Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Урлагийг ойлгохуй

ikon.mn
2017 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

1.УРЛАГИЙН БҮТЭЭЛИЙГ УНШИХ

Нийгэм хэмээх аварга том машины эд анги болох тавилантай хүмүүн биднийг  нэгэн хэвийн уйтай амьдралаас хором ч гэсэн холдуулахын тулд урлаг оршин буй. Гэвч зарим хүмүүс үүнийг зөвхөн мөнгө олох хэрэгсэл мэт харж, хүнийг саваагүй, адгууслаг араншинд урин дуудсан арилжааны бүтээл голчлон төрөх болжээ. Чухамдаа жинхэнэ урлаг хэмээгч нь хүнийг сайн сайханд хөтлөх учиртай. 

Аль нь жинхэнэ, аль нь арилжааны урлаг вэ? Ер нь урлаг гэж юу вэ? Мариа Карла Прэттэгийн “Урлагийг ойлгох” номноос та энэ бүхний хариултыг дэлгэрэнгүй, энгийн ойлгомжтой байдлаар авах болно. Мөн та 1000 гаруй урлагийн сод бүтээлүүдийг үзэж сонирхох боломжтой ба урлагийн түүхэн үе, хэв маяг зэрэг цогц ойлголтыг танд хүргэнэ. 

Монсудар хэвлэлийн газраас орчуулан гаргаж буй энэхүү номоос албан ёсны зөвшөөрөлтэйгөөр цувралаар хүргэж байна. 

  Анхандаа урлаг гэх үгээр гараар үйлдэгдсэн эдийг төдийгүй үйл ажиллагааг ч нэрлэж байж. Үүний улмаас дархан, гуталчин, түүнчлэн найрагч, барималчны ажлыг урлагт тооцож байсан хэрэг. Гэвч яваандаа хүмүүсийн хэрэгцээ, зориулалтаас шалтгаалан гар урлал хэмээх болжээ. 

УРЛАГИЙН БҮТЭЭЛИЙГ ХЭРХЭН УНШИХ ВЭ?

Хэрвээ үзэгч урлагийн бүтээлийн өмнө зогслоо гэхэд юуны өмнө мэдээлэл хэрэгтэй болдог. Мэдээллүүдийг музейн орчинд бол ихэнхдээ пайзан самбарт тэмдэглэсэн байдаг. 

  • Бүтээлч (нэр, хэн болох танилцуулга)
  • Бүтээлийн оноолт
  • Бүтээсэн он (огноо)
  • Бүтээлийн хэмжээ
  • Бүтээлийн байршил (хадгалах газрын нэр) 
  • Бүтээлд хэрэглэсэн техник
  • Бүтээлийн төрөл зүйл зэрэг болно. 

Дүрслэх урлагийн сонгодог төрөлд уран зураг, уран баримал, уран барилга, мөн хэрэглээний урлаг ордог. Аливаа бүтээл эдгээр төрлийн нэгэнд хамаардаг. Цаашилбал техник технологийн горим (ж.нь, тосон, темпор, фреско... гэх мэт), бас эдээрээ (ж.нь, гантиг, мод, баримал... гэх мэт) ялгардаг. Сэдэв буюу агуулгаараа бас төрөл болоод айд ангилагддаг: сокральчилсан, иргэншүүлсэн, домогчилсон, түүхчилсэн, ёгтолсон, хөрөгчилсөн, байгальчилсан, эдчилсэн гэх мэт.

Тандаж судлах

Хэрэв та дээрх мэдээллийг авчихвал бүтээлийг нарийн сонжих боломжтой. Үүнээс дүрсний уншлага эхлэх бөгөөд зурагт юу дүрсэлснийг, үзэгч дүрснээс юуг “харж” болохыг сонжоод эхлэх нь тэр. 

Ажиглаж тайлах

Сонжсоныхоо дараа уран бүтээлийг ажиглаж тайлах шатлал эхэлнэ. Үүний удаад бүтээлийг тайлах хамгийн ээдрээтэй ажиглалт “уншлага”-ын шат руу шилжинэ. Аливаа урлагийн бүтээлийг тайлж тайлбарлахын тулд мэдээллийн илгээмж, тусагдахууныг юун түрүүнд ойлгох шаардлагатай. Үүнтэй уялдаад бүтээл бий болсон шашин, түүх, соёлын хам бичвэрийг судлах зайлшгүй шаардлагатай.

Хамгийн чухал нь бүтээлчийн ашигласан илэрхийллийн хэрэглүүрийг ажиглах, өөрөөр хэлбэл хэлбэр хэллэгийг анхаарвал зохино. Чухамдаа бүтээлийн уран сайхны үнэлэмжид хамааралтай өнгө, орон зай, зураас буюу тэг галбиршил (баримал), түүнчлэн архетоник зохицол (барилга)-оо хэлбэртэй хэрхэн уялдуулж зохиомжлохоос шалтгаална.

Аливаа бүтээлийн тайлалд тэмдгийн утгыг заавал таних хэрэгтэй; яагаад гэвэл бүтээлчийн туурвилд тодорхой утгууд тэмдэглэсэн байх тул түүнийг ажиглагч эхлээд шууд олж харахгүй ч байж мэднэ. Эцэст хэлэхэд, бүтээлтэй уялдах зүйлсийг, өөрөөр хэлбэл бүтээл цогцолсон эрин зуун болоод дүрслэгдсэн орчныг сонирхох нь бүр ч чухал билээ. 

Нэг жишээ

 
Рафаэль Санти. “Мариагийн гэрлэлт” / Спозалицио (Брерагийн уран зургийн галерей, Милан хот)

Дүрс тандалт: Уг зурагт хосыг адислагч нэгэн настныг голлуулж, түүний хоёр жигүүрээр хэсэг хүмүүсийг тэгш хэмтэй авч байрлуулсан ба хосыг адислаж харагдана. Зургийн наад хэсэгт байгаа хүмүүс гэхэд уужим орон зайг эзэлсэн, бөмбөгөр оройт барилгын орчимд байна. 

Сэдвийн тайлал: Энд Иозеф, Мариа хоёрын хуримлах ёслолыг харуулжээ. Хосыг адислагч настан нь тахилч бөгөөд залуу бүсгүйн талд бэргэд, хар хүүгийн талд бараалагсад зогсоно. Зургийг хэд хэдэн тэмдэгтээр өргөтгөжээ. Урд эгнээнд нэгэн залуу модон савааг өвдөглөн хугалж буй: энэ бол Мариатай гэрлэхийг санаархагсдын нэг бөгөөд итгэл алдарсныг нь харуулжээ, бусад залуус гартаа нарийн саваа барьсан зогсох боловч гагцхүү хүргэн хүүгийнх л цэцэглэж буй: энэ бол домгийн үйлдлээрээ Ертөнцийн эзэн газар дээрх Христийг сонгосны шинж бөлгөө. 

Илэрхийллийн хэлбэр, хэллэг: Зургийн хамгийн чухал хүчин зүйл нь орон зай: Рафэль орон зайг судалбарынхаа гол оногдохуун болгожээ. Дүрсний байршил, тэр ч бүү хэл зураас болгоныг, бүр гэрэл сүүдэр, байр байдал болоод үйл хөдлөл зэрэг нь илэрхийллийн нэг орон зайг үүсгэж байна. 

Илгээмж: Энэ бүтээл хосолсон илгээмжтэй: 

  • Христийн түүхийн нэг л үзэгдлийн тухай мэдээлнэ. 
  • Гоо сайхан ба зохирол, тэнцэтгэл ба төгс гүйцэтгэлийн ойлголтыг дамжуулна. 

Уялдаа холбоос: Рафаэль Пэружиногийн шавь байснаар хучилтат талбай, бөмбөгөр оройт барилгын сэдлийг түүнээс уламжлан авсан билээ. Тэдний бүтээлийг харьцуулж жишвэл, Рафаэль зохиомжоо багшийнхаасаа нэлээд зохиомжтой туурвисан нь анзаарагддаг.”Мариагийн гэрлэлт” зургийн уншигдах бичвэр тайлагдах боломжтой бөгөөд сэдлийн холбоос нь гаргалгаагаар баялаг аж:

  • Төвийн перспектив (алслал) – сэргэн мандалтын үеийн гол сэдэв;
  • Төвийн бөмбөгөр оройт барилга – сэргэн мандалтын үеийн уран барилгын тэнцэтгэл, тэгш хэмийг илтгэнэ. 
 
Пиэтро Пэружино, “Түлхүүр гардуулалт”, 1482 оны орчим, (Сикстийн сүм, ром хот)

Номын тухай дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.monsudar.mn/books/view/66/