Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

YouTube компани контентын цагдаагийн үүрэг гүйцэтгэх 10,000 ажилтан нэмж авна

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн том видео үйлчилгээ болох YouTube ирэх жил илүү олон хүнийг хяналтын ажилтнаар ажиллуулж, хиймэл оюуныг ашиглан буруу агуулгатай контентыг шүүх чадвараа нэмэгдүүлэхээр болжээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал Сюзан Войчицки хэдхэн цагийн өмнө энэ талаар өөрийн блогтоо бичсэн байна. Тухайлбал 2018 онд YouTube зөвхөн агуулгад хяналт тавих үүрэгтэй 10,000 шинэ ажилтнаар хүчээ сэлбэхээр болжээ.

Өнгөрч байгаа онд экстремизм, садар самуун, хүчирхийлэл агуулсан зэрэг олон төрлийн буруу контенттой тэмцэхэд хүчин мөхөсдөж байснаа Войчицки нуугаагүй байна. “Бидний зорилго бол муу хүмүүсээс нэг алхмын өмнө ажиллаж, YouTube сүлжээнд буруу агуулгатай контентыг нэвтрүүлэхгүй байх юм” гэж тэрээр блогтоо бичжээ.

Энэ жил тус компанийг зохисгүй агуулгатай видео тараасанд буруутган олон компани сурталчилгаагаа зогсоож, бойкот хийж байв. Үүний хариуд YouTube хэдэн мянган хэрэглэгчийг устгаж, 150,000 орчим контент устган, 625,000 орчим контентын сэтгэгдлийг хаажээ.

Хүн хүчээ нэмэгдүүлэхээс гадна “machine learning” алгоритм ашиглан хиймэл оюуны хүчээр буруу контенттой тэмцэхээр болсон байна. Өнгөрсөн зургаадугаар сараас хойш тэд хиймэл оюунтай машин ашиглан 150,000 гаруй зохисгүй агуулгатай видеог илрүүлж устгасан нь 180,000 хүний бүтэн цагаар гүйцэтгэх ажлыг амжуулсан гэж Войчицки мэдээлжээ.

Одоогоор тус сүлжээнд орсон зохисгүй агуулгатай контентын устгалын 98 хувийг машин гүйцэтгэж байгаа гэнэ.

Ийнхүү хүний хүчийг машины хүчтэй хослуулсан YouTube сүлжээнээс 2018 онд сөрөг буруу агуулгатай дүрс бичлэг олж үзэх боломжгүй болгох гэнэ.

 

Эх сурвалж: CNET