийн зөрчилтэй этгээдүүд үгсэн хуйвалдаж материал солих боломж бий.

Цахим тендер шалгаруулалтын хувьд Цахим гарын үсгийн тухай хуулийн дагуу хийгдэж буй Үндэсний тоон гарын үсгийг ашиглаж байгаа. Тоон гарын үсэг нь тухайн оролцож буй тендерт оролцогчийн материалыг нууцлах буюу encrypt хийх, мөн гарын үсэг тамга тэмдэг орлох үүрэгтэйгээр ашиглагдаж байна. Цахим хэлбэрээр зарлагдсан тендер дээр материал солих, өөрчлөх техникийн хувьд боломжгүй, сервер дээр нууцалсан хэлбэрээр хадгалагдаж байдагт оршиж байгаа юм.

2017 оны хувьд улсын хэмжээнд нийт 9,000 орчим төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна гэж төлөвлөсөн байгаагаас өнөөдрийн байдлаар нийт 4,300 тендерийн урилга манай системд нийтлэгдсэн байна. Үүнээс 46 хувь нь буюу 1,947 тендер шалгаруулалт цахим хэлбэрээр явагдсан. Эдгээр зарлагдсан цахим тендертэй холбоотой бүхий л мэдээлэл буюу төрийн байгууллага ямар бараа, ажил, үйлчилгээ худалдаж авахаар тендер зарласан, түүндээ ямар шаардлага тавьсан, ямар аж ахуйн нэгжүүд оролцсон, хэн гэдэг этгээд шалгарсан гэх мэт бүхий л мэдээллийг тус цахим системээс авах бүрэн боломжтой байгаа.

-Тендерт оролцож байгаа хүмүүсээс бусад иргэд систем рүү орж хяналт тавих нь хэр байдаг вэ?

-Өнөөдрийн ашиглаж буй Цахим худалдан авах ажиллагааны нэгдсэн систем www.tender.gov.mn бий болохоос өмнө Худалдан авах ажиллагааны портал хуудас, Худалдан авах ажиллагааны хяналт үнэлгээний систем www.pmmis.gov.mn, Цахим худалдан авах ажиллагааны системийн эхний үе шат болох www.meps.gov. mn гэсэн гурван тусдаа системтэй байсан. Иргэд олон нийтийн дунд олон системүүдээс яг алинаас нь мэдээлэл харах бэ гэдэг дээр эргэлзээ үүсдэг байсан.

Ийм ч учраас тус газраас эдгээр системүүдийг нэгтгэж нэгдсэн системийн хөгжүүлсэн. 2017 онд давхардсан тоогоор манай систем лүү 4 сая орчим хандалт Монгол болон бусад улсуудаас ирсэн байна. Бидний зүгээс иргэд олон нийтийн мэдээлэл авах сувгийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр түлхүү ажиллаж байна. Тухайлбал, ухаалаг гар утасны аппликейшн, фэйсбүүкийн нүүр хуудсаараа дамжуулж зарласан тендер, түүнтэй холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэдэг. 

Мөн тендер шалгаруулалттай холбоотой онлайн туслахыг систем дээрээ нээж ажиллуулж байна. Мөн Нээлттэй гэрээний олон улсын стандарт буюу Open Contracting Data Standart-ийг Монгол улсад нэвтрүүлэн ажиллаж байна. Энэ стандарт нь юу бэ? гэхээр тендер шалгаруулалт, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийг зөвхөн өөрийн систем дээрээ байршуулахаас гадна бусад иргэд болон нийт, судлаачдад машин унших боломжтой, дахин ашиглах боломжтой нээлттэй API буюу веб сервис болгож байршуулж буй явдал юм

-Тендер шалгаруулалт, худалдан авах ажиллагааны талаар иргэд нэлээд шүүмжлэлтэй ханддаг. Цахим тендер бий болоод, энэ талын мэдээлэл нийтэд ил тод байхаар тендертэй холбоотой шүүмжлэл багасах тал ажиглагдаж байна уу?

-Тендер шалгаруулалт, худалдан авах ажиллагааны талаар иргэд олон нийт буруу ойлголттой байдаг. Энэ нь юу вэ гэхээр “Хамгийн бага үнэтэй тендерийг шалгаруулдаг. Тийм учраас чанаргүй барилга баригдаж, чанаргүй бараа нийлүүлдэг” гэсэн ойлголттой байдаг. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулинд шаардлагад нийцсэн, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн тендерт оролцогч гэнэ гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, захиалагчдын зүгээс тухайн бараа бүтээгдэхүүн, барилга байгууламж яг ямар шаардлагууд тавьж байгаа, ямар техникийн үзүүлэлт шаардаж байгаа гэх мэт бүхий л шаардлагаа хангасны дараа сая үнэтэй холбоотой үнэлгээг хийдэг. Цахим тендерийн хувьд хэдийгээр Цахим худалдан авах ажиллагааны систем бэлэн бүхий л захиалагч байгууллагууд тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр буюу ил тод, өрсөлдөх тэгш боломжтой хэлбэрээр зохион байгуулах боломжтой байгаа ч тодорхой тооны цөөхөн төрийн байгууллагууд л зарлаж байна.

Өөрөөр хэлбэл мэдээллээ ил тод болгохгүй, олон нийтэд мэдээлэхгүй байх, цахим хэлбэрээр тендер зарлах сонирхолгүй албан хаагч олон байна. Шуудхан хэлэхэд энэ бол цэвэр хууль тогтоомжийн мэдлэг хомс, мөн ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзэж болохоор харагдаж байна. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, аймгуудын Орон нутгийн өмчийн газар, зарим сумдын түвшинд хүртэл тендер шалгаруулалтаа цахимаар зарлаад болоод байхад Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй яам, агентлаг, төрийн өмчит хувьцаат компани болон үйлдвэрийн газрууд хангалтгүй үзүүлэлттэй байна.

Цахимаар зарласнаар ямар эерэг үр дүн гарч байна вэ гэхээр өрсөлдөөн нэмэгдэж байна. Тухайлбал тендер шалгаруулалтын онцгой журмын харьцуулалтын аргаар зохион байгуулж буй тендерийг 3 буюу түүнээс дээш этгээдэд үнийн санал ирүүлэхийг мэдэгддэг. Өөрөөр хэлбэл хэн нэгэн этгээдэд давуу байдал үүсгэх боломж үүсэж болзошгүй байдал ажиглагддаг.

Худалдан авах ажиллагааны төлөвлөлтийн байдлыг аваад үзвэл аль болох Нээлттэй тендер шалгаруулалтын журмаас татгалзсан буюу төсөвт өртгийг жижиглэн олон тооны төсөл арга хэмжээг баталдаг асуудал улсын хэмжээнд их байна. Цахим хэлбэрээр зарлаж буй тохиолдолд бүхий л компани уг тендерт оролцох боломжтой болсон. Мөн цахим тендерийн нээлтийн мэдээлэл тэр дороо буюу нээлт болсон даруйд системд нийтлэгдэж байгаа.

Өөрөөр хэлбэр хэн гэдэг этгээд ямар тендерт ямар үнийн санал ирүүлсэн бэ гэдэг мэдээллийг тэр дор нь авах боломжтой гэж ойлгож болно. Цаашдаа бүхий л захиалагчид цахим хэлбэрээр тендер шалгаруулалт зохион байгуулах, мэдээллээ олон нийтэд цаг тухайд нь мэдээлдэг болгох чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулан ажиллах болно.

-Эмийн худалдан авалтын тал дээр Эрүүл мэндийн яамтай хамтарч ажиллах гэж байгаа гэсэн. Энэ талаар тодруулбал?

-Эмийн худалдан авах ажиллагаа, чанар хүртээмж муу байна гэсэн асуудал их байдаг. Тиймээс эмийн худалдан авах ажиллагааг боловсронгуй төвшинд болгохоор бид “Ерөнхий гэрээ”-г зохион байгуулахаар ажиллаж байна. Төрийн байгууллагын байнгын хэрэгцээт бараа үйлчилгээ буюу төрийн байгууллага болгон худалдаж авдаг нийтлэг хэрэглээний бараа бүтээгдэхүүн дээр энэ гэрээг байгуулахаар хуульчилсан.

Бараа, ажил, үйлчилгээний тендер шалгаруулалт дээр багцтайгаас бусад тохиолдолд зөвхөн нэг этгээд шалгаруулдаг бол энэхүү гэрээгээр хэд хэдэн этгээдийг гурав хүртэлх жилийн гэрээ байгуулах боломжтой юм. Ирэх оноос ерөнхий нэршлийн 29 нэр төрлийн эмийг “Ерөнхий гэрээ”-гээр худалдан авахаар ажиллаж Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллаж байна Монгол улсын хувьд “Ерөнхий гэрээ”-г анх удаа нэвтрүүлэхээр ажиллаж байгаа тул бидний хувьд гарч болох эрсдэлүүдийг нарийн тооцох, зах зээлийн болон эрэлт нийлүүлэлтийн судалгааг нарийвчлан гаргах зэрэг ажлуудын тус яамтай хамтран зохион байгуулж байна. “Ерөнхий гэрээ" нь зөвхөн нэгж үнээрээ байгуулагдана.

Тухайлбал, натри хлорид гэдэг бүтээгдэхүүн дээр ерөнхий гэрээ байгууллаа гэж бодоход дөрвөн мянган төгрөг, магадгүй 500 төгрөг ч гэдэг юм уу нэгж үнээрээ тендерт оролцогчид өрсөлдөнө. Ерөнхий гэрээ байгуулсан бараа бүтээгдэхүүний худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа захиалагч байгууллагууд Цахим дэлгүүрийн системээс захиалга өгөх байдлаар явагдана. Ерөнхийдөө эмийн худалдан авах ажиллагааг улсын төсөв батлагдсан даруйд эрүүл мэндийн байгууллагууд тендер шалгаруулалтыг зохион байгуулдаг ч зарим тохиолдолд гомдол маргаан гардаг. Үүнээсээ болж эм тасалдах бодит эрсдэл үүсдэг.

Ерөнхий гэрээ амжилттай хэрэгжээд явбал энэ мэт эрсдэл байхгүй болно гэж тооцож байгаа. Эхний ээлжид 29 нэр төрлийн эм, эмийн бүтээгдэхүүн оруулахаар ярилцаж байна. Хэрэв амжилттай хэрэгжээд явбал бусад төрлийн эм, эмийн бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийг гэрээнд оруулна. Эм, эмийн хэрэгсэл, цаас, принтерийн хор гэх мэт бүтээгдэхүүнүүд дээр уг гэрээг байгуулах ажлын хийхээр төлөвлөж байна.

Зураг