Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Дэлгэрсайхан: Иргэний цахим үнэмлэхийг амь оруулна

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд тус газрын дэд дарга Д.Дэлгэрсайхан иргэний цахим үнэмлэхийн хэрэглээг сайжруулахтай холбоотой мэдээлэл өгч, асуултад хариулсан юм. 

Д.Дэлгэрсайхан “Иргэний үнэмлэх чиптэй. Энэ жил бид энэ иргэний үнэмлэхийг амь оруулна. Тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлж, үүгээрээ дамжуулаад иргэний үнэмлэхээ ашиглаж, олон онлайн үйлчилгээг авах бололцоогоор хангагдана.

Чипэн дээр тоон гарын үсэг бичих бололцоог манай програм зохиогч нар бий болгосон. Тэгэхээр 2018 ондоо багтааж ашиглаж болно. Одоогоор чип дээр хоёр хуудас гаруй текстэн материал багтах бололцоотой. Өнөөдрийн байдлаар 50 орчим хувь нь ашиглагддаг. Үлдсэн 50 хувийг нь ашиглах бололцоог иргэний үнэмлэх дээр гаргаж, цаашид бусад үйлчилгээг авах боломж олгоно” гэв.

-Цахим үнэмлэхийг нотариатаар батлуулахгүй байх боломжийг хэрхэн бүрдүүлэх вэ?

-Цахим үнэмлэхийг нотариатаар баталгаажуулахгүй байх түвшинд бид хараахан очиж чадаагүй байна. Харин иргэний үнэмлэхээ бариад ирсэн тохиолдолд нотариатаар баталгаажуулах шаардлагагүй болгож  асуудлыг шийдсэн байгаа. Нотариатын систем манай мэдээллийн сантай мэдээллээ солилцдог тохиолдолд хэрэгжинэ. Тэгэхээр дан ганц цахим үнэмлэхтэй холбоотой асуудал биш.

-Шинээр төрсөн хүүхдүүдийн гэрчилгээний нэрийг буруу бичих зэрэг асуудлууд гардаг. Үүнд ямар хариуцлага тооцдог вэ?

-Ёс зүйгүй ажилласан, хуулийн дагуу хийх бүртгэлээ буруу хийсэн, байгууллагын дотоод журмыг зөрчсөн ажилтнууддаа сахилгын арга хэмжээ авч байгаа. Одоогоор 37 хүн байна. 

-Лавлагаа, мэдээллийн сангийн асуудлыг хэрхэн сайжруулах вэ?

-Өнгөрсөн хугацаанд бид 17 байгууллагатай гэрээгээ шинэчилж, цаасан лавлагааг цахимд оруулах, цахим мэдээллээрээ дамжуулан түргэн үйлчилдэг болсон байна. Өнөөдрийн байдлаар цаасны хэрэглээг 70 хувь багасгаж, цахим хэрэглээгээ өсгөжээ.