Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр Солонгосын хойгийн түүхэнд хамгийн том агаарын байлдааны сургуулилалт эхэлж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын дэглэмийн баллистик пуужингийн туршилтаас хэдхэн хоногийн дараа буюу өнөөдөр АНУ-Өмнөд Солонгосын арми түүхэндээ хамгийн том агаарын байлдааны сургуулилалтыг эхлүүлж байна.

“Vigilant Ace” нэртэй сургуулилалт таван хоног үргэлжлэх бөгөөд нийт 230 нисэх онгоц оролцож байгаа юм.

Эдгээрийн дотор зургаан ширхэг F-22, 18 ширхэг F-35 сөнөөгч онгоц багтаж байна.

Өчигдөр Хойд Солонгос энэхүү цэргийн ажиллагааг эсэргүүцэж, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг “дайныг хүсэж байна“ хэмээн шүүмжилсэн мэдэгдэл хийж байв.

Бас өчигдөр АНУ-ын сенатор, Бүгд Найрамдах Намын нөлөө бүхий улс төрч Линдси Грэхэм АНУ-ыг дайны ирмэгт хүрээд байгааг хэвлэлээр анхааруулжээ. Дайнч үзэл бодлоороо алдартай Грэхэм “Хэрвээ Пёньян газар доорх цөмийн туршилт хийвэл АНУ-аас ноцтой хариу цохилт ирэхэд бэлэн байх хэрэгтэй” гэж CBS сувгийн “Face The Nation” нэвтрүүлгээр ярьжээ.

“Тэдний зэвсгийн технологи сайжирсан тул түрүүлж цохилт өгөх нь зөв. Пуужин харвах бүрт, цөмийн туршилт хийх бүрт дайн үүсэх магадлал улам нэмэгдэж байна” гэж тэрээр онцолсон байна.

Өнгөрсөн Лхагва гарагт Хойд Солонгос Хвасонг-15 пуужингаа туршсан нь супер том хэмжээтэй цөмийн цэнэгт хошууг АНУ-ын аль ч газар нутагт хүргэх чадвартай гэгдэж байгаа.

Гэхдээ судлаачид шинэ пуужинг хангалттай том цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай гэдэгт эргэлзсээр байгаа юм. Тэд бас цэнэгт хошууг агаар мандлын хатуу ширүүн нөхцөлтэй давхаргаар аюулгүй нэвтрүүлж чадах нарийн технологийг Пёньян эзэмшсэн гэдэгт эргэлзэж байна.

Гэхдээ хилээс ердөө 50 км зайнд оршдог Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотыг их бууны овоо хараандаа багтаагаад байгаа Хойд Солонгосын эсрэг АНУ цэргийн ажиллагаа явуулах нь асар их хохирол амсах эрсдэлтэйг мэргэжилтнүүд сануулсаар байгаа юм.

 

Эх сурвалж: AFP