Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Батзандан: Д.Энхбат агсны гэр бүлийнхний өргөдлийг Байнгын хорооны даргад өгсөн

Т.Саран, iKon.mn
2017 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Ж.Батзандан цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Германд ажлаар явах үеэр Д.Энхбат агсны гэр бүлийнхэнтэй уулзлаа. Тэд нийтийн сонсгол болох гэж байгаа тухай сонссон танд бид үнэн бодит байдлыг яръя гэсэн. Уг өргөдлийг өнөөдөр албан ёсоор Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргад шилжүүлэн өгч байна.

Д.Энхбат агсны ар гэрийнхэн аавыг маань Францад цагаачлалын эрхээ авчихсан байхад нь Монголын Тагнуулын байгууллагын ажилтнууд хулгайлж авч явсан гэж хэлсэн. Энэ бол албан ёсны баривчилгаа байгаагүй. Европын холбооны улсын нутаг дэвсгэр дээр албан ёсны баривчилгаа хийх тохиолдолд зөвхөн тухайн улсын хуулиар олон улсын хэм хэмжээний хүрээнд уг улстай хамтарч хийдэг.

Монголын Тагнуулын байгууллага хууль бусаар манай гэр бүлийн хүнийг хулгай хийсэн гэж Д.Энхбат агсны гэр бүлийнхэн хэлсэн. Хулгайн хэрэгт оролцсон этгээд цензургүй яриагаар орохдоо тэднийг гүтгэсэн талаар мөн ярьсан.

Д.Энхбат агсны гэр бүлийнхэн нийтийн сонсголд оролцох хүсэлтэй байгаа. Хүний аминд хүрчихээд уучлал гуйх ёстой. Бид Монголын төрд гомдолтой байна. Б.Хурцыг Европын холбооноос хүн хулгайлсан хэргээр шалгасан юм билээ. Одоогоор хэрэг нь түр түдгэлзсэн байгаа. Албан ёсоор хаагдаагүй гэсэн үг.

Мөн тухайн үед Элчин сайд байсан хүмүүс Б.Хурцын тухай албан ёсны бичгээ Монгол Улсын Засгийн газар, тагнуулын байгууллагад хүргүүлж байсан байна. Б.Хурц хүний наймаа болон өөр хууль бус үйлдлүүдэд холбогдож байсан мэдээлэл байгаа. Эдгээр асуудлыг бид нийтийн сонсголын үеэр дэлгэж тавина" гэлээ.

Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлын хүрээнд нийтийн сонсгол явуулах эсэх тухай асуудлыг яг одоо Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд хэлэлцэж байгаа юм.