Дэлхий даяар жил бүр хамгийн багаар тооцоход 90.0 сая нэгж цусыг хүний амь аврах болон эрүүл мэндийг сайжруулах зорилгоор сэлбэн цуглуулдаг хэдий ч энэ нь өдөр бүр өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад хүрэлцдэггүй байна.
Хүний алтан амь насыг аврах цус үйлдвэрлэх боломжгүй эрүүл мэндийн бүтээгдэхүүн юм. 2016 онд дэлхий даяар хүн амын төвлөрөл ихтэй томоохон хотуудад цус хандивлах аяныг Глобал Шэйперс байгууллагын залуучууд зохион байгуулсан бөгөөд тус аянд энэ жилээс Улаанбаатар хот нэгдэж цус хандивлах хөдөлгөөнд нэгдэж байна.
Манай улсад 60 орчим мянган байнгын болон байнгын бус донор байгаа хэдий ч цусны хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байсаар байна. Энэ хомсдлыг бид эерэг хандлагаар багасгаж чадна гэж итгэж байна. Насанд хүрсэн хүнд дунджаар 5-7 литр цус байдаг ба эрүүл хүн нэг удаад 350-400 мл цус өгөхөд 3 хүний амь нас аврах боломжтой байдаг.
Глобал Шейперс Улаанбаатар нийгэмлэг бодит хувь нэмэр оруулах үүднээс залуус болон байгуулага хамт олныг энэхүү аянд нэгдэхийг уриалж байна.
Та цусны донор болохыг хүсвэл доорх төвүүдэд 08:30-13.30 цагийн хооронд очиж өгнө үү.
Глобал Шейперс нийгэмлэг
Глобал Шейперс нийгэмлэг нь Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх нийгэмдээ хувь нэмрээ оруулах сонирхолтой 20-30 насны манлайлагч залуусын нэгдэл юм. 2011 онд анх байгуулагдсан цагаасаа эгнээндээ 6,100 гаруй залуучуудыг нэгтгэсэн бөгөөд өдгөө дэлхийн 450 өөр хотуудад үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. Глобал шейперүүд нь өөрсдийн орон нутаг, хотуудад тулгарч буй асуудлыг бүтээлчээр шийдэх санаачлагууд боловсруулж, үүгээрээ дамжуулан нийгэмдээ эерэг нөлөөллийг бий болгохоор ажилладаг. http://globalshapers.mn/
Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв
Цус сэлбэлт судлалын үндэсний төв нь Монгол улсын хэмжээнд цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, цус сэлбэлт судлалын төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг дэвшилтэт технологи, инновацид тулгуурлан, үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, тэгш хүртээмжтэй хүргэхээр үйл ажилгаа явуулдаг. http://www.donor.mohs.mn/
Глобал Шэйперс нийгэмлэгийн энэхүү цус хандивлах аяныг Улаанбаатар дахь Америк Сургуулийн (ASU) дэмжлэгтэй зохион байгуулж байгааг дурдахад таатай байна. http://asu.edu.mn/