Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Энхжаргал: Офшорын асуудлаар УИХ-ын гишүүдээс эхлээд шалгаж байгаа

Т.Саран, iKon.mn
2017 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, гишүүд өнөөдөр АТГ-ын үйл ажиллагаатай танилцлаа.

АТГ-ын дарга Х.Энхжаргал "Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн хийж буй ажлыг товч танилцуулъя. Шинээр 4,751 албан хаагч төрийн албанд томилогдсон байна. Төрийн албанд жилд 10 гаруй мянган хүний халаа сэлгээ хийгддэг. Энэ талаарх илүү нарийн дүнг хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтэс гаргана.

Төрийн албанд ажиллах иргэдийг томилогдохоос нь өмнө ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг тогтоодоггүй нь гол зөрчил болж байгаа. Хөрөнгө оруулгын мэдүүлгийг авахад цахим систем ашигладаг болсноор 900 гаруй мянган цаас хэвлэхээ больсон.

Ер нь бол 2018 он гараад хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг авах ажлыг цахимжуулна. Дөрөвдүгээр сарын 13-нд ашиг сонирхлын хуульд нэмэлт өөрчлөлт орсон.

Хуулийн дагуу 2018 оны хоёрдугаар сарын 03-ны дотор офшор бүсээс хөрөнгөө татаж эцсийн байдлаар мэдээллээ ирүүлэх ёстой. Гэхдээ офшор бүсээс хөрөнгө татах хугацааг Засгийн газраас өөрчилж магадгүй гэсэн мэдээлэл байгаа. Тэгвэл энэ хугацаа хойшилно гэсэн үг.

Х.Энхжаргал: С.Баярцогттой холбоотой асуудлууд гүнзгийрч байгаа

Ерөнхийлөгч офшороос хөрөнгө татах 49 хоногийн хугацаа өгсөн. Үүний дагуу мөнгөө оруулж ирсэн хүн байхгүй. Мөрдөн байцаах хэрэг 157-оор өсөж 387 болсон. Арванхоёрдугаар сарын 08-нд олон нийтийн дэд төвийг нээнэ.

Буруу түшмэдэд төрийн нүүрийг харуулмаар байвал авлигалын эсрэг ажиллах иргэдийн орон тоог нэмэж өгөх хэрэгтэй. 

Хувийн ашиг сонирхлын зөрчлийг хянуулалгүйгээр төрийн албанд иргэдийг томилж байна. Энэ хүмүүст хариуцлага тооцох заалтыг Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн 29-д оруулж өгөх хэрэгтэй. 

Офшорын тодорхой бүсүүдийг зарлачихсан. С.Баярцогттой холбоотой асуудлууд гүнзгийрч байгаа. УИХ-ын гишүүдээс эхлээд шалгаж байгаа. Офшорт байгаа хөрөнгөө татвараас нуусан уу гэдгийг тогтоох хэрэгтэй.

Тухайн шалгуулж байгаа хүн өөрөө эхлээд офшорт байгаа хөрөнгийнхөө талаар мэдээлэх боломжтой. Хэрвээ өөрөө мэдээлэл өгөхгүй бол бид шалгалт явуулна" гэлээ.

Ш.Раднаасэд: Ядаж гарснаа илрүүлж чаддаггүй юм аа гэхэд мөнгөн хөрөнгийг гарахаас нь өмнө урьдчилан сэргийлмээр байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд "Офшор бүсийнхэн хэзээ ч энэ талаарх мэдээллийг хэнд ч өгөхгүй гээд хуулиа баталчихсан байгаа. Банк хоорондын гүйлгээг үзэх хэрэгтэй.

Жишээлбэл, Монголбанкан дээр ямар хүнээс ямар данс руу мөнгө гарсан гэдэг нь тодорхой байгаа даа. Ядаж гарснаа илрүүлж чаддаггүй юм аа гэхэд мөнгөн хөрөнгийг гарахаас нь өмнө урьдчилан сэргийлмээр байна.

Олон нийтийн зөвлөлөөс АТГ-ыг хаалттай үйл ажиллагаа явуулдаг гэсэн гомдол ирүүлсэн. Хэрвээ Авлигатай Тэмцэх Газар хаалттай бол нээлттэй болгох хэрэгтэй" гэв.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/756668177852086/