Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын 1.8 сая хөгжүүлэгч “App Store”-оос $17 тэрбумыг олжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн өдрүүдэд Хятадын Вужень хотод олон улсын кибер орчны зохицуулалтын хурал болж өнгөрлөө. Хятадын засгийн газраас зохион байгуулсан энэ арга хэмжээнд дэлхийн технологийн ертөнцийн томчууд биечлэн оролцсон байна.

Тэдгээрийн нэг, Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк өчигдөр буюу Ням гарагт илтгэл тавьжээ. Тэр хэлсэн үгэндээ Хятадын аппликэшн хөгжүүлэгчдийн талаар зарим тоо баримт дурдсан байна.

Тухайлбал өнгөрсөн хугацаанд Хятадын нийт 1.8 сая хөгжүүлэгч App Store дэлгүүрээс 112 тэрбум юаний ($16.93 тэрбум) орлого олсон нь Apple-ийн нийт аппликэшний орлогын бараг дөрөвний нэг болжээ.

Энэ оны эхээр App Store дэлгүүрийн дэлхий даяар олсон орлого $70 тэрбум болсныг Apple компани зарлаж байв.

Apple компанийн борлуулалтын орлогоор гуравдугаарт ордог бүс нутаг нь Хятад улс юм. Гэвч сүүлийн жилүүдэд Хятадын дотоодын гар утас үйлдвэрлэгчид эрчимтэй ажиллах болсноор зах зээлийн хувь хэмжээгээ алдаж эхлээд байгаа.

Тиймээс Apple Хятадын зах зээлд эргэн сэргэхийн тулд эрх баригчдын шаардлагуудыг хүлээн авч, зарим нэг аппликэшнийг засгийн газрын хүсэлтээр хориглодог болоод байгаа нь өрнөдийнхний шүүмжлэлд өртөж байна. Зөвхөн энэ онд Тим Күүк хэд хэдэн удаа Хятадад айлчлаад байгаа юм. Оны эхээр Apple компани Хятадын зах зээлийн хэрэглэгчдийн мэдээллийг Гуйжоу муж дахь дата төвд байрлуулах болсон нь мөн Бээжингийн эрх баригчдын шаардлага байжээ.

 

Эх сурвалж: Reuters