Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын эрэгтэй жүдоч “Их дуулга”-д анх удаа аваргалав

Д.Надмид
2017 оны 12 сарын 5
Зууны мэдээ
Зураг зураг

Энэ жүдоч хэн бэ гэвэл улсын шигшээ багийн гишүүн, ДАШТ-ний хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, “Сүлд” спорт хорооны тамирчин Отгонбаатарын Ууганбаатар юм. Цар хүрээ чансаагаараа томд тооцогддог “Бага дэлхийн аварга” хэмээн нэрлэх болсон Японы “Их дуулга” тэмцээний 81 кг-д зодоглохдоо тэр эхний тойрогт гоц мөргөсөн бол дараа нь БНСУ, Румын, Бразилын бөхчүүдийг ялж хэсгийн аварга болоод хагас шигшээд өөрийн багийн Н.Дагвасүрэнг ялж аваргын төлөө барилдах эрх авсан юм билээ.

Тэгээд БНСУ-ын тамирчин Л Су Ног гарт өчих мэхээр цэвэр ялж энэ дэвжээнд босоо бөх гэдгээ харуулж түрүүлэн Токиогийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. Ингэснээр тэр энэ том тэмцээнд түрүүлсэн Монголын хоёр дахь, эрэгтэйчүүдээс анхных нь боллоо. Түүнийг алтан медалийн тавцанд зогсоход Н.Дагвасүрэн хүрэл медалийн эзэн болсон нь бас ховор тохиолдол байлаа. Учир нь өмнөх жингүүдэд ийм орон зай бараг байгаагүй дан эзэн орон Японы бөхчүүд медалийн тавцанг эзэлж харагдсан шүү дээ.

Тийм ээ. Эхний өдөр болсон долоон жингийн барилдааны бүх түрүүг Япончууд өөрсдөө авсан байсан. Энэ нь жүдогийн эх орон бол Япон тиймээс бөхчүүд нь хүчтэй гэдгийг харуулсан. Зарим жингийн медальтнуудаас гурав нь эзэн орных байсан. Нийт 14 жингийн 12-ынх нь түрүүг Японы бөхчүүд дэвжээндээ авч үлдлээ.

Уг тэмцээнд манай улсаас 16 жүдоч хүч үзэж нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн дүн үзүүлэв. Жаахан ахиж барих талаас нь хэлбэл 48 кг-д М.Уранцэцэг гавьяат маань өмнөх жил түрүүлсэн амжилтаа бататгаж чадсангүй мөнгөн медаль авсан юм. Тэмцэний “С” хэсгийг тэргүүлэн барилдсан тэрбээр аваргын төлөө барилдаанд ДАШТ-ий алт, хошой хүрэл, олимпын хүрэл медальт А.Кондод дийлдсэн байна.

Тэгвэл ДАШТ-ий хүрэл медальт гавьяат тамирчин Д.Амартүвшин тун сайхан барилдаж мөнгөн медаль хүртэв. Тэр алтан медалийн төлөө барилдаанд олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Н.Такатод торгуулиар ялагдсан юм. Монголын багаас бас тэмдэглэлтэй юм нь Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт Д.Сумъяаг орлон 57 кг-д зодоглосон залуу жүдоч Л.Энхрийлэн Риогийн олимпийн аварга Бразилын бөх Р.Сильваг “Их дуулга”-ын дэвжээн дээр цэвэр ялж үзэгчдийг шуугиулсан явдал байлаа.

Тэгвэл жаахан харамсалтай зүйл нь эрэгтэйчүүдийн +100-д хүч үзсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын аварга Н.Түвшинбаяр маань эхний даваанд Тунисийн бөхийг илүүрхэн ялсан ч удаах тойрогтоо Японы О.Такашитай барилдаж байхдаа гэмтэл авч тэмцээнийг орхисон байна. Уг нь энэ жингийн гол өрсөлдөгч дэлхийн босоо бөх Францын Т.Ринер ирээгүй нь манай аваргад боломж их байсан юм билээ. Мөн жинд барилдсан Б.Тэмүүлэн Японы аварга Оговад ялагджээ.

Манай бусад жүдочдоос гавьяат тамирчин Г.Одбаяр тав, Д.Төмөрхүлэг долоодугаар байрт оржээ. Энэ удаагийн “Их дуулга”-д 73 орны 270-аад жүдочийн өрсөлдөөн дундаас Монголын баг бас анх удаа дэд байрт шалгарлаа. Бас нэг тэмдэглэх зүйл Японы жүдочид түрүүлээгүй ердөө хоёр жингийн түрүү бөх Монгол, Нидерландын бөх байсан юм. Ингээд Японы “Их дуулга”-аас Монголын бөхчүүдийн авсан медалийн тоо эрс шинэчлэгдэж хоёр алт, дөрвөн мөнгө, есөн хүрэл медальтай болсон байна.

Сонирхуулахад дэлхийн аварга М.Уранцэцэг алт, мөнгө гэсэн хос медальтай болов. Мөн хамгийн олон медаль авсан нь Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар энэ тэмцээний дөрвөн хүрэл медальтайгаар бичигддэг юм байна.

Зураг