2017/12/14
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,436.27₮
B30
УЛААНБААТАР
-15°
|
-21°
B28
УЛААНБААТАР
-17°
|
-24°
B32
УЛААНБААТАР
-12°
|
-21°
15:00
S44
-16°
16:00
S44
-17°
17:00
S44
-20°
18:00
S44
-22°
19:00
S44
-22°
20:00
S44
-23°
21:00
S44
-23°
22:00
S44
-24°
23:00
S44
-23°
00:00
S44
-23°
01:00
S28
-24°
02:00
S28
-24°

Хорь ч хүрээгүй "Бурхны бүтээл"

Д.Энхтүвшин
2017 оны 12 сарын 6
MorninigNews.mn

АНУ-ын Анахейм хотод үргэлжилж байгаа хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Монгол Улсын Шигшээ багийн тамирчин, ОУХМ М.Анхцэцэг огцом өргөлтийн төрөлд 107 кг-ыг өргөснөөр хүрэл медаль хүртсэн энэ сарын 25-нд 20 нас хүрэх тамирчны хувьд үнэхээр бахархам амжилт юм.

Хэрвээ гарынх нь бэртэл сэдрээгүй бол тэрээр түлхэлттэй өргөлтөөр амжилтаа ахиулж медалийнхаа өнгийг ч хувиргах бүрэн боломжтой байсан. Гэхдээ түүний өмнө тамирчин хүний олон гайхалтай амжилтын дардан зам дурайж байгааг бодолцож гэмтлийг нь хүндрүүлэхээс болгоомжлон дасгалжуулагч нь өргөлтийг нь зогсоожээ.

Түүний энэхүү амжилт нь Монголын хүндийн өргөлтийн түүхэн дэх дэлхийн аваргын анхны медаль бөгөөд бахдам амжилт гаргасан тэрээр шагналаа гардсаныхаа дараа “Монголын түүхэнд анх удаа насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медаль зүүсэндээ баяртай байна.

Түрүүлж өсгөсөн ээж, аав, гэр бүлийнхэндээ, Ц.Хосбаяр багшдаа, Монголын хүндийн өргөлтийн холбоог дэмждэг албан байгууллага, хувь хүмүүс маш их баярлалаа. Цаашдаа улам их хичээж, дараа жил дэлхийн аварга болно” хэмээсэн нь энэ өдрүүдийн бас нэгэн бахархалтай мэдээ байлаа.

Хорь ч хүрээгүй насандаа эмэгтэй хүнд ахадсан буюу өөрийнхөө биеийн жингээс 30 кг хүнд төмөр өргөж, дэлхийгээс медаль хүртэнэ гэдэг хэн хүний хийж чадах ажил, гаргаж дийлэх амжилт биш билээ. Монголчууд хэдхэн жилийн өмнө хүндийг өргөлтийн спорт, ялангуяа эмэгтэй хүндийг өргөгчдийн талаар тэр бүр мэддэггүй, огт сонирхдоггүй байлаа.

Харин энэ ойлголтыг Монгол Улсын гавьяат тамирчин Цагдаагийн ерөнхий газрын "Хүч” спорт хороогоор овоглогддог Н.Баярмаа анхлан эвдэж Бээжингийн олимпт 123 кг өргөн эхний 10-т эрэмбэлэгдсэнээс хойш энэ спортыг арай өөр нүдээр харцгаах болсон түүхтэй. Тэгж байтал Хүндийг өргөлтийн Шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярын тодорхойлсон “Бурхны бэлэг” буюу Мөнхжанцангийн Анхцэцэг гэдэг нүдээрээ инээмсэглэсэн хөөрхөн охин 13-хан настайгаасаа энэ спортын тавцанд хүч түрэн гарч ирсэн нь 2010-аад он байлаа.

Долоо хоногийн таван өдөр бүрийн бэлтгэл дээрээ 15-18 тонн төмөр өргөсөөр байсан балчирхан охины амжилт өдрөөс өдөрт огцом дээшилсээр 13-хан насандаа буюу 2011 онд ОУХМ цолын болзол хангасан нь Монголын эмэгтэй хүндийг өргөгчдийн тухайд анхны тохиол байсан юм.

Анх 2010 онд Азийн өсвөр, залуучуудын аварга шалгаруулах тэмцээн Узбекстан улсын нийслэл Ташкентад болоход спортын мастерын болзол хангаснаар Олон улсын тэмцээний амжилтын замналаа эхлүүлсэн түүхтэй. Түүнээс хойш удалгүй 2011 оны тавдугаар сарын эхээр Тайландын Кхонкэн хотноо болсон Тайландын Эзэн хааны цомын тэмцээний залуучуудыг 63 кг-ын жинд зургаан орны 20 тамирчин өрсөлдөхөд М.Анхцэцэг түлхэлттэй өргөлтөөр алт, огцом өргөлтөөр болон нийлбэрээр мөнгөн медаль хүртэж, Эзэн хааны цомын эзэн болж Олон улсын тэмцээнийхээ салхийг алтаар эхлүүлж тус тэмцээний шилдэг тамирчнаар шалгарсан байдаг.

Ийнхүү тэмцээнээс тэмцээн, бэлтгэлээс бэлтгэлийн хооронд М.Анхцэцэгийн амжилт ахиж, өөрөө ч нас биед хүрч 2014 онд ДАШТ-д анх удаа оролцохдоо огцмоор 107, түлхэлттэй өргөлтөөр 124 кг өргөж, X байрт шалгарч Монголын хүндийг өргөлтийн амьд домог, гавьяат тамирчин Н.Баярмаагийн эзэмшиж байсан огцом өргөлтийн амжилтыг эвдэн, улсын рекордыг шинэчилж байв. Тус тэмцээний дараа гарсан чансаагаар дэлхийн чансааг залуучуудад тэргүүлж, өсвөр үед аман хүзүүдэж, насанд хүрэгчдэд VI байрт бичигдэж байсан нь Монголын хүндийг өргөгчдийн түүхэнд бас л анхдагч тохиол болж байж.

Тэгвэл жилийн дараа буюу 2015 оны ДАШТ-д хүч үзэхдээ огцмоор 110, түлхэлттэй өргөлтөөр 133 кг шахаж, VIII байрт шалгарсан байдаг. Тухайн үед огцом өргөлтийн хоёр юм уу гурав дахь оролдлогоороо 116 кг өргөсөн бол баараггүй мөнгөн медаль авах байсан гэдэг. Харамсалтай нь, тухайн үед өргөж чадаагүй ч түүхэн амжилтын эзэн болсон. Яагаад гэвэл өмнө нь манай тамирчдаас хэн ч ДАШТ-д арваас дотогш байрт шалгарч, медалийн төлөө өрсөлдөж байгаагүй юм.

М.Анхцэцэг 2015 оны УАШТ-д түрүүлэхдээ огцмоор 116 кг өргөсөн бол бэлтгэлийн үеэр огцмоор 120, түлхэлттэйгээр 148 кг өргөж байж. ДАШТ-д тэр амжилтаа л давтсан бол тасархай түрүүлж, УАШТ-ний амжилтаа давтсан бол мөнгөн медаль авах байсан гэдэг. Тухайн жил гаргасан амжилтаараа дэлхийн чансааг тэргүүлсэн шилдэг найман тамирчин урилгаар оролцдог Дэлхийн цомд өрсөлдөхдөө огцмоор 112 кг өргөж, IV байрт шалгарч БНХАУ, АНУ, Турк зэрэг хүндийг өргөлтийн спортыг тодорхойлогч олон орны тамирчид, дасгалжуулагчдын хараанд өртөн гайхлыг нь төрүүлж, БНСУ зэрэг орны дасгалжуулагчид өндөр цалин хангамж амлан багтаа элсүүлж авахыг оролдож эхэлсэн түүхтэй.

Хүндийг өргөлтийн спортоор 2008 оноос хичээллэсэн тэрээр өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллын Монгол Улсын рекордыг 65 удаа шинэчлээд байгаа. М.Анхцэцэг '2009 онд спортын дэд мастер, дараа жил нь спортын мастер, 13-хан настайдаа буюу 2011 онд ОУХМ цолын болзол хангасныг дээр дурдсан. Урьд өмнөх ДАШТ-ний дараа түүний амжилтын талаар дасгалжуулагч Ц.Хосбаяраас асуусан сурвалжлагчийн асуултад тэрээр огтхон ч эргэлзэлгүйгээр “Анхааг хоёр үгээр “Бурхны бүтээл” гэж хэлнэ. Үнэхээр зөв бодолтой хүүхэд. Бэлтгэлийг чин сэтгэлээсээ хийдэг. 10 хий гэвэл хамгийн багадаа 11 удаа гүйцэтгэдэг” гэсэн байдаг.

Түүнээс хойш “Монголд нэг дийлдэхгүй охин гарч ирлээ” хэмээн дэлхийн хүндийг өргөгч бүсгүйчүүд болон дасгалжуулагчдын зүрхэнд шар ус хуруулж явсаар тамирчин бүрийн оролцох, цаашилбал амжилт гаргахыг мөрөөддөг олимпын их наадамд 19-хөн настайдаа оролцох эрхийг гуйж биш гуядаж авсан билээ. Энэ талаар түүх сөхвөл “Рио-2016” олимпын эрх олгох хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 75 кг-ын өрсөлдөөн 2016 оны дөрөвдүгээр сарын 30-нд Узбекстаны нийслэл Ташкент хотод явагдахад М.Анхцэцэг огцмоор 112 кг, түлхэлтээр 132 кг, нийлбэрээр 244 кг-ыг өргөн Азийн аварга цолыг хүртсэн Монголын анхны эмэгтэй хүндийг өргөгч болж, Риогийн эрхээ бахархалтайгаар өвөртөлсөн түүхтэй.

Тамирчин бүрийн хүслэн болсон олимпын их наадамд 19-хөн насандаа оролцсон М.Анхцэцэг Риогийн тэнгэр дор Монголчууд Бээжингээс анхны олимпын аваргаа өлгийдөн авч байсан наймдугаар сарын 11-нд эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд өрсөлдөхдөө огцмоор 106, түлхэлттэй өргөлтөөр 131 кг өргөж, VIII байрт шалгарч дэлхийн хүчтэнүүдийг гайхшируулсан удаатай.

Удахгүй 20 нас хүрэх, төмөр өргөдөг гэмээргүй үзэсгэлэн төгөлдөр М.Анхцэцэг маань өнгөрсөн хугацаанд Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, хошой мөнгө, Оюутны универсад наадмын аварга гээд олон бахархалт амжилт гаргаад байгаа. Хэдийгээр амжилт нь ид ундарч, өдөр өдрөөр оргил өөд тэмүүлж байгаа ч хүний л амьдрал хойно М.Анхцэцэгт хүндхэн өдрүүд тохиолдож л байсан.

Тухайлбал өөрийг нь өвчсөн мэт дуурайсан төрсөн дүү нь сургуулийнхаа өдрийн хоолыг тараах гэж яваад хүндээр түлэгдэж БНСУ-д өндөр зардлаар эмчилгээ хийлгэх шаардлагатай болоход өдөр нь бэлтгэлээ хийгээд оройд нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хандив цуглуулан сууж байсныг Монголчууд мартаагүй.

Хүнд хэцүү тухайн цагт хатан зоригт М.Анхцэцэг охин “Надад гадаад орнуудаас хангалттай цалин хангамж амлаж байсан ч би эх орноо худалдаагүй. Би мөнгөний төлөө штанг өргөдөггүй. Эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлэх нь миний зорилго. Миний хамгийн ихээр бахархдаг зүйл бол олон улсын тэмцээний тавцан дээр гараад Мөнхжанцангийн Анхцэцэг IN MONGOLIA гэж дуудуулах юм. Эх орон хүнд ганц л олдоно шүү дээ. Харин дүүгийнхээ эмчилгээний зардлыг цуглуулж чадахгүй бол насан туршдаа өөрийгөө зэмлэх байх даа” хэмээн чин сэтгэлээсээ өгүүлж байсан. Тэгээд ч эх орноо мөнгөөр худалдаагүй түүний дүүгийн эмчилгээний зардал болох 80 сая төгрөгийг элэг нэгт Монголчууд нь эрвийх дэрвийхээрээ цуглуулж өгснөөр дүүгийнх нь эмчилгээ амжилттай болсон билээ.

Өнөөдөр Ц.Хосбаяр, Чинзориг, Чулуунпүрэв, Цэрэнням багш нарынхаа заавар, зөвлөгөөг дагаж, уйгагүй бэлтгэл хийснийхээ үр шимээр Монголын хүндийг өргөгчдөөс анх удаа дэлхийн аваргын хүрэл медалиар энгэрээ мялаасан 20 ч хүрээгүй энэ сайхан охины ирэх он жилүүдэд үзүүлэх гайхамшигтай олон олон амжилтын замыг нь мялааж Монголын төр, эрхэм Ерөнхийлөгч гавьяа шагналаа цаг алдалгүй хүртээх биз ээ. Тэгээд ч Монголчууд хэзээнээсээ “Бурмаар тэжээхээр урмаар тэтгэ” гэж хэлцсээр ирсэн билээ.

x