Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Энхмаа: Цус ойртолт өвөг эцэг, эмэг эхийн түвшин рүү дөхөж байна

С.Уянга, Зууны мэдээ
2017 оны 12 сарын 6
Зууны мэдээ
Зураг зураг

Цус ойртолт улс орны аюулгүй байдалд нөлөөлж, монгол дархлаа устаж үгүй болох аюул нүүрлэж буйг “Зууны мэдээ” сонин хөндөн бичиж байгаа. Энэ хүрээнд Стратеги судалгааны хүрээлэнгийн судлаач, Анагаах ухааны доктор Э.Энхмаатай ярилцлаа. 

-Хүн ам дахь цус ойртолтын өнөөгийн нөхцөл байдал, судалгааны дүнгийн талаар яриагаа эхэлье?

-Хүн амын дотор цус ойртолт байгаа эсэхийг мэдэх хамгийн энгийн арга бол угийн бичиг хөтлөх байдаг. Өөрөөр хэлбэл, айлд ороод өрхийн тэргүүнээс эхлээд гэрийн эзэгтэйнх нь  угийн  бичгийг хөтөлж тодорхой түв­шиндээ цусны холбоо­той эсэхийг мэдэх юм. Энэ ар­гаар Монголын хүн амд цус ойртолт байгаа эсэхийг тогтооё гэхээр бүгд өөрөөсөө дээш гурав дахь үеэс эхлээд өвөг дээдсийнхээ тухай мэдэхээ больсон.

Хоёр өвөө, хоёр эмээгээс дээш элэнц өвөг эмэг болон хуланц өвөг эмгийн түвшинг мэдэхгүй байна. Энэ нөхцөлд угийн бичиг хөтлөх аргаар хүн амд цус ойртолт байна уу үгүй юу гэдгийг тогтоох боломжгүй. Тиймээс бид  хүн амын генетикийн буюу популяцийн генетикийн шинжлэх ухааны тооцооллын аргыг ашигласан. Энэ аргаар тооцоолохын тулд эхлээд тухайн хүн амд удамшлын олон системийн генүүдийн тархалтыг судалдаг.

Хүн судлаач эрдэмтдийн 30 гаруй жилийн хөдөл­мөрийн үр дүнд удамшлын 11 системээр 400 орчим генийн тархалтыг Монголын хүн амд тогтоосон. Энэхүү суурь мэдээлэлд тулгуурлан хүн ам дахь цус ойртолтын өнөөгийн түвшинг тооцоолох боломж бүрдсэн хэрэг.

Түүнээс биш нэг юм уу таван жилийн дотор гаргаж ирдэг зүйл биш. Ингээд судлахаар дунджаар өөрөөсөө дээш дөрөв дэх үеийн ах дүү нар гэрлэхэд илэрдэг түвшний цус ойртолтын суурь дэвсгэр бий болсон байна гэдгийг судалгааны үр дүн харуулж байна. Өөрөөр хэлбэл, тодорхой бүлэг хүн амын дотор хэн хэнтэйгээ гэрлээд генийн дав­тамж хаашаа явж байгааг илрүүлж байгаа арга юм.

-Цус ойртолтын  сөрөг үр дагавар хүн амын дунд хэрхэн илэрч байна вэ?

-Цус ойртолтын эцсийн үр дүн улс үндэстнийг мөхөлд хүргэдэг. Чимээгүй тахал хэлбэрээр хүн амын дотор тархаж 25 жилийн үечлэлтэй зузаардаг. 1925 онд Засгийн газрын нууц тогтоол гарч монгол хүн угийн бичгээ хөтөлж, овгоо хэрэглэхийг хааснаас хойш 92 жилийг хүний үе удмын хугацаагаар тооцохоор дөрвөн үе шахам хугацаа өнгөрчээ.

Цус ойртолт эхэн үедээ үл анзаарагдах  байдалтай байдаг бол зузаарахын хэрээр төрөлхийн согог, гажигтай хүүхэд төрөх, оюуны хөгжлийн доройтол зэрэг айхавтар үр дагаврууд гарч эхэлж байна. Мөн аливаа өвчнийг  эсэргүүцэх биеийн дархлаа суларч хүн ам өвчлөмтгий болж байна.

-1925 оноос хойш дөрвөн үеийг хамарсан цус ойртолт үргэлжилж байна. Өвчнөөр яривал аль шатандаа байна вэ?

-Чимээгүй тахал хэлбэрээр явдаг үзэгдлийн үр дагавар чимээтэйгээр нүдэнд үзэгдэж гарт баригдахуйц хэмжээнд илэрч гарч ирж байгаа нь судалгаагаар тогтоогдлоо. Өөрөөр хэлбэл, дөрөв дэх үеийн ах дүү хоорондоо гэрлэхэд илэрсэн түвшний цус ойртолтын ерөнхий дэвсгэр бий болсон гэхээр өвчнөөр бол хүндэрсэн үе гэж хэлж болно.

Өөрөөсөө  дээш гурав дахь үе, дунджаар дөрөв дэх үе рүү орж ирж байна гэхээр өвөө эмээгийн түвшин рүү орж ирэх ирмэг дээр байгаа юм. Бараг л өвөө, эмээгээ мэдэхээ болих тал руугаа явж байна. Энэ бол бид удмын сангийн дотоод тэнцвэрийн хувьд аюулын ирмэг дээр ирсэн гэдэг нь ойлгогдохоор байна.

-Цус ойртолтыг зогсоох, сэргийлэхийн тулд нэн түрүүнд юу хийх ёстой вэ?

-Хүн амыг цус ойртолтоос хамгаалахад хэрэглэдэг  түгээмэл гурван арга бий. Дэлхийн улс орнууд ч нийтээрээ хэрэглэдэг. Ургийн овгоо хэрэглэх, угийн бичиг хөтлөх, хүн амын хөдөлгөөнийг тэтгэж өгөх аргууд байдаг. Монголчууд гурвууланг нь хэрэглэдэг байсан. Эрт дээр үеэс овог дотроо гэрлэдэггүй, аман болон бичгийн хэлбэрээр угийн бичгээ хөтөлдөг байсан. Мөн нүүдлийн соёл иргэншлийнхээ давуу талыг ашиглаж засаг захиргааны дөрвөн аймгийн тогтолцоотой.

Гэтэл өнөөдөр ургийн овгоо 1997 оноос сэргээж эхэлсэн ч олон гаж үзэгдэл гарч ирсэн. Иргэний үнэмлэх дээрх ургийн овгоор баримжаалж цус ойртохгүй гэрлэх ямар ч баталгаагүй болсон. Хүн амын хөдөлгөөнийг тэтгэх аргыг ашиглая гэхээр Монгол Улсын засаг захиргаа 21 аймаг 330 сум 1,615 багт хуваасан. Төрийн үйлчилгээг ард түмэнд хүргэх талаасаа  өгөөжтэй бүтэц мэт харагдавч  цаана нь хүн амын хөдөлгөөн хоригдож, цус холилдохыг түгжиж байгаа юм.

Үүнийг задалж томсгоё гэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах учраас хурдан хугацаанд хэрэгжихэд түвэгтэй. Гэхдээ нийгэм, эдийн засгийн бодлого талаасаа үүнийг анхаарах ёстой. Тэгэхээр угийн бичиг хөтлөх гэсэн ганц арга үлдээд байна. Тиймээс яаралтай угийн бичиг хөтлөх арга дээрээ төвлөрч, есөн үеэ мэддэг болохын төлөө явах шаардлагатай. Ядаж өөрөөсөө дээш мэдэх чинээндээ хүртэл бичих.

Мэдэхгүйгээ тааж юм уу эсвэл зохиож болохгүй. Харин өөрөөсөө доош угийн бичгээ хөтөлж  үр хүүхдэдээ тасралтгүй өвлүүлье гэж байгаа юм. Ингэж ярьсаар байгаад 25 жилийн хугацаа болчихвол дахиад нэг үе удам өнгөрнө. Тиймээс цаг хугацаа алдахгүйгээр өөрөөсөө дээш хоёр өвөө, хоёр эмээ гэсэн дөрвөн баганаар есөн үеэ мэддэг болох алхмыг өнөөдрөөс эхэлье.

-Угийн бичиг хөтлөх загвар олон байдаг. Иргэд ялгаж салгах хэрэгтэй байх?

-Өөрөөсөө дээш дөрвөн баганаар гэдэг нь авга өвөө, авга эмээ, нагац өвөө, нагац эмээ гэсэн дөрвөн баганаар есөн үеэ бүтэн мэдэх ёстой. Есөн үеийг дуустал дөрвөн баганаар өвөг дээдсээ нэрлээд явахаар 1,022 хүний мэдээлэл болдог. Эдгээр 1,022 хүн цусныхаа тодорхой хувиар хамаатай учраас энэ хүрээнд ураг холбохыг хатуу цээрлэдэг байж.

Угийн бичиг болон түүнийг хөтлүүлэх аргыг мэддэг гэж боддог мэргэжлийн бус хувь хүн, байгууллагууд олон бий. Өөрсдийнхөө ойлголтоор боловсруулсан зөвлөмж, гарын авлага маягийн зүйл гаргачхаад ард түмэнд тараагаад төөрөгдүүлээд байгаа нь угийн бичгийг шинжлэх ухааны үндэслэлтэй, зөв аргаар хөтөлж явахыг гажуудуулж байна. Засгийн газрын 2007 оны тогтоолоор угийн бичгийг хөтлөх журмыг шинэчилж, “Монгол Улсын иргэн угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар” гарын авлага номыг мэргэжлийн эрдэмтдээр бүтээлгэсэн.

-42 үеэ мэддэг, сумынхаа угийн бичгийг хөтөлсөн хүн байна лээ?

-Хамгийн гол нь угийн бичиг хөтлөхийг дундаас нь гажуудуулж байгаа үзэгдэл олон жил үргэлжилж байгаа учраас түвэгтэй байна. Хувь хүнд ашиг сонирхол байж болох ч улс үндэстний эрх ашгийг юутай ч зүйрлэж болохгүй л дээ. Ер нь өөрөөсөө дээш гурван үеэ бүтэн мэддэг хүн Монголд байхгүй.

-Цус ойртолт монгол дархлааг устгаж байгааг төрийн бодлогоор хэрхэн  зохицуулж байгаа вэ. Одоо бол энэ төрлийн ажил хангалтгүй байна шүү дээ?

-Ном нь гарсан. Эрдэмтэд нь угийн бичгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөтлөхийг зааж сургахын төлөө явж байна. Үүнд зохион байгуулалтын ажил дутаж байна. Угийн бичиг бол соёлын биет бус өвийн нэг хэлбэр учраас соёлын мэргэжилтнүүдийн үүрэг хариуцлагад багтдаг. Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар сүүлийн үед анхаарал тавьж байгаа. Өөрсдийнхөө харьяа дүүрэг, аймаг, сум, багийнхаа нутаг дэвсгэрт зохион байгуулалттайгаар ажил хэрэг болгох зүйл дутаад байна.

Энэ ажил өнгөрсөн хугацаанд огт зогсчихоогүй. Гэхдээ ихэнх тохиолдолд орон нутаг санаачилга гаргаж сургагч багш бэлтгэх, айл өрхүүдээ номжуулах маягаар сайн дурын юм шиг маягаар явж ирлээ. Түүнээс биш Засаг дарга, ИТХ-ын түвшинд, нийслэл даяар ч гэдэг юм уу үүрэг өгөгдөж байгаа нь тун бага. Зохион байгуулалттай, албажуулсан маягаар явахгүй бол болохгүй.

Тийм ч учраас угийн бичгийн гарын авлагыг гадуур худалддаггүй. Энэ бол зөвхөн ураг төрөл удам судраа мэдэх асуудал биш, бүхэл бүтэн улс үндэстний оршихуйн үндэс яригдаж байгаа учраас Монгол хүн бүхэн санаа зовох цаг болсон. Цаг хугацаа алдахгүйгээр хүчээ зангидаж хүн бүр эрвийх дэрвийхээр оролцох учиртай.

-Судалгаа хийсэн, угийн бичиг хөтлөх гарын авлага бүтээсэн эрдэмтдийн зүгээс төр засагт хандсан зүйл бий юу?

-Эрдэмтдийн хувьд үүргээ гүйцэтгэсэн. Үүнийг хэрэгжүүлэх нь төрийн үүрэг. Гэхдээ бид зүгээр суусангүй. Угийн бичиг хөтлөх үүсгэл санаачилга гаргасан төрийн болон төрийн бус байгууллагын хүсэлтийг хүлээн авч сургагч багш бэлтгэх зэрэгт  чадахаараа хичээж явна.

Зураг