Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Доржханд: Улс орныг сэтгэлээс илүү бодлогоор, мэдлэгээр удирддагийг ойлгох цаг болсон

Г.Отгонжаргал, Үндэсний шуудан
2017 оны 12 сарын 5
Үндэсний шуудан
Зураг зураг

Олон улсын валютын сангийн Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан захирлын зөвлөх асан, эдийн засагч Т.Доржхандтай ярилцлаа.

-Танд өдрийн мэнд хүргэе. Таны ширээн дээр Сангийн яамнаас эрхлэн гаргадаг ирэх оны төсвийн танилцуулга байхыг сая харлаа. Мөн компьютер дээрээ хувь хүний орлогын албан татварын мэдээллийг нээчихсэн үзэж байгаа бололтой. Нүдэнд ил байсан болохоор харчихлаа, уучлаарай. Гол нь өнөөдөр төрд тодорхой албан тушаал эрхлээгүй байгаа учраас юуны учир төсвийг ийнхүү судалж, харж байгааг сонирхож, тодруулъя гэж бодлоо?

-Сангийн яаманд олон жил ажилласан хүний хувьд аливаа зүйлийг тоон мэдээлэл, бодит баримтан дээр тулгуурлаж, ярихыг хичээдэг. Дээр нь, Олон улсын валютын санд ажилласан туршлага маань бас байнга тоо бодож, тоо харж дүгнэх үүргийг ерөнхийдөө хэвшил болгосон байх талтай юм.

-Тэгвэл таны яг одоо онцолж харж байгаа, дүгнэлт хийж буй тоон үзүүлэлт юу байна вэ? 

-Гол нь төсөв өөрөө хөгжлийн эх үүсвэр учраас их зөв байх ёстой. Зөв байна гэдэг нь бодлого дээр үндэслэгдэх зарчим. Бодлого нь тодорхой, урт хугацааны, хөгжлийг дэмжсэн байх хэрэгтэй. Гэтэл Монголд ерөөсөө бодлого дээр суурилсан төсөв сүүлийн жилүүдэд батлагдаагүй. Энэ нь жил жилийн нийтлэг алдаа болж уламжлагдаж ирсэн байна. Ердөө л өнөөдрийг аргацаасан төсөв баталдаг болчихсон.

Эндээс тоогоо, алдаагаа үндэснээс нь эхэлж ярих ёстой. Төсвийн бүтцийг аваад үзэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 31.8 хувь байна. Зардал нь 21.8 хувь. Зөрүүг нь шууд өндөр үнэтэй зээлчихдэг. Иймд нэгдүгээрт, урсгал санхүүжилт нь 80 хувиас дээш, хөрөнгө оруулалтын зардал буюу хөгжлийг дэмжсэн зардал нь 20-иос доош хувь байна.

Манай төсвийн алдагдал нь дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад найман хувь байдаг. Гэтэл хөрөнгийн зардлын 20 хувийг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахаар ердөө зургаан хувь л болж байна. Тэгэхээр төсвийн алдагдлаас бага хэмжээтэй санхүүжилтийг хөгжлийг дэмжихэд зориулж байна аа гэсэн үг. Эндээс бид бүтээн байгуулалтаа дандаа зээлээр хийдэг үндэстэн юм байнаа гээд ойлгочиход болно.

-Тэгэхээр манай төсөв үр өгөөж муутай, сайжруулах шаардлага их байна гэж ойлгож болох уу?

-Тиймээ, бид төсөвтөө үнэлгээ өгч тоонуудаа илүү задалж харах хэрэгтэй юм. Тэгэхээр сүүлийн 27 жилийн туршид хийгдсэн төсвийн хөрөнгө оруулалтыг харахаар томоохон, үр ашигтай бүтээн байгуулалт байхгүй байна. Учир нь байгаа жаахан эх үүсвэрээ 76 тойрогт татаад хэмжээ болон үр ашгийг нь бууруулаад байдаг. Мөн хөрөнгө оруулалтын төслийн үр өгөөжийг тооцдог, үнэлгээ хийдэг бүтэц байхгүй байна.

Тиймээс ч төсвийн үр ашигтай зарцуулалтаараа Монгол Улс хамгийн доор буюу сүүлийн 25 орны нэгд орж байна. Африкийн орнуудтай хамт явж байна. Энэ бол маш том асуудал. Маш том анхааруулга. Эндээс төсвийн зарцуулалтыг үр ашигтай байлгах шинэчлэлийг хиймээр байгаа юм. Хоёрт төсвийг юунд зарцуулах ёстой юм бэ, яагаад хийх ёстой юм гэдгийг сууриар нь сайн ярилцмаар байна. Үүнийг Монголын эдийн засгийн онцлогтой холбон ярьж, төлөвлөж, бодлого болгохгүйгээр бид нар урагшаа явахгүй.

-Тэгвэл Монголын эдийн засгийн онцлог нь юу юм бэ. Уул уурхайгаас өөр хувилбараар бодвол?

-Байгаа боломж нь бид байгалийн нөөц ихтэй. Гэхдээ дэлхийн 200 гаруй орны 50 орчим улс нь газар доороо баялагтай. Тэдний онцлог нь маш их баян хоосны ялгаа өндөртэй байдаг. Яагаад гэхээр газрын доорх баялгийг хэн ашиглаж байгаа нь л баян байдаг. Энэ бол тэдгээр улс болон бидний онцлог. Иймд нэгэнт цаашаагаа улс орон хөгжөөд, орлого олоод явна гэхээр манай улсын орлогын тэгш бус байдал улам л их болно. Тиймээс төсвөөр үүнийгээ балансжуулж, тэнцвэржүүлэх хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл төсвөөрөө дамжуулж баян хоосны ялгааг арилгах боломжтой гэсэн үг. Төсөв энэ үүргийг хүлээнэ гэсэн үг. Орлого ихтэй хүмүүсээс нь ихийг аваад орлого багатай хэсэгтээ дамжуулж өгөх гэж хэлж болно. Энэ бол татвараараа аваад зарлага, санхүүжилтээрээ хийнэ ээ гэсэн үндсэн санаа. Төсөв хүссэн хүсээгүй ийм зохицуулалтаар хийгдэх ёстой. Тэгж чадаагүй улс оронд нийгмийн эмх замбараагүй байдал үүсдэг. Аз жаргалтай Улаанбаатар хот гэж яриад байна.

Гэтэл баячууд нь усныхаа урд талд гарч, хашаагаа өндөрлөж тор татаад, харуул нь буутай болчих юм бол ямар юмны аз жаргалтай хот байх вэ дээ. Тэр хэрээр эсрэгээрээ гэр хороолол улам л тэлнэ. Тэгэхээр энэ зам руу явж байгаа нөхцөлд үүнийг шийддэг хамгийн том арга хэрэгсэл нь төсөв. Үүнийг маш сайн ойлгох хэрэгтэй. Заавал эдийн засагч байх албагүй. Ерөнхий ойлголтыг нь мэдлэг байх ёстой юм.

-Таны бодлоор тэгвэл төсөв энэ үүргээ биелүүлж чадаж байна уу?

-Чадахгүй байгаа нь өөрөө Монгол Улсын асуудал болчхоод байна. Төсвөөр Монгол Улс гурван сая хүнтэй бол гурван сая хүн тус бүрийн эрх ашгийг дээдэлсэн тэр л арга хэмжээг санхүүжүүлэх ёстой. Гол нь нийтийн эрх ашиг. Төсөв өөрөө энэ үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа учраас Монголд баян, хоосны ялгаа өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Харин ч бүр эсрэгээрээ яваад байна.

-Яагаад?

-Тоогоо ярих хэрэгтэй. Өнөөдөр 2.3 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан. Өмнө нь 2.6 буюу түүнээс ч их алдагдалтай байсан. Зөвхөн алдагдлыг харахад л хангалттай. Алдагдлыг гадаад болон дотоод зээлээр л нөхдөг, санхүүжүүлдэг. Өөрөөр хэлбэл бид гаднын хөрөнгө оруулагчид, тэр дундаа гаднын банк санхүүгийн байгууллагад мөнгө хийж өгч байна гэсэн үг. “Мазаалай” бондод жилийн өмнө 10.7 хувийн хүү өгч байсан. Энэ бол маш өндөр хүү.

Төсвөөрөө дамжуулж баян хоосны ялгааг арилгах боломжтой

Дотооддоо тэгвэл яаж байна гээд харахаар нийт алдагдлын 40-45 хувь нь дотоодын үнэт цаас байгаа. Дотоодоосоо зээлж байна гэсэн үг. Зээлийн хүү нь жилийн 17-18 хувь. Гэтэл үүнийг авагч нь татвар төлдөггүй. Хэн худалдаад авчхав гээд харахаар дандаа банкууд. Нийт худалдан авалтын 90-ээс дээш хувь нь дандаа банкууд. Жирийн иргэд бид Засгийн өндөр хүүтэй үнэт цаас авъя гэвэл хоёрдогч зах зээлээс илүү зардалтайгаар банкуудаас авах боломжтой байгаа.

Тэгэхээр ерөөсөө л банкуудыг дэмжсэн бодлого болоод хувирчихдаг. Үр дүнд нь банкууд 10 хувийн хүүтэй хадгаламжийн хүү татлаа, тэрийгээ нугалаад ашиг хийчхэж байна. Өнгөрсөн оны жилийн эцсийн тайлангаар банкуудын нийт ашгийн төвшин татварын дараах дүнгээрээ 260 орчим тэрбум төгрөг гарсан байсан. Гэтэл дийлэнх ашиг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс бүрдэж байгаа биз. Энэ шударга явдал уу.

Орлого багатай хэсгээ дэмжих ёстой байтал төсвөөр дамжуулаад орлого ихтэй хүмүүсээ ингэж дэмжих нь зөв үү. Өнөөдөр Улаанбаатар хотод баригдаж байгаа хамгийн өндөр барилга хэнийх вэ гээд харахаар банкууд л байна. Энэ бол нэг дэх баримт нь.

-Хоёр дахь нь?

-Ерөөсөө л концесс. Төсөвт хамгийн их ачаалал өгдөг. 2.4 их наяд төгрөгийн концессын асуудал 2013 оноос хойш яригдаад төсөвт суусаар ирсэн. Эргээд концесс нь хэнд ашигтай юм бэ, юунд зарцуулагдаж байна вэ гээд харахаар тодорхой нөөцийг эзэмшиж байгаа компани, тэдгээрийн эздийн эрх ашигт зарцуулагдаад байна. Дээр нь, зах зээлийн үнээс 2-3 дахин өндөр үнэтэй байх жишээний.

Яагаад ингэв гэхээр “төсвөөс мөнгөө өгөөгүй болохоор мөнгөтэй хятадуудыг авчирч хийлгэж байна” гэж хэлдэг. Гэтэл концесс чинь урт хугацааны гэрээ байдаг. Явцын дунд ашгаа аваад эргээд улсад хүлээлгэж өгдөг процесс. Энэ бол түгээмэл хандлага. Гэтэл манайх өнөөдөр барьчхаад маргааш нь төсөвт суулгаад мөнгөө аваад явчихдаг. Ингэхээр чинь нэгд үргүй зардал болж хувирдаг.

Хоёрт ашиг нь нөгөө л орлого ихтэй хэсэг рүү явчхаж байна. Мэдээлэл ихтэй, шийдвэр гаргадаг хүмүүстэй ойрын хүрээний хүмүүс л үүнийг ашигладаг. Дэлхий дээр ийм концесс байдаггүй. Зах зээлийн зарчмаас ангид учраас Олон улсын валютын сан “Үүнийгээ боль. Концессоо цэгцэл” гэж хэлсэн.

-Гэхдээ хэрэгжүүлэх арга зам нь өөр байгаа болохоос бус концесс бол хөгжлийг дэмжих, тэр дундаа дэд бүтцийг хөгжүүлэх хувилбар бол мөн биз дээ?

-Үнэн. Гэхдээ концесс сонгодог утгаараа буюу төр хувийн хэвшлийн түншлэл гэдгээрээ яагаад үүссэн юм бэ гэхээр төрийн оролцоог багасгаж, зардлыг нь бууруулах гэдэг дээр л үндэслэж хийгдэж эхэлсэн. Хэрэв мөнгө гаднаас татах хэрэгсэл гэж харвал тухайн төсөл шууд дампуурдаг, зогсдог. Дэлхийн РРР төслүүдийн 80 хувь нь дампуурсан байдаг. Японд хүртэл галт тэрэгний зам барих концесс зогсож байсан жишээ бий.

Гол нь, өнөөдөр цас орлоо гэхэд төр үйлчилгээний байгууллага ажиллуулж, өдөр болгон цэвэрлэх шаардлага байхгүй. Цас орох нь ойлгомжтой учраас хувийн хэвшилтэй тав, арван жилийн гэрээ байгуулаад энэ ажлаа хувьд шилжүүлээд өгчихдөг. Харин “Та нар үүрийн дөрвөн цагаас эхлээд ажиллах ёстой шүү” гэдэг үүргээ л егнө. Ингэж төр жижгирдэг. Үр ашиг сайжирдаг. Хувьчлал зүүн Европын орнуудад алдагдалтай, асуултын тэмдэгтэй болоод ирэхээр нь 2000 оноос энэ арга замыг идэвхжүүлсэн. Ерөөсөө л төр өөрийн үүрэг хариуцлагыг хувийн хэвшил рүү шилжүүлж байгаа хэлбэр. Үүнийг концесс гэж нэрлэсэн. Гол классик утга санаа нь энэ.

Концесс төгөлдөржихийн хэрээр хувийн хэвшил хөгжинө, ажлын байр нэмэгдэнэ, төр жижгирнэ. Гэтэл манайх үндсэн үүргийг нь хажуу тийш нь шидчихээд шууд хөрөнгө оруулалт, мөнгө гэж харсан. Улстөрчид нь өөрсдийн ашиг сонирхол бүхий төсөл рүү хөрөнгө оруулалт болгож оруулаад байна. Үүнийг яаралтай зогсоох хэрэгтэй. Төсвийг алдагдалтай болгож байгаа үндсэн хоёр хүний зүйл нь ерөөсөө энэ. Мэдээж дээр нь татварын асуудал нэмэгдэнэ.

Нэгэнт эдийн засаг орлогын тэгш бус байдал бий болж байгаа нөхцөлд татвараар зохицуулах хэрэгтэй. Төсөв дотроо татвар бол маш том функц. Үүнд зөвхөн уул уурхайн нөөцийн асуудал орохгүй. Өндөр үр ашигтай олигополь, монополь бизнесүүд ч хамт яригдах ёстой. Архи тамхи, нефтийн бүтээгдэхүүн зэрэг онцгой нэр төрлийн бүтээгдэхүүнээсээ татвараа нэмж авах хэрэгтэй. Дээр нь, мөнгө хаана байна вэ гэдгийг бодох хэрэгтэй.

-Мэдээж банканд байгаа?

-Яг үнэн. Дээр нь, манай банк хэтэрхий олон байна. Ийм үр ашиггүй банк олон байх хэрэг байгаа юм уу гэдгээ өнөөдөр бодох цаг, шийдэх цаг болсон. Ашиг нь хэтэрхий өндөр. Өндөр өндөр байшин бариад салбараа эмх замбараагүй дурын газраа байгуулаад ирэхээр аяндаа өөрсдийгөө тэжээхийн тулд бусдын зах зээл рүү дайрч, эзэлж эхэлдэг. Өнөөдөр бүгд наад зах нь даатгалын үйлчилгээ хийж байна. Үндсэн зорилго нь энэ хэрээр алдагдана. Системээ бүхэлд нь эвдэж, эзэлж байна. Бусдын хөгжлийг боодог ийм гаж тогтолцоо байж болохгүй.

-Олон улсын валютын сан Өмнөд Солонгост гэхэд 1997 оны үед арилжааны банкны хэт замбараагүй тэлэлтийг зохицуулж, өнөөдрийн зөв хөгжлийн суурийг бий болго-ход тусалсан гэж яригддаг. Гэхдээ манайхны хувьд банкны дампуурал гэдэг өөрөө их эмзэг сэдэв. 1990 оноос хойш гурван ч удаа банкны салбар доргисон. Үүнээс зөвхөн иргэд гэлтгүй төр засаг ч айж, эмээж байгаа. Иймд Олон улсын валютын сангийн арилжааны банкуудад хийлгэж буй аудитын шалгалтын ард банкууд дампуурвал яах вэ гэдэг болгоомжлол байна. Энэ нь бодит айдас мөн үү?

-Энэ асуудлыг ярихаас өмнө үр ашиг гэдгийг тодруулж ярих хэрэгтэй байна. Тэр нь юу вэ гэхээр нэг аймгийн төвд гэхэд 10 гаруй бензин колонк, бүх банкны ATM байх жишээний. Гэтэл зах зээл нь жаахан байгаад байдаг. Тэнд тэр олон салбар ажиллаад байх шаардлагагүй. 2-3 байхад хангалттай. Бодлого дээрээ бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа тодорхой болгоод, салбаруудын үр ашгийг хэрхэн дээшлүүлэх вэ гэдгээ тодорхой болгочихвол энэ их бөөгнөрөл аяндаа хэрэггүй гэдэг нь батлагдана.

Өрсөлдөөн мэдээж байх ёстой. Гэхдээ Монгол бол нэг улс. Нэгдсэн бодлого, төлөвлөлт байх ёстой. Тэр дундаа “хувийн хэвшлийнхэнд үүнийг ойлгуулах цаг болсон. Ийм зохицуулалт байхгүй задгай тавьчихаар эргээд Монгол Улсын үр ашиггүй зардлыг л нэмнэ. Өөрөөр хэлбэл, Монголд 14-15 банк байх шаардлагагүй. Сая өөрөө Олон улсын валютын санг асууж байна.

Концесс төгөлдөржихийн хэрээр хувийн хэвшил хөгжинө, ажлын байр нэмэгдэнэ, төр жижгирнэ.

Өмнөд Солонгосыг ч хэллээ. 1997-2000 оны хооронд ОУВС Өмнөд Солонгост орж ажиллахад яг манайх шиг нөхцөл үүсэж, банкны салбар нь бүхэлдээ хямарчихсан байсан. Орж ирсний эхний зургаан сарынхаа хугацаанд үр ашиггүй банкуудыг хаах, нэгтгэх ажлыг хийсэн. Үр дүнд нь дөрвөн банк л үлдсэн. Одоо яг тэр хэвээрээ байгаа. Үүнээс нь болж банк дампуурч, иргэд хохирсон зүйл байхгүй. Энэ чинь ердөө л зохион байгуулалтын асуудал байхгүй юу. Харин ч үүсээд байсан хямралт нөхцөл байдал нь бүгд арилсан.

-Монголын одоогийн нөхцөлтэй адил гэдгээ та тодруулахгүй юу?

-Ойлгомжтой. Яг манайх шиг ерөөсөө л 10 гэр бүл эдийн засгаа атгачихсан, улс төрөө барьдаг байсан. Бүгд банктай, банкаараа дамжуулж улс орныхоо үнэ цэнэтэй зүйлүүдийг барьцаалаад авчихсан, үйл ажиллагаа нь цэврээр явж байгаа жижиг дунд бизнесийг булааж авдаг болсон байсан. Төр нь тэр болгоныг цэгцлэхийн тулд Олон улсын валютын санд санал тавьж, жил гаруй хугацаанд хөөцөлдөж байж оруулж ирсэн.

Мөн л манайхтай адилхан нөгөө гэр бүлийнхэн асар их эсэргүүцсэн. Манайхаас ялгаатай нь бүлэглэлд багтаагүй улстөрчид нь зориг гаргасанд л байгаа юм. Ингэснээр улс төр, бизнес хоёр нь салж, завсрын ханыг маш томоор, зузаанаар хийж өгсөн. Заагийг нь гэсэн үг шүү дээ. Үүний үр дүнд Өмнөд Солонгос хөгжилд хүрсэн гэдгийг төрийн албаныхан, бодлого боловсруулагчид нь бүгд ярьдаг. Манай улсад Олон улсын валютын сан орж ирсний хамгийн том үр дүнг би хувьдаа ингэж харж байгаа.

Гол нь бид нар өөрсдийн хүчээр энэ өөрчлөлтийг хийж чадахгүй. Банкууд нь улс төрдөө нөлөөлдөг, УИХ-ын 76 гишүүний олонх нь тэдний эрх ашигт хөтлөгдсөн байгаа тохиолдолд бүр ч чадахгүй. Ер нь өнөөдрийн УИХ-ын гишүүдийг харахад яг төрийн шийдвэр гаргаж байсан, улс төрийн, төрийн ажлын туршлагатай нь арван хувьдаа ч хүрэхгүй байна. Ийм хандлагатай байгаа тохиолдолд цэгцлэх ажиллагааг яаравчлах хэрэгтэй. Ингэхдээ мөнгө хаа байна тэндээс эхлэх ёстой. Тэгэхээр л эргээд банкууд руу чиглэчхэж байгаа юм.

-Гол нь эрсдэл?

-Иргэдэд ямар ч эрсдэл үүсэхгүй. Эргэлзэх хэрэггүй. Төр зохицуулалтаа хийгээд иргэдийн хадгаламжийг өөр нэг банк руу шилжүүлээд л явна. А гэдэг банк дээр данстай байсан бол Б гэдэг банк руу шууд шилжүүлчих л асуудал. Магадгүй банкууд эрсдэлтэй гэдэг мессежийг зохион байгуулалттай ч тарааж байгааг үгүйсгэх аргагүй юм.

-Энд гэхдээ нэг анхаарах ёстой сэдэв байх шиг байгаа юм. Тэр нь Монголын эдийн засаг банк гэсэн ганцхан тулгууртай байгаа тухай. Энэ тохиолдолд арилжааны банкуудыг оролдох нь эргээд улс орныхоо эдийн засгийг бүхэлд нь унагах эрсдэлтэй гэж. Ядаж л хөрөнгийн зах зээл хөгжчихсөн бол өөр нэг тулгуурт найдаж болно оо доо. Гэтэл манайд банкаас өөр эдийн засгийн 90 гаруй хувийг тулах хүч алга байна гээд улстөрчид, бизнес эрхлэгчдийн гол яриа энэ сэдэвт эргэлдэж байгааг та мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл, банкууд хүн чанаргүй, шуналтайдаа бус нөхцөл байдал өөрөө тэдэнд тэлэх боломж олгосон. Төр хөрөнгийн биржээ дэмжээгүйн алдааг банкууд үүрч байна гэж үзээд байна шүү дээ?

-Үгүй ээ. Наадах тайлбарын чинь 100 хувь эсрэг байна. Мөнгө эрх мэдэл авсан хүмүүсийн хандлагаас л өнөөдрийн эдийн засгийн бүтэц бүрэлдсэн. Хөрөн-гийн зах зээл хөгжихгүй байгаа цаад учир шалтгаан нь банкуудын лоббитой холбоотой. Тэд улс төрд маш их хүчтэй байна. Дээрээс нь салбар дотроо бүх системийг эвдэж байна. Миний хувьд Олон улсын валютын сангийн хөтөлбөр амжилт олсноор Монголын эдийн засаг ёстой жинхэнэ утгаараа олон тулгуур баганатай болох боломж бүрдэх болов уу гэж харж байгаа.

Гэхдээ миний хувьд банкуудыг муухай хардаг хүн биш шүү. Үүнийг бас ойлгоорой. Үнэхээр эдийн засгийн тусгаар тогтнолын цусыг сэлбэж, өнөөдрийг хүртэл даагаад явсан нь үнэн. Гэхдээ тэдэнд зориулж цемент цутгаж, хөшөө босгох асуудал бол байж болохгүй. Монгол чинь бүхэл бүтэн улс байхгүй юу. Энэ улсын эдийн засгийн нэг хөшүүрэг байх үүргээ, эрхээ тэд эдлэх, үүрэх эрхтэй. Гэхдээ бүхэлд нь хэрж, удирдаж, базаж бол харин болохгүй.

Хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээлийг банкууд бүхэлд нь барьж байна. Хөрөнгийн зах зээл дээр мөнгө босголоо гэхэд “Та нар манай ашгийг өөр зохицуулалтгүй хэсэг рүү явуулчихлаа” гээд шүүхдээд эхэлдэг. Санхүүгийн зохицуулах хороон дээр энэ талаар бөөн асуудал байгаа. Сүүлдээ Сангийн яам, Хөгжлийн банк хоёр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нэг банкны кассаар л ажиллачихлаа. Энэ бол бодитой дүгнэлт. Хөгжлийн банк бол хөгжлийг дэмжих зөв бүтэц. Үүнийг гаргаж ирсэн нь сайн.

Харамсалтай нь захиран зарцуулалтыг нь ганц арилжааны банк л шийдчихэж байна. Ийм байж болохгүй. Дээр нь, манай сэтгүүлчид бас их улстөрчдийг тойрон хүрээлж, тэднээс илүүтэй мэдээ мэдээллээ бэлтгэх юм. Гэтэл ихэнх улстөрчид нь эдийн засгийн ойлголтгүй, мэдлэггүй байдаг. Бусад улс орон ямар замаар хөгжилд хүрсэн бэ гэдгийг судалж, эх оронд нь суралцаж, ажиллах нь битгий хэл очиж ч үзээгүй хүмүүс энд бодлого боловсруулаад сууж байна.

Жишээ аваад ард түмэнд таалагдахын тулд гоё сайхнаар яриад байна. Үүнийхээ оронд ядаж учрыг нь мэддэг, номыг нь уншиж, ногоотой шөлийг нь идсэн, тухайн улс оронд нь ажилласан туршлагатай хүмүүсийнхээ үгийг сонсож, туршлагыг нь хуваалцах замаар төрийнхөө бодлогод тусгадаг болох хэрэгтэй. Яг үнэндээ Ардчилсан намд ч, МАН-д ч сайн эдийн засагч дутагдалтай байгаа нь анзаарагдаж байгаа. Мэдлэггүй хүмүүсээр удирдуулж байгаа улс орон яаж ч хөгжих вэ дээ.

-Та уг нь УИХ-д нэр дэвшиж бас үзсэн байх аа?

-Дахиад ч нэр дэвшинэ. Гол нь, намын батлахаараа түрий барьсан ямар ч мэдлэг боловсролгүй хүн төрийн ажил хийнэ, чамайг удирдаад ажиллана гэхээр олон чадварлаг залуучуудын урмыг хугалдаг. Би Сангийн яаманд 10 гаруй жил ажиллаад сүүлдээ энэ шалтгаанаар ажлаасаа гарч байсан. Дараа нь Олон улсын валютын санд ороод, тэндээсээ Монголоо харсан чинь маш муухай харагдсан.

Монгол ч гэж Монголын улстөрчид юм л даа. Үнэхээр муухай харагддаг юм байна лээ. Өөрсдөө уг нь ядаж ганц удаа ч болов өөрсдийгөө гаднаас нь хараад үзчихмээр л байгаа юм, энэ улстөрчид. Өөрийн эрхгүй эх орноо өмөөрөх, харамсах сэтгэл төрж улс төрд орох шийдвэр гаргасан.

-Саяхан яг Монголд төрийн албанд нэлээн өндөр албан тушаал хашиж байсан хүн олон улсын байгууллагад ажиллаж эхлээд “Манай Монгол гаднаасаа ямар муухай харагддаг юм бэ” гэж мөн хэлсэн байсан?

-Үнэн. Үнэхээр бид нар хааяадаа гаднаас эх орноо хармаар юм байна лээ. Ичих булчирхай жинхэнэ утгаараа хөдөлнө. Ядахад манай улстөрчид Вашингтон руу ямар их ирдэг юм. Гэхдээ дэлхийн эдийн засгийн төв гэдэг утгаар нь ирсэн хэр нь ярьж байгаа зүйлийг нь сонсохоор бас л нүүрний хөлс гарна шүү дээ. Ярьж байгаа юм нь их жижигхэн. Хэцүү, хэцүү.

-Та мэдээж хаяадаа орчуулга хийх хэрэг гарч байсан байх. Ичсэндээ яриаг нь орчуулахгүй байх үе гарч байв уу?

-Би нэг их орчуулга хийгээгүй л дээ. Олон улсын валютын сангийн Ази номхон далайн бүсийг хариуцсан зөвлөхийн хувиар уулзалтад хааяа оролцоно. Мэдээж зарим тохиолдолд  орчуулга хийх үе байна. Тэр үедээ засаж орчуулна. Зарим хэсгийг нь хаяна. Чингис хааны “Төрд ухаантай чадвартай хүн байх ёстой” гэсэн үг байдаг. Гэтэл одоо тийм зүйл нь алга. Дэлхийн түүхүүдийг авч үзэхээр төр улсаа авч явж байгаа хүмүүс нь дандаа оюуны элитүүд, чадвартай нөхөд байдаг.

Тэгж байж улс орон нь хөгжилд хүрсэн байдаг. Гэтэл манайхан сэтгэл ярьдаг. Мэдээж улс орон удирдахад сэтгэл зүрх хэрэгтэй. Гэхдээ чадвар, эрдэм мэдлэг хамгийн чухал. Тэр дундаа гурван сая гаруйхан хүнтэй, асар их байгалийн баялагтай манай улсын хөгжлийг дараагийн шатанд гаргахад ганц сэтгэлээр яваад бүтэхгүй. Уншсан ном, үзсэн туулсан туршлага 80-90 хувь байх ёстой.

-Гэхдээ “Хөөрхий минь бас ч гэж сэтгэлтэй юм даа” гэсэн дүгнэлт тохирохгүй гэж үү?

-Одоо тэгээд улс орноо хар л даа. Ямар янзтай байгааг нь. Сэтгэлтэй л хүмүүс тавиад байгаа гээд байдаг биз дээ. Тэгээд нөгөө сэтгэлтэй хүмүүсээр удирдуулсан ард түмнийхээ амьдралыг хар. НҮБ-ын "Хэзээ ард түмэн нь нөхцөл байдлаа ойлгоод, зөв хүмүүсээ төрд сонгодог болдог вэ" гэсэн судалгаагаар нэг хүнд ноогдож байгаа дотоодын нийт бүтээгдэхүүн нь 5,000 ам.доллараас дээш байгаа тохиолдолд гэж гарсан байсан.

Өмнөд Солонгос бол одоо 7,000 орчим ам.доллар байгаа. Манайхыг тооцоод үзэхээр өнөөдөр нэрлэсэн үнээрээ нэг хүнд оногдох ДНБ 3,700 буюу 4,000 орчим ам.доллар гэж гарч байгаа. Яг Татварын ерөнхий газраас хийсэн өрхийн орлогын судалгааг аваад, жилээр нь тооцоод нэг хүнд шилжүүлж үзэхээр 1,000 ам.доллараас доошоо байдаг. Тэгэхээр орлогоо тав дахин бодитойгоор өсгөсний дараа энэ булчин шөрмөс нь зангирсан поп нөхдүүд, ард түмэнд хайртай гэж уйлж дуулаад байдаг улстөрчид байхгүй болохоор байгаа биз. Өөрөөр хэлбэл хугацаа хэрэгтэй гэсэн үг.

-Хугацааг тэгвэл богиносгох боломж юу байна вэ?

-Эдийн засгийнхаа асуудлыг нэн тэргүүнд шийдэж, иргэдээ бодитой орлоготой болгох хэрэгтэй. Тэгээгүй цагт улс төрийн энэ бохир заваан бүхэн цэвэрлэгдэхгүй, өөрчлөгдөхгүй. Тал талаасаа л яримаар байна. Бодит орлоготой болгох бодлогоо баталж, хэрэгжүүлмээр байна. Амьдралд нийцтэй болгох хэрэгтэй. Ингэхээр эргээд төсвөө зөв байлгах тухай асуудал руу орох ёстой.

-Та өнөөдөр төсөв уншаад сууж байна. Яг албан тушаалын хувьд та бие даасан, хараат бус эдийн засагч гэж явж байгаа. Энэ тохиолдолд таны уншсан судалсан мэдлэг боловсрол, туршлага төрд хэрэглэгдэхэд буюу ашиглагдахад хэцүү. Иймд та юунд найдаж төсвийн мэдээллийг авч байна вэ. Мэдээж шууд таныг улс төрд ашиглана гэж бодохгүй байна. Эсвэл гаднын төсөл хөтөлбөрт төсвийн талаар ерөнхий дүгнэлт бэлтгэж өгч байна уу. Ядаж л ХҮН тань байгаа эсэхийг ч би хувьдаа мэдэхгүй байна л даа?

 -ХҮН-ий тухайд бидэнд тодорхой хүлээлтийн хугацаа хэрэгтэй байгаа. Иймд энэ талаар өнөөдрийн ярилцлагаар ямар нэгэн тодорхой санал бодол эсвэл үйл ажиллагааны тухай ярих боломжгүй байна. Та сэдвээ өөрчлөх сонирхолтой байх шиг байна, уучлаарай. Бидэнд бас дотроо ярилцсан зүйл бий. Яах вэ зүгээр УИХ-ын сонгуулийн үер манайхан бүгдээрээ гэр хороололд нэр дэвшсэн.Миний хувьд Яармагт нэр дэвшсэн.

Тэндээс нэг зүйл ойлгосон нь “Энэ улсыг өөрчлөх шаардлага байна. Боломж байна” гэдгийг олж харсан. Үүний тулд зайлшгүй ярих хэрэгтэй болж байна. Хүмүүст зөв ойлголтыг нь бага багаар ч гэсэн өгөхгүй бол бүх хүн учир шалтгааныг нь мэдэхгүй шүү дээ. Ийм үед бие даасан эдийн засагчийн үг Монголд маш их хэрэгтэй. Тэр үүргийг хүлээж чадах юм болов уу гэж өөртөө бас итгэж байна. Хэн нэгнээс санхүүгийн хараат эсвэл эрх ашгаараа барьцаалагдсан бол өөр хэрэг.

Надад ч, манай нөхдүүдэд ч тийм зүйл алга. Үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө бид нар ярихгүй бол хэн ярих юм бэ. Үнэхээр биднээс илүү мэдлэг боловсролтой нь байгаа бол хамтдаа мэтгэлцмээр байна. Сайн юм хийж байгаа бол бас дэмжээд, сайшаагаад явмаар байна. Шууд дандаа болж бүтэхгүй талаас нь бас мэдээж яриад байж болохгүй шүү дээ.

-Та гэхдээ Олон улсын валютын санд Ази номхон далайн орон хариуцсан захирлын зөвлөх байсан ч гэсэн тодорхой орны жишээг авч ярихаас татгалзаад байдаг санагддаг. Энэ нь гэрээний нууцлалтай холбоотой юу? 

-Мэдээж гэрээний нууцлал гэж бий. Дээр нь, хувь хүний ёс зүйн зарчим гэж байна. Намайг ажиллаж байх хугацаанд дэлхийн 100 гаруй орны бүх тоон мэдээллийг өгдөг байсан. Тэр болгоныг өнөөдөр дэлгээд байх нь зохимжгүй. Эргээд олон улсын байгууллагад ажиллах боллоо гэхэд “Гэрээгээ зөрчдөг” гэдэг шалтгаанаар ажиллах боломжгүй болно. Хоёрт, зөвхөн би Монголд ганцаараа байгаа юм биш.

Олон чадварлаг залуус олон улсад ажиллах болоход “Монголчууд гэрээгээ зөрчдөг" гэсэн шалтгаанаар буцаагдах магадлалтай. Нэг л хэмжүүрээр биднийг хэмжинэ шүү дээ. Иймд тодорхой жишээ авахаас татгалздаг. Манайхны хувьд Олон улсын валютын сан Монголд хэрэггүй, хэрэгтэй гэх мэтээр янз бүрийн л байр суурь илэрхийлдэг. Гол нь бодлого дээр суурилсан институц. Тэр дундаа олон улсын институц. Үүрэг зорилго нь олон улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангах. Дэлхийн 188 орон энд оролцоотой байдаг. Нэг эсвэл тав, арван орны сонирхлоор нэг ч шийдвэр гаргадаггүй.

-Манайхан сүүлийн үед Хятад Улс Монголд ОУВС-гаар дамжуулан нөлөөллөө тогтоож байна гэж яриад байх болсон?

-Тийм юм байхгүй ээ. Хятад зургаан хувьтай, Энэтхэг 4-5 хувьтай, Англи 4-5 гээд явна. Манайх гэхэд 0.03 хувьтай байх жишээний. Дэлхийн эдийн засагт үндэсний нийт бүтээгдэхүүнийх нь эзлэх хувиар үнэлээд оролцоог нь тогтоодог. Тэр хэрээр жилдээ бас татвараа төлнө. Үүгээрээ мөнгөө авдаг. Иймд ямар нэгэн улс орны дангааршсан бодлого байхгүй юм. Хэрэгжүүлж байгаа бодлого нь цэвэр онол дээр суурилдаг. Мөнгөний бодлого, төсвийн бодлого гээд бүгд өөрийн гэсэн онолтой.

Үүнд тулгуурлаж үйл ажиллагаа явуулдаг. Тухайн улсын Төв банк, Сангийн яамтай л харьдаг. Гэхдээ татвараа тэдэн хувь нэм, татаасаа ингэж хас гэсэн тодорхой эцсийн чиглэлийг өгдөггүй. Татварынхаа бааз суурийг шинэчил, зарлагын бодлогоо шинэчил, нийгмийн халамжаа зөв уялдуул гэх мэт чиглэл л өгнө. Түүхэндээ Олон улсын валютын сан ер нь үр ашгаа өгсөн үү гээд асуухаар ихэнх хүмүүс бусниулдаг гэдэг ойлголтоор ярьдаг нь үнэн.

-Одоо ч гэсэн манайд энэ асуудал яригдаж байгаа. УИХ-ын гишүүд хүртэл “Монголыг удирдах эрхийг ОУВС-д өглөө” гэдэг шүүмжлэл хэлээд эхэлсэн байна билээ?

-Мэдээж хардах эрх хэнд ч байна. Гол нь манайхан өөрсдөө тэнд ажилласан туршлагагүй байна. Ядаж л хамтарч байгуул-сан 40-50 хуудас гэрээг нь сөхөөд харчихдаг улстөрч алга. Хавсралтыг нь нэмээд нэг улстай ердөө 100 гаруй хуудас л гэрээ хийдэг. Миний хувьд 188 улсын бүх гэрээг уншсан.

Том, жижиг хамаагүй. Ажил үүргийн хуваарь маань тийм байсан. Өглөө бүр майл ирнэ. Түүнийг нь уншаад өөрийн саналаа өгнө. Өдөртөө 5-10 хуудас гэрээ заавал уншина. Зөвлөгөөгөө өгнө, бүс нутгийн улсуудын талаар хуралд нь сууж саналаа илэрхийлнэ. Манайханд ер нь бол ийм туршлага хэрэгтэй байгаа юм. Ерөөсөө цэвэр онол л байдаг. Өөр эрх ашиг гэж байдаггүй.

-Зээлээ өгөөд ашгаа хийгээд гардаг гэж яриад байгаа. Үүнийг тодруулах үүднээс задлаад асууя л даа. Манайд эхний ээлжид 450 сая ам.доллар орж ирсэн. Эндээсээ хүүгээ бодоод ашгаа аваад гарах уу. Мөн гэрээний хугацаанд 5.5 тэрбум орчим ам.долларын санхүүгийн зуучлал үзүүлэхээ илэрхийлсэн. Эндээс зуучлалын хөлсөө салгаж авах уу гээд та дор бүр нь хариулт өгөхийг хичээгээрэй. Бидэнд ул сууриар нь ингэж тайлбарлах хүн алга. Интернетээс мэдээлэл авах гэхээр бас өрөөсгөл шүү дээ. Иймд таныг учрыг нь бодитой тайлбарлана гэж бодоод асууж байгаа хэрэг шүү?

-Яг зөв. Надаас анх удаа л ингэж асууж байна. Тодорхой ойлголт өгөх нь зөв. ОУВС-д маш олон төрлийн хөтөлбөр байдаг. Тэдгээр хөтөлбөрийн нэг нь СтэндБай, Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр хоёр. Гишүүн орнууддаа жилдээ заавал нэг удаа үнэлгээ хийдэг. Бүх улсад ижилхэн бодлогын зөвлөмж өгдөг. Санхүүгийн эх үүсвэрээр дэмждэг. Зарим нь төсвийн алдагдал ихтэй бол нөхөх хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Төлбөрийн балансын алдагдалтай бол түүнд нь дэмжлэг үзүүлдэг. Хэрэв манайх шиг санхүүгийн зах зээлийнх нь зарчим алдагдсан бол түүнд нь зориулж мөн л тусдаа хөтөлбөр хэрэгжүүлнэ. Түүнээс бус ядарсан буурай оронд зөвхөн туслах нэрээр хөтөлбөр шахаад байгаа юм биш. Намайг ОУВС-д ажиллаж байхад Англи Улс хамгийн их хөтөлбөр авч байсан. Германчууд ч авдаг. Зарим орны хувьд хөтөлбөр авахыг хүссэн ч “Танайх шаардлагагүй” гээд түлхдэг.

Бүр хүндэрсэн оронд бол “Та нар болохоо байлаа” гээд өөрсдөө ханддаг. Манайх энэ удаад тэр орнуудынх нь нэг болсон. Яг аль улс эндээс хөтөлбөр хэрэгжүүлээд дампуурчхав аа гэхээр байдаггүй юм. Манайхан шар мэдээгээр л яриад байдаг. Харин бодит эдийн засгийнх нь өгөөжийг яривал тийм жишээ олдохгүй. Үнэн шүү. Ерөөсөө л цаад талд нь ашиг сонирхол бүхий гэр бүл, улстөрчид л ийм яриа гаргаж байсан. Бод л доо, намайг ОУВС-д ажиллаж байх хугацаанд манайхан хоёр удаа оруулж ирэх гээд чадаагүй. Бүр хоёр удаа шүү.

-Яагаад?

-Би энэ тухай анх удаа хэвлэлд ярьж байна. Ерөнхий сайд нь бичгээ өгчхөөд байхад хүртэл зогсоосон. Энэ бол нууц мэдээлэл л дээ.

-Аль Засгийн газрын үед вэ?

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өөрөө бичгээ өгч байсан. Гэтэл улс төр, бизнесийн бүлэглэл нь дэмжээгүй, зөвшөөрөөгүй. Сангийн сайд асан Ч.Улаан авах санал гаргаад бас л дийлээгүй. Ерөнхий сайд асан Н .Алтанхуягийн Засгийн газар тэднийг дийлж чадаагүй. Дараа нь Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын Засгийн газар гэхэд авахдаа маш их дургүй байсан. Үнэнийг хэлэхэд Орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль болчих гээд байсан учраас их дургүй байсан. Үнэн шүү.

-Гэхдээ авсан?

-Яалт ч байхгүй дефольт зарлачих гээд байсан юм. Дефольт гэж юу юм бэ гэхээр хүмүүс мэдэхгүй байна. Бүр зарим Сангийн сайд нар “Яадаг юм бэ. Дефольт зарлачихъя. Парисын клуб шиг, Оросууд шиг дараа нь хөнгөлүүлчихье” гэж хүртэл ярьж байсан. Энэ яриа нь өөрөө ичмээр зүйл байхгүй юу. Эргээд л юу ч уншихгүй, мэдэхгүй, судлахгүй байгаагийн л илрэл. Ядаж л Аргентины жишээг харах хэрэгтэй. Дефольт зарлаад юу болсныг нь судлаад үзэж яагаад болдоггүй юм бэ. Би үүнд маш их гайхдаг. Аргентин 1970-аад оны үед эдийн засаг нь тэлж эхлэхэд non Ерөнхийлөгч гарч ирж, ард түмэндээ хайртай гэдгээ илэрхийлэх гэж цалинг 2-3 дахин нэмсэн.

Үүнээс нь болж ердөө 3-4-хөн жилийн дараа эдийн засаг нь унасан. Тэр үедээ эдийн засгаа яаж нөхөх вэ гэж ярьж байгаад мэргэн арга олсон нь зээл байсан. Анхандаа 3.3 хувийн хүүтэй зээлж байсан бол тэр нь өссөөр сүүлдээ 18 хувь болсон. Тэгэхээр чинь юун зээлжих зэрэглэл. Ямар ч найдваргүй зээлдэгч болж сүүлдээ зээлээ төлөх боломжгүй болж 2000 онд цагаан тугаа өргөсөн. Үүний үр дүнд яав гэхээр үнэ цэнэтэй бүхнээ зээлдэгчид өгсөн.

Зээл өгсөн банкууд нь зээлээ зарж, өр барагдуулах байгууллагууд үнэ цэнэтэй объект, баялгийг нь хуу хамж авсан. Монгол яг энэ санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөрт орохын өмнө ийм байдалд ороход бэлэн байсан. Бүр эцэстээ тулчихсан байсан гэсэн үг. Төв банканд мөнгө байхгүй. “Самурай” бондын мөнгийг өгөх гээд мөнгөгүй. Төв банкийг шавхаад, шавхаад тэр үед 800 сая гаруй ам.доллар л байсан. Тэрийгээ гаргаад өгчихөөр иргэд мөнгөгүй болно оо доо.

Ийм нөхцөл байдал үүссэн учраас ёстой арга буюу авсан. Дээр нь, хөрөнгө оруулагчид ОУВС-г хүлээж байсан. Монголд биш Олон улсын валютын санд итгэж хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Энэ бол асуудал байхгүй юу. 

-Хэрэв Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн үед зориг гаргаад авчихсан бол нөхцөл байдал ямар байх байсан бэ. Төсөөлөөд бодоход шүү дээ?

-Шал өөр байх байсан. Тухайн үед авхуулахгүй гээд байсан нөхдүүдээс би хувьдаа мөнгө нэхмээр санагддаг. Төв банкны удирдагчдаас ч адилхан. Одоо хүртэл тэр бодлого нь Ардчилсан намд яваад байгаа харагддаг. “Гаднаас зээл тусламж авах хэрэггүй. Монгол Монголоороо л хөгжинө” гэж яриад байгаа хүмүүс хэн билээ. Тэдний шахалт нөлөөлсөн гэж хардаг. Цаашид энэ бодлогоор явбал манайх бүтэхгүй.

Зээл өгсөн банкууд нь зээлээ зарж, өр барагдуулах байгууллагууд үнэ цэнэтэй объект, баялгийг нь хуу хамж авсан.

Нөхцөл байдал дахиад л хүндэрнэ. Иймд тухайн үед буруу шийдвэр гаргасан нөхдүүдээс улс хохирлоо барагдуулмаар байгаа юм. Бүр заавал шүү. Яагаад гэхээр тухайн үед ОУВС-г оруулаад ирчихсэн бол жилийн зээлийн хүүгийн зардал нь дунжаар 1-2 хувь байх байсан. Гэтэл тэр мөнгийг аваагүй. Харин зөрүүлээд 10.8 хувийн хүүтэй бонд авчихсан. Зөрүү нь есөн хувийн хүү байгаа биз. ОУВС-гийн тухайд оруулж ирэх гэж байсан мөнгө нь 1.5-2 тэрбум ам.доллар байсан.

Тэгэхээр хоёр тэрбумын зээлийн хүү нь есөн хувийн зөрүү гээд бодохоор нэг жилийн хугацаанд сая ам.доллар болно. Үүнийг гурван жилдээ үржүүлэхээр 50 орчим сая ам.долларыг тавиад туучихсан байгаа юм. Их мөнгө биз. Үүнийг одоо нэхэж авах хэрэгтэй. Тэр хүмүүс яагаад тухайн үед ийм хямдхан мөнгийг авахгүй байв аа гэхээр ерөөсөө л өөрсдийн дураар захиран зарцуулж чадахгүй бай-санд байгаа юм. Тухайн үеийн Засгийн газар шүү.

Үнэтэй мөнгө оруулаад ирэхээр өөрсдөө захиран зарцуулах эрхтэй болох байсан. Тэд энэ эрхийнхээ төлөө хямд эх үүсвэрээс татгалзсан. Үр дүнд нь Монгол Улс дефольт зарлахад ойрхон болсон. Үүнийг ярилцлагадаа заавал бичиж өгөөрэй. Энэ их чухал асуудал шүү.

-Тэгвэл ОУВС-гийн тухайд та дээрх асуултад дэлгэрэнгүй тайлбар өгөөрэй. Мөнгө хүүлэх гээд байгаа юм уу, үгүй юм уу гэдэгт. Танд энэ асуулт эгдүүцэл төрүүлж магадгүй юм. Гэхдээ бодит тайлбарыг нь сонсох замаар ойлгох гэж хичээж байгаа минь энэ шүү?

-Асуудалгүй. 400 гаруйхан сая ам.доллар өгчхөөд толгой дээр гарч суух нь гэж манайхан яриад байна лээ. ОУВС-гийн үндсэн зорилго нь эдийн засагт нь улаан гэрэл асчихаад байгаа орныг шар гэрэл асаагаад түүнийгээ ногоон болгох тэр л зорилго. Түүнээс бус хөгжүүлэх зорилго бол биш. Ерөөсөө л эдийн засгийг нь тогтворжуулах. Харин хөгжүүлэх нь бол тухайн улс орны ёстой улстөрчдийнх нь дараагийн ээлжид үүрэх ёстой хариуцлага. Тийм учраас хөгжлийн зээл олгодоггүй.

Богино хугацааны гал унтраах, тогтворжуулах зээл олгоод, эргээд түүнийгээ аваад гарна аа л гэсэн үг. Хөгжлийг дэмжсэн зээлийг бол Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк олгодог. Энэ хоёр тусдаа асуудал. Харин яагаад бусад нь ОУВС-тай төсөл хөтөлбөрөө уялдуулах гээд, холбох гээд байдаг юм бэ гэхээр энд баталгаа нь байдаг. Хөрөнгө оруулагчдад итгэх итгэл хэрэгтэй. Тэр итгэл нь ОУВС дээр тулгуурладаг.

-Гэхдээ халамжийн бодлого руу шууд орсон нь зайлшгүй дэмжлэг хэрэгтэй ард ир-гэдийн хувьд таатай санагдахгүй нь мэдээж шүү дээ?

 -Энэ чинь өөрөө монгол төрийн сүүлийн арав гаруй жилийн алдаа. ОУВС орлогын эх үүсвэрээ дайчил, үргүй зардлаа бууруул гэж маш тодорхой зөвлөсөн. Гэхдээ бүх халамжийг зогсоо гэж хэлээгүй. Нийгмийн бодлого хэрэгтэй хэсэгтээ төвлөр гэдэг зөвлөгөөг өгсөн. Яг шаардлагатай өрхөд нь хүнсний талоноо олго, зайлшгүй авах ёстой хүүхдэд нь хүүхдийн мөнгөө үргэлжлүүлж олго гэж байгаа.

Ийм тохиролцоо хийгдсэн байсныг нь сая харин Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө 100 хувь бүх хүүхдэд мөнгө олгохоор болж Монголын Засгийн газар гэрээгээ зөрчсөн. ОУВС ийм зүйлийг бол хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс ч шинэ Засгийн газар сая 2-3 долоо хоног нэлээн чанга хэлэлцээрт орсон байх ёстой. Үр дүнд нь Валютын санг тодорхой төвшинд буулт хийв үү гэж харж байгаа.

-Ямар ч байсан буулт хийдэг газар байх нь. Тийм үү?

-Хийлгүй яах вэ. Харилцан буулт ч хийнэ, шаардлага ч тавина. 

-Он гараад багш, эмч нарын цалинг 50 хувь нэмэгдүүлэх шаардлага тавигдах байх. Үүн дээр харин ОУВС буулт хийх болов уу?

-Боломжгүй. Ер нь бол зөвшөөрөхгүй байх. Харин сая олгосон урамшууллын тухайд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэлцээр хийх чадвар нь нөлөөлсөн байх талтай. Өөр хүн бол ингэж зөвшөөрүүлж чадахгүй ч байсан байж мэднэ. Ер нь бол хэлэлцээр гэдэг өөрөө асар их ур чадвар шаарддаг зүйл шүү дээ.

-Таны хувьд Сангийн яаманд хэлэлцээрээр дагнаж ажиллаж байсан?

-10-аад жил хийсэн. Олон улсын байгууллагууд төдийгүй Хятад, Орос, Унгар, Чех гээд дэл-хийн 20 гаруй оронтой хэлэлцээр хийдэг байсан. Сүүлдээ ч эдийн засаг гэхээс илүүтэй хэлэлцээр хийдэг л хүн болж хувирсан.

-Хувийн бэлтгэл базаах тухайд нэлээн юм болно биз?

-Гэрээгээ судлахаар зогсохгүй л дээ. Улс болгоны, олон улсын байгууллагуудын гэрээний форматыг судална. Тав арван хоног үргэлжилнэ. Хаяж явна. Өндөр түүхтэй орон бол түүхийг нь судална. Онигоо цээжилнэ. Бухимдлаа илэрхийлэх арга маягийг нь сурна. Ер нь хувийн бэлтгэлийг их сайн хангах хэрэгтэй болно.

-Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд та орсон уу? 

-Ороогүй. Сангийн сайд асан С.Баярцогт хувь улстөрчийнхөө хувьд гэрээний хэлэлцээрт идэвх-тэй оролцсон. Гэхдээ яг гэрээнд дагнаж оролцдог Сангийн яамны багийг бол харин оролцуулаагүй. Тиймээс ч хэд хэдэн зүйл дээр алдсан гэж харагддаг. Арга тактик гэдэг нь нартай газар суух уу, сүүдэрт суух уу гэдгээс эхлээд олон зүйл бий шүү дээ. 2013 онд АНУ явах хүртлээ Монголд хэрэгжсэн гаднын зээл тусламжийн хөтөлбөр, дэд бүтцийн төслүүдийн бүх хэлэлцээрт орсон. Эхний ганц хоёр жилдээ бол мэдэхгүй, чадахгүй зүйл их байсан. Сүүлдээ ч сурсан шүү.

-Нэг зүйл тодруулж асуухад манайх гаднын санхүүгийн байгууллага, хувь компани-тай гэрээ байгуулахад бүгд л маргаанаа олон улсын арбитр дээр очиж шийднэ гэж оруулдаг. Энэ заалт олон хүнд “Яагаад Монголд шийдэж болдоггүй юм бэ” гэх асуулт үүсгэдэг. Ер нь хэзээ Монголд шийддэг болох юм бэ?

-Мөнгөө төлсөн нь хөгжмөө захиална гэсэн зарчим хаана ч байдаг. Тэр дундаа гэрээнд ч адилхан. Монгол Улс өнөөдөр ядуу буурай байна. Мөнгө өгдөг бус авдаг орон дүрмээ захиалдаггүй. Бидэнд гэрээний стандарт гаргаж тавих боломж байхгүй. Мөнгөө өгсөн хүмүүс нь хөгжмөө захиална аа гэсэн үг. Тэдний зорилго бол мөнгөө л буцааж авах.

Ийм хандлагаар авч, өгч байгаа учраас тухайн хөрөнгө оруулагч болон олон улсын байгууллагын саналаар энэ заалт шийдэгддэг. Харин манайх санхүүгийн хувьд хөл дээрээ тогтоод, өөр бусад оронд хөрөнгө оруулалт хийдэг, мөнгө өгдөг болчихвол асуудлаа дотооддоо шийдэх боломжтой болно. Манайхан үүнийг бас ойлгох хэрэгтэй.

-Тэгвэл ойрын үед олон улсын арбитр руу явахгүй гэж мөрөөдөөд ч хэрэггүй юм байна. Тийм үү? 

-Ойлгомжтой. Боломжгүй л байхгүй юу даа. Гэхдээ төсөөлөөд үзэх хэрэгтэй, Засгийн газраас өөр буурай оронд сая ам.долларын зээл өглөө гэж. Тэр үед харин “Наад гэрээгээ Монгол Улсын хуулийн дагуу хийнэ биз. Мөнгөө эргүүлж авна шүү дээ” гэдэг асуудлыг бол тавьж болно шүү.

Зураг