Япон улсаас Монгол Улсад үзүүлэх “Төсөв, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн хоёр улсын Засгийн газар хоорондын Солилцох ноот бичигт гарын үсэг зурах арга хэмжээ өнөөдөр Гадаад хэргийн яаманд боллоо. Уг үйл ажиллагаанд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока болон Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар оролцож, гарын үсэг зурсан юм.
Тус хөнгөлөлттэй зээлийн нөхцөл
Энэ талаар Элчин сайд М.Такаока "Та бүхний мэдэж байгаачлан, Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай эдийн засаг, төсвийн шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцож, төсвийн нөхцөл байдлыг шинэчлэх, эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн Монгол Улсын Засгийн газраас авч буй арга хэмжээг Япон улсын Засгийн газар сайшаан дэмжиж, Олон улсын валютын сангийн голлох оролцоотой олон улсын дэмжлэгийн хүрээнд 3 жилийн хугацаанд 850 сая ам.доллар хүртэлх санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд байгаа билээ.
Энэ удаад олгох хөрөнгө нь Монгол Улсын Засгийн газарт тулгамдаад буй санхүүгийн бэрхшээлийг даван туулах зорилгоор 2017 оны улсын төсөвт төвлөрнө. Ингэснээр Монгол Улсын төсвийн дарамтыг бууруулахын зэрэгцээ төсөв, нийгэм, эдийн засгийг тогтворжуулахад хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна.
Одоогоор нүүрс зэрэг байгалийн баялгийн үнэ өсөж, экспорт нэмэгдэж Монгол Улсын эдийн засагт өөдрөг нөхцөл байдал ажиглагдаж байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газар төсвийн сахилга батаа сайтар хангахын сацуу Япон улсын Засгийн газраас үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг хамгийн үр бүтээлтэйгээр ашиглан, төсвийн нөхцөл байдлаа баттай шинэчлэн сайжруулж, эрүүлжүүлнэ гэдэгт гүнээ найдаж байна" гэсэн юм.