Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Хаянхярваа: Бүлгийн даргын хувьд намынхаа бодлогыг, засгийнхаа ажлыг ч тултал дэмжинэ

Ж.Баярсайхан, Үндэсний шуудан
2017 оны 12 сарын 4
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваатай ярилцлаа.


-МАН XXVIII Их хурлаасаа намын шинэ даргыг сонгосон. Намын даргын төлөө Ерөнхий сайд Ү.Хүрэлсүх та хоёр өрсөлдсөн. Ерөнхийдөв таныг “32”, Ерөнхий сайдыг “33”-ын талаас дэвшүүллээ гэсэн мэдээлэл хэвлэлээр гарч байлаа. Та яагаад намын даргад өрсөлдөхөөр шийдсэн юм бэ?

-Юуны өмнө манай нам шинэ даргаа сонгох санал хураалт “32”, “33” талын өрсөлдөөн байгаагүй гэдгийг хэлмээр байна. Би өрсөлдөнө гэдгээ намын Их хурлаас долоо хоногийн өмнө зарласан шүү дээ. Миний бодол маш тодорхой байсан. Намын байдал амаргүй байлаа. Нуух юу байх вэ. Их хурлаас хойш байдал жаахан өөрчлөгдөж байна. Төрийн ажил хүнд, намын байдал ч амаргүй байгаа цагт Засгийн газрынхаа ажлыг Ерөнхий сайд нь, намынхаа ажлыг өөр хүн хийгээд дотоод эв нэгдлээ хангаад явбал арай зохистой болов уу гэдэг бодлын үүднээс намын даргад өрсөлдсөн юм.

Энэ зүгээр нэг бодол биш л дээ. Би Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа намын даргаар ажиллаж байгаагүй. ИТХ-ын дарга маань намын дарга байлаа. Тэглээ гээд бидний ажил төрлийн уялдаа муудаж, хэн нэг нь давуу эрхтэй болж ямар нэгэн дарамт шахалт гарч байсангүй. Харин ч намайг байх хугацаанд болоод ажлаа өгснөөс хойш ч Дархан-Уул аймгийн нам орон нутгийн сонгуульд нэг ч удаа ялагдаагүй явж ирлээ. Тэгэхээр энэ бас нэг юм хэлээд байгаа биз дээ.

Мөн 1992 оноос хойших цаг хугацааг аваад үзэхээр 2008 оныг эс тооцвол намын даргаар давхар ажиллаж байсан аль ч Ерөнхий сайд намаа удирдаж сонгуульд ороод ялалт байгуулж байсан түүх байхгүй юм билээ. 2008 оны долоодугаар сарын 1-нд бас гунигтай, эмгэнэлтэй явдал болж байлаа. Энэ бүхнийг бодож үзээд байдалд арай өөр өнцгөөс хандах хэрэгтэй юм байна гэж шийдээд намын даргын сонгуульд оролцсон. Сайхан өрсөлдсөн. Сонгуулийн үр дүн шударга, зарчимтай болсон.

-Ерөнхий сайд агсан П.Жасрай гуай намын дарга хийгээгүй шалтгаанаа нэгэнтээ “Засгийн газар бол гал хамгаалагчийн үүрэгтэй байдаг юм. Ямар нэг хямрал болбол намдаа хүртэл даамжруулах ёсгүй” гэж тайлбарласан тухай ярьдаг. Таны яриа ч түүнтэй адил санагдаж байна. Гэхдээ яг тэгж ажиллах эсэхэд хүмүүс эргэлзэж байсан байх?

-Ер нь бол миний гол санаа тэр л дээ. Засгийнхаа асуудлыг Ерөнхий сайд, нам доторх асуудлаа намын дарга үүрээд явъя гэсэн санаа. Хүмүүсийн дунд засаг төр дахиад бужигнах вий гэсэн асар их эргэлзээ байсан. Яг ний нуугүй хэлэхэд намын Их хурал дээр цугларсан тэр олон нүүр рүү хараад зогсож байхад төлөөлөгчид маань хоёрхон юмыг хүсэж байгаа нь илэрхий байлаа.

Нэгдүгээрт, төр засаг тогтвортой байгаасай, хоёрдугаарт, нам маань эв нэгдэлтэй байгаасай гэдэг хүсэл нь илт байсан. Үнэхээр өмнөх Засгийн газрыг огцруулснаас үүдэлтэй засгийн, төрийн тогтворгүй байдал ард түмний зүрхэнд хүрсэн байна. Тиймээс ч Их хурлын төлөөлөгчид намын дарга нь Ерөнхий сайдаас өөр хүн болчихвол дахиад төр засаг бужигнах вий гэж болгоомжлох нь ч зөв. Үнэндээ засгийн үймээн бужигнаан үндсэндээ ард түмнээ туйлдуулж байна. Тэгэхээр энэ болгоомжлолыг би буруу болгоомжлол гэж үзэхгүй л дээ. Зөв болгоомжлол.

-Танай намын дүрэмд “Намын дарга нь Ерөнхий сайд болно” гэсэн заалт байдаг. 

-Байж болно оо л гэсэн заалт байгаа шүү дээ.

НАМЫН ХАМТ ОЛНООСОО 36 ХУВИЙН САНАЛ АВНА ГЭДЭГ БОЛ МИНИЙ ХУВЬД ЯЛАЛТ ШҮҮ ДЭЭ

-Энэ заалтаас үндэслээд Ерөнхий сайдыг дэмжигч УИХ-ын гишүүд Их хурлын өмнө “Засгийн тогтвортой байдлаа бодох нь зөв” гэсэн ярилцлагуудыг хэвлэлээр өгч байсан?

-Тийм ээ. Ярих л ёстой асуудал байх. Нэг хэсэг нь надад итгэхгүй, намын дарга болонгуутаа Ерөнхий сайд болно, тэгээд л бужигнуулж эхэлнэ гэсэн байх л даа. Гэхдээ миний чин хүсэл бол дээр дурдсан хэдэн үндэслэл байсан. Үгийн далимд ярихад би яг ил тод хэвлэл мэдээллээр дамжуулж хэлсэн зүйлээсээ энэ улс төрийн тогоонд зүтгэж өнгөрүүлсэн хугацаандаа буцаж, зөрүүлж хийсэн юм үндсэндээ байхгүй дээ. Би ер нь өөрийнхөө бодлыг аль болох олон түмэнд хүргэж, ойлгуулахыг хичээдэг. Тэгээд хэлсэн ярьсныхаа дагуу ажиллахыг боддог. Ийм зарчимтай болохоор надад Ерөнхий сайд болох давхар бодол байгаагүй.

-МАН-ын Их хурал дээр Ерөнхий сайдын авсан саналаас 150-ыг нь та дээр нэмэхэд л дүн өөрчлөгдчихөөр байлаа. Гадуур “Баян-Өлгий аймгийн 180 төлөөлөгч бүгдээрээ У.Хүрэлсүхэд биш Д.Хаянхярвааг дэмжсэн бол”, “Бариа нь арай хол байсан бол” гэх мэт яриа ч гарсан?

-Сонгууль бүрийн дараа гардаг л таамгууд шүү дээ. "Тэр тэрэнд өгчихлөө, тэр тэгээд худалдагдчихлаа, тэр мөнгө авчихлаа ч" гэдэг юм уу яриа, таамаг гарсан. Гэхдээ миний хувьд намын даргын сонгууль сайхан болсон гэж бодож байгаа. Би өөрийгөө харьцангуй өндөр санал авлаа гэж дотроо үнэлсэн. Долоо хоногийн өмнө шийдээд намын хамт олноосоо 36 хувийн санал авна гэдэг бол миний хувьд ялалт шүү дээ. Тийм болохоор гадна, дотно ярьж байгаа элдэв юмыг огтхон ч тоох хэрэггүй. Манай нам Их хурлаа хийсэн. Шийдвэрээ гаргасан. Шийдвэрийг биелүүлэх нь намын гишүүдийн үүрэг.

-Та Бүлгийн дарга хүн болохоор “Манай бүлэг хагараагүй ээ” л гэх байх. Гэхдээ Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаасан энэ үйл явцаас болоод УИХ дахь МАН-ын гишүүд хоёр хуваагдсан үйл явдал болсон. Тэр нь явсаар Их хуралтайгаа золгосон. Их хурлаараа намын шинэ даргаа сонгосны дараа бүгдээрээ “Энэ мөчөөс эхлээд янз янзын талцал чинь байхгүй шүү” гэж байгаа харагдана лээ. Гэхдээ зүгээр үг хэлээд энэ хагарал арилахгүй нь ойлгомжтой. Цаашдаа намын дотор болсон санал зөрөлдөөнийг арилгахын тулд шинэ дарга юу хийх ёстой юм бол оо?

-МАН-ын гишүүд талцаад, хуваагдаад байгаа юм үнэхээр байхгүй. Тэр нь намын Их хуралд сонгогдож ирсэн 1309 төлөөлөгчөөс тодорхой харагдаж байсан. Ер нь бол “Загас толгойноосоо эхэлж өтдөг" гэдэг шиг дээд толгойгоо янзалж өгөөч гэсэн хүсэлт л тэдэнд байсан. Тийм болохоор 65-ын бүлэг, бусад холбогдох өндөр албан тушаалд байгаа хүмүүс, намын удирдлагууд эхэлж анхаарах ёстой. Ер нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаасан явдлыг би буруу гэж боддог, тэр байр суурин дээрээ одоо ч хатуу байгаа. Аливаа юм өнгөрсөн хойноо л алдаа оноо нь заавал мэдрэгддэг.

Ж.Эрдэнэбатын Засгийн газрын хийж байсан ажлууд зөв байжээ гэдгийг өнөөдөр ард түмэн олон зүйлээс харж байна. Хамгийн наад захын ганцхан жишээ гэхэд л ирэх жилийн 660 сая ам.долларын зээлийг төлөх бонд босгох асуудлыг өнгөрсөн Засгийн газар шийдчихээд л буучихсан байна шүү дээ. Мөн Ц.Нямдорж сайд “Ж.Эрдэнэбатын Засгийн газар маш хүнд нөхцөлд, маш сайн ажиллаж байсан байна аа” гэж дүгнэсэн.

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах шалтгаан бол шалтаг байсан нь гэдэг нь харагдаж байна. Харин одоо нам яаж ажиллах вэ гэдэг асуудал намын дарга, Ерөнхий сайдаас маш их хамаарна. Намын дарга УИХ дахь бүлэг, удирдах төвшний хүмүүс, Бага хурал, Удирдах зөвлөлийн төвшиндөө ямар бодлого явуулах, эдгээр хүмүүстэйгээ хэрхэн харьцаж ажиллах вэ гэдгээс эв нэгдэл хамаарна. Гэхдээ ганцхан намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үүрэг гээд орхиж болохгүй гэдгийг би гүнээ ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл, 65-ын Бүлгийн даргын хувьд ямар ч тохиолдолд энэ намаас, Засгийн газраас явуулах бодлогын зөв бүхнийг тултал нь дэмжих ёстой. Мэдээж, буруу зөрүү зүйл байвал журам дүрмийнхээ хүрээнд ярьж шийдвэрээ гаргана. Талцал хагарлын тухай асуудал цаашдаа яригдахгүй гэдэгт би итгэлтэй байгаа.

-Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах нь буруу байсан гэдгийг бүгдээрээ хүлээн зөвшөөрч байна. Тэгвэл огцруулсан нь ерөнхийдөө албан тушаалын төлөөх дажин болчихсон гэж ойлгож болох уу?

-Бид өнгөрснөө эргэж ярихгүй ээ гэж намынхаа Их хурал дээр ярьсан. Тиймээс юуны төлөө байв гэдгийг ярихгүй. Ямар ч байсан одоо энэ засаг сайн ажиллах ёстой л гэдгийг хэлмээр байна. Учир нь энэ Засгийн газар ард түмний асар өндөр итгэл хүлээлт дээр ажиллаж байгаа. Ж.Эрдэнэбатын Засгийн газар муу ажиллаж байна гээд бүх болохгүй бүтэхгүйг нааж гарч ирсэн учраас өмнөхөөсөө дахин илүү ажиллаж байж ард түмний итгэлийг хүлээнэ. Хэрэв энэ Засгийн газар муу ажиллах юм бол намтайгаа, төртэйгөө хүмүүсийн хэлдгээр жинхэнэ “Шавар шавхайтайгаа хутгалдаж дуусна” гэдгийг өглөө бүр босохдоо санаж, үдэш бүхэн унтахдаа зүүдэлж байх ёстой л гэж бордож байна шүү.

-Саяхнаас таныг УИХ дахь МАН-ын бүлгийн даргын ажлаа өгөх гэж байгаа тухай мэдээлэл гарчихсан байна. Энэ үнэн үү?

-Миний зүгээс Бүлгийн даргын ажлаа өгье гэсэн бодол алга. Яах вэ, дал сул яриа явж л байдаг шүү дээ. Хэрэв тийм яриа гарсан бол бас нэг бор шувуу ниссэн байна гэж ойлго. “Ардын намын хагарал дээд цэгтээ тулсан, У.Хүрэлсүх намын дарга болсон, одоо нөгөө Д.Хаянхярваагаа хусаад авна” гэдэг явган хов жив явж байгаа байх. Мэдээж, би Бүлгийн даргын хувьд хийх юм, хариуцлагаа маш сайн ойлгож байгаа. Алдаа гаргаад бүлгийн 65 гишүүний хүссэн, бодсон хэмжээнд хүрч ажиллаж чадахгүй бол солих эрх нь тэдэнд нээлттэй байгаа.

-УИХ дахь МАН-ын бүлэг бараг парламент л даа. Бас хэтэрхий олон болохоор санал зөрөлдөөнтэй зүйл бишгүй гардаг байх. Үүнээс шалтгаалаад хагаралтай харагдах тал бий?

-"Би бол 65 хүнтэй компанийн захирал биш ээ" гэж өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа халж байсан. Энэ хүмүүсийг бүгдийг нь нэг бодолтой болгож чадахгүй. Харин нэг зорилготой болгохын төлөө бол явна. 65 хүн бүгд өөр бодолтой, өөр тойргоос сонгогдсон улстөрчид шүү дээ. Би эднийг хүүхэд шиг загнаад эсвэл компанийн захирал шиг гараа зангидаад ширээ нүдээд, ямар нэг эрх ашгаар нь барих гэж ноцолдоод үр дүн гарахгүй.

Тийм учраас 65-ын бүлэг гэдэг харилцан итгэлцэж, ойлголцож ёс зүй, дүрэм журам, хэм хэмжээндээ захирагдан ажиллаж байж л тодорхой үр дүнд хүрнэ гэж би хувьдаа ойлгодог. Намын асуудлаа ярих бол намынхаа дүрэм, журамд захирагдаж, төрийн ажил ярьж байгаа бол хуулиндаа захирагдах ёстой. Төр, намын аль нь ч олонхын шийдвэрээ дагадаг ёс зүйн зарчимтай явах хэрэгтэй. Ингэвэл Бүлэг сайн ажиллаж чадна. Сайн ажиллаж чадах эсэх нь бүлгийн даргаас бус 65 гишүүнээс өөрсдөөс нь шалтгаалах нь илүүтэй.

-Ёс зүй гэснээс та УИХ-ын чуулган болон намынхаа Их хурал дээр ч залуустаа хандсан үг хэлж байсан. Нэг нэгнээ гутаадаг, харлуулдаг байдлын талаар л даа. Анзаараад байхад төрийн албаны доод шатнаас нь ажиллаж үзээгүй хүмүүс УИХ-д орчихоор овилгогүй юм хийж эсвэл улс төрийг олны анхаарал татах ажил гэж ойлгодог юм шиг ээ?

-Яах вэ дээ, залуу насны ааг омог байна л даа. Мөн хувь хүний төлөвшлийн асуудал бий. Алдаж эндэх юм байна. Ер нь улс төр, бизнес, хаана ч ажиллаж байгаа залуу гэлтгүй бүх л үеийнхэн өөрийнхөө хамтарч байгаа баг хамт олондоо асар их хүндэтгэлтэй л хандах нь чухал. Манай намын залуучууд дотор залуу, халуун насны аагаар алдаж, онож бас болох, болохгүй болчимгүй үг, үйлдэл гаргадаг явдал бий. Энэ бүхнийг бүгдийг нь буруушаагаад л тэр тэнэг дурак эсвэл энэ л байх ёсгүй хүн ороод ирж гэж би боддоггүй. Ганцхан гаргасан алдаагаа ухаардаг байгаасай гэж боддог.

Ер нь миний өөрийн амьдралдаа мөрдөхийг хичээдэг зүйлсийн нэг нь алдаагаа давтахгүй юмсан гэдэг бодол. Хүн л болсон хойно алдаа, оноо давтагдах зүйл гарах л юм. Гэхдээ сүүлийн үеийн яриагаар халбал “том тэнэгтэж” болохгүй л дээ. Учир нь бид чинь төрд түмнээ төлөөлөөд төрийн хууль тогтоох дээд байгууллагад сууж байгаа хүмүүс. Тийм учраас өөртөө асар их дүгнэлттэй, хяналттай ажиллаж байх ёстой юм. УИХ-ын гишүүн, төрийн албанд зүтгэж байгаа л бол биеэ авч явах, хүн хоорондын харилцаанаас эхлээд бүх зүйлд зарчим, ёс зүй, хэм хэмжээнд захирагдах ёстой байдаг. Үүнийг залуучууд маань сайн бодож явах ёстой.

-Аливаа сонгууль, албан тушаалын өрсөлдөөний үеэр л нэг нэгнээ “шардаг” биз дээ?

-Тийм. Өнгөрсөн наймдугаар сараас хойш, өмнөх Засгийн газар огцрох асуудлаас болж намын дотор юу болов доо. Энэ дунд аль нэг талыг нь хэт барьж ажилласан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч олон бий. Сая Их хурлын өмнө намын даргад өрсөлдөхөө зарласнаас хойш хэдэн өдөр Д.Хаянхярвааг хамгийн муу хүн болгох гэж, яаж муухай харагдуулах вэ гэдэг уралдаанд идэвхтэй оролцсон зарим телевиз, сонин, сайтыг хараад гайхаж байв.

Тийм болохоор би намынхаа Их хурлын индэр дээрээс “Хэвлэл мэдээллээр сүүлийн үед хангалттай бие биеэ хэмлэлээ, балбалаа, одоо болно” гэж хэлсэн. Мөн хэвлэл, мэдээллийнхэн ч сэтгүүлзүйн ёс зүй гэдэг зүйлдээ захирагдаж ажиллах юм биш нийгэмд ийм сөрөг зүйл хэт их газар авахгүй л дээ. Би нэрийг нь хэлээд яах вэ. “Монголд маш сайн, чухал телевиз шүү” гэж үргэлж ярьж. бодож явдаг телевиз гэхэд миний тухай сөрөг юм байвал бүгдийг нь цацаж байгаа юм. Ингээд ирэхээр эд нар бас худалдагдчихдаг юм байх даа гэж хүн бас бодохоор л юм байна лээ дээ.

-Цахим орчинд бол бүр хэцүү юм хийнэ шүү дээ?

-Тухайлбал, Герман, Хятад, Орос, Япон гээд том орнууд энэ тал дээр маш хариуцлагатай хуультай болоод эхэллээ. Нэгэнт л дэлхийн хөгжлийн дэг жаягийг дагая гэж байгаа бол бид сайныг нь дагах ёстой. Сошиал орчныг тодорхой хуультай, ёс зүйтэй болгох тухай асуудлыг бид УИХ дээр ярьж хэлэлцэх л ёстой. Гэхдээ хүний халж, ярих эрхийг хааж боохдоо биш.

Тухайлбал, би алдаа оноо гаргаж болно. Харин түүнийг яг бодитойгоор л хэлэх хэрэгтэй. Түүнээс зохиол бичүүлчхээд тараагаад байж таарахгүй л гэсэн санаа. Болохгүй байгаа зүйлийг засах л хэрэгтэй. Аливаа зүйлийг хуулиар л зохицуулдаг учраас хуулийн зохицуулалттай болгоогүй байж бид бас нэг тал руу нь зүтгээд “Та нар тийм байх ёстой" гэж мянга дайраад хэрэггүй.

-Сошиалыг удирдаж хүн намнах арга газар аваад байгаа нь үнэн л дээ?

-Сүүлийн үед сошиалаар хүнийг нийгмээс байтугай гэр бүл хажуу хавиргатайгаа байхад хүртэл хэцүү болтол балбадаг боллоо. Энэ чинь хүн хоорондын харилцаа, найз нөхдийн уур амьсгал олон юмыг эвдэж байна. Нийгэм хурдацтай өөрчлөгдөж байна. Залуусын дийлэнх нь хар мэдээлэл авдаг болчихлоо шүү дээ. Тэгэхээр бид Монголын хойч ирээдүйгээ бодох юм бол энэ сошиал ертөнц гээд байгаа нээлттэй орон зайг хуультай л болгох хэрэгтэй.

Тэгж байж энэ их хар мэдээллийг цэгцэлж таарна. Залуу үе маань дандаа гүтгэж, доромжилсон, үзэн ядсан худал мэдээлэл дунд байна шүү дээ. Үүнийг засах нь магадгүй бидний үүрэг. Засахгүйгээр энэ чигт нь залуу үеэ хөтөлж оруулаад хаячих юм бол нас нь жаахан хэвийсэн цагтаа нөгөөдүүл чинь бүр аймшгийн болно биз дээ. Тэр үед нь хэн, юугаа хэлэх вэ.

ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭХ, СЭРГЭЭХГҮЙ ДЭЭР БҮЛГИЙН ШИЙДВЭР ГАРГАХ ЁСГҮЙ

-Ирэх оны улсын төсвийг бараг л ажлын долоо хоногийн дотор л хэлэлцэж баталлаа. Ерөнхийдөө халамжийн шинжтэй зүйл их орсон, зардал танаагүй гээд шүүмжлэл явж байгаа. Зарим гишүүд хойшдоо тодотгол хийх төсөв болсон гэж байр сууриа илэрхийлж байсан. Таны хувьд хэрхэн харж байна вэ?

-Өмнөх Засгийн газрын өргөн барьсан төсвийг татсан, буцаасан ийм л процесс болсон. Тэр хооронд нь Сангийн яаман дээрээ чухам яаж ажилласныг бол мэдэхгүй. Засгийн газрын төвшинд бол үүнд яг бодитой хандаад, идэвхтэй дүн шинжилгээ хийх зав ч, боломж ч байгаагүй гэдэгтэй би санал нийлнэ. Сангийн сайд ч “Ер нь бол би төсөвтэй яг нарийн гүйцэд танилцах боломж олдоогүй” гэж хэлж байсан.

Мөн “Тодотгол хийх гэж төсөв барьдаггүй ээ. Тодотгол хийхгүй ээ” гэдэг санаа хэлж байсан. Амьдрал баян болохоор тодотгол хийх эсэхийг цаг хугацаа харуулах байх. Ер нь бидэнд сүүлийн жилүүдэд “За төсвөө баталчихъя тэгээд тодотгол хийгээд янзална’’ гэдэг нэг буруу жишиг тогтоод байгаа юм. Сүүлийн тав, зургаан жил бараг л ингэж явж ирсэн. Болохгүй л бол “За яах вэ үүнийг хурдхан баталчихъя. Дараа нь тодотгол хийгээд янзалчихна шүү дээ” гэдэг.

Тэгэхээр бид төсөв дээрээ маш сайн ажиллаад нэлээд ул үндэстэй төсөв баталж, түүнийгээ мөрдүүлэх тал дээр ажиллахгүй зүгээр хайнгадуу юм орж ирээд явчихдаг жишиг рүү орчих вий гэдгээс болгоомжлох ёстой. Ирэх оны төсөв сарын дараа хэрэгжээд эхэлнэ. Хэрэгжээд эхэлсний дараагаар ямар нэгэн алдаа мадаг янз бүрийн зүйл байвал тэр нь аяндаа гараад ирнэ шүү дээ. Тэр үед бид зөв талаас нь ажиллаж, зөв шийдвэр л гаргах хэрэгтэй.

-Ерөнхийлөгчийн зүгээс төсөв хэлэлцэх үеэр Сангийн сайд дээр хэсэгчилж дараа нь 2017 оны төсвийн тодотгол дээр бүхэлд нь хориг тавьж нэлээд цаг алдуулах шиг болсон. Таны хувьд хэрхэн харж байсан бэ?

-Ерөнхийлөгчийн Үндсэн хуульд заагдсан бүрэн эрхийг мэдээж хүндэтгэж байна. Харин тухайлбал, хувь хүн дээр хандаж хориг тавьсныг нь би зөв жишиг гэж бодохгүй байна. Ч.Хүрэлбаатар гэдэг хүнийг Сангийн сайдаар МАН-ын бүлэг томилсон. Гэтэл Ерөнхийлөгч хууль хяналтын байгууллагаар батлагдаагүй зүгээр л хэвлэлээр явж байсан зүйлийг өлгөж аваад “Энэ хүн дээр хориг тавина” гэдэг асуудал гаргасан нь хууль дүрмээс гадна ёс зүйн зарчимд ч нийцэхгүй шүү дээ.

Ардчилсан нийгэмтэй, хууль дүрэмтэй оронд шүүхээр тогтоогдсон хүнийг л гэмт хэрэгтэн гэдэг. Дураараа гүтгэж болохгүй. Тэгэхээр үүн дээр бас бодох байлгүй дээ гэж үгээ хэлсэн. Түүнээс Ерөнхийлөгчийн өөрийнх нь бодлогыг буруу, зөв гэж шүүх байдлаар би асуудалд хандаагүй.

-Тэгвэл цаазын ялыг сэргээх талаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд санал хүргүүлээд байгааг нь юу гэж харж байна?

-Цаазын ялыг зөв, буруу гээд ярьж байна. Миний хувьд цаазын ялыг сэргээх, сэргээхгүй гэдэг дээр Бүлгийн шийдвэр гаргах ёсгүй гэж бодож байгаа. Би хувь хүнийхээ хувьд цаазын ялыг манайх халсныг арай эрт л гэж боддог. Тийм болохоор 76 гишүүн цаазгүй болсныг хүчингүй болгох тухай асуудал ороод ирвэл яаж хандахыг би мэдэхгүй. Бусад өөр асуудлаар улс төрийн шийдвэр гаргах юман дээр Бүлэг улс төрийн шийдвэр гаргана.

Өөрөөр хэлбэл тэр төсөв дээр тавьсан хоригийг бид хүлээж авах уу, үгүй юу гэдгийг дотооддоо ярилцана. Хуульд нийцсэн эсэхийг нь судална. Гарцаагүй хүлээж авах шаардлагатай хориг ч байж болно. Тэгвэл бас 65-ын бүлэг олонх болчихоод “Хууль хамаагүй ээ бид хүлээж авахгүй" гээд явуулж болохгүй шүү дээ. Тийм учраас хуулинд л захирагдаж төрийн бүх үйл ажиллагаа явагдах ёстой.

-Та цаазын ялыг ирээдүйд бол халах ёстой, гэхдээ одоо байх хэрэгтэй гэж үздэг юм байна гэж ойлголоо?

-Тийм. Хэтэрхий харгис хэргүүд дэндүү их гарч байна. Сүүлийн үед гарсан бага насны хүүхдүүдийг хүчирхийлдэг, хүнийг тамладаг, тарчлаадаг хэргүүдийн талаар бүгдээрээ л мэдэж байгаа байх. Би хувь хүнийхээ зүгээс ийм хүмүүсийг байлгаад байх ёстой юу гэдэг асуудлыг бодож байна.

-Тэр хүн хэрвээ хэлмэгдсэн байвал яах вэ?

-Хүмүүс олон талаас тайлбарладаг. Өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэгж ярьдаг байсан л даа. Цаазлаад таван жил өнгөрөөд байтал тэр хүн хэлмэгдсэн байсан нь тогтоогдвол яах вэ гэж. Энэ бол бас л нэг өнцөг, харьцуулж бодох асуудал. Улс төрийн шийдэл гаргаж зөв, буруу гэж ярихаасаа илүүтэйгээр үнэхээр энэ 76 гишүүн хувь хүнийхээ үзэл бодлоор үүнд хандах ёстой юм байна гэж бодож байгаа.

ЗАСГИЙН ГАЗАР БАГА ЯРЬЖ, ИХ ХИЙГЭЭСЭЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА

-Шинэ Засгийн газрын үйл ажиллагааг дүгнэхэд эрт байгаа байх л даа. Гэхдээ эхнээсээ шийдвэрүүд нь гараад явж байна. Таны хувьд Засгийн газрыг хэрхэн ажиллаж байна гэж харж байна вэ?

-Засгийн газрын үйл ажиллагааг тийм, ийм гэж хэлэх эрт байна. Эрт байтугай бүр яагаа ч үгүй байна. Засаг бүрдэнэ гэж элдвийн л юм боллоо. Дараа нь тал талд баахан аахилсан, уухилсан хүмүүс намын Их хурлаа хийлээ. Ямар ч байсан хүндрэлтэй асуудлуудынхаа ар талд МАН эв зүйгээ олоод зохицоод гарлаа гэдгээ нийгэмд харуулж чадлаа. Шинэ Засгийн газраа байгуулчихсан, намынхаа Их хурлыг олон түмэнд эерэг уур амьсгалтайгаар хийгээд намын даргаа сонгож чадлаа.

Өнөөдөр энэ Засгийн газрыг юу хийх бол гээд Монголын ард түмэнд нүдээ бүлтийтэл харж, чихээ дэлдийтэл сонсож байна. Тийм учраас манай Засгийн газар ард олны асар өндөр хүлээлтэд тохирсон, хурдтай, эдийн засгийн цэгцтэй зөв бодлого явуулах байх гэж найдаж байгаа.

Бага ярьж, их хийгээсэй гэж мөн хүсэж байгаа. Тийм ч юм хийнэ, ийм ч юм хийнэ гэсэн үгийг энд тэнд олон удаа яриад явахаар ард түмэнд хэтэрхий их хүлээлт үүсгэдэг. Харин хийснийхээ дараа би ингэж хийлээ гэвэл арай өөр байдлаар юманд хандах хандлага гарч ирдэг. Би Засгийн газрын зарим сайд нарт орон нутгийн ажил амьдралын зовлон жаргалыг мэддэг хүнийхээ хувьд үүнийгээ хэлсэн. Хэвлэл, сошиалаар яриад байгаа энэ пиар чинь ихдээд байна шүү гэдгийг ч хэлсэн.

Юу юуны туханд хүрэлгүй энд тэндхийн бүх л хурал зөвлөгөөн, хүн цугласан газар бүхэнд давхиж очоод л “Би ийм ч юм хийнэ, тийм ч юм хийнэ" гээд амлаж давхиад байх нь сайн үзүүлэлт биш юм. Хамгийн гол нь хийх гэж байгаа зүйлээ бодитойгоор барьж аваад чимээгүй, намуухан хий. Дараа нь "Би төлөвлөсөн ажлаа хийлээ" гэж ярих юм бол илүү үр дүнд хүрнэ шүү гэдгийг л зөвлөсөн дөө.

Сүүлийн үед манай төр засгийн ажил дээр гарсан хамгийн том алдаа юу байв гээд бодохоор хэтэрхий их пиар талаа барьж ажиллаад байна. Үүнийг бодоосой билээ гэж би чин сэтгэлээсээ энэ Засгийн газрынхандаа хандаж хэлмээр байгаа юм. Хэт их пиар цацаад олон түмэнд маш сайн эерэг юм хийж байгаа мэт ойлголт бий болгох гэж ноцолдоод тэр бүхэн чинь бүтэхгүй бол дараа нь бүгдээрээ нэгмөсөн дуусна.

Тийм болохоор бодитой чадах юмаа эхлээд төлөвлө, яаж хийх вэ гэдэг арга замаа сонго, дараа нь хий тэгээд олон түмэндээ хүргэ. Хийж чадахгүй юмаа олон түмэнд шударгаар хэл. Ингэж явж байж Засгийн газар нэр хүндээ сайжруулна уу гэхээс биш хоосон пиараар, сошиал ертөнцөөр өөрсдийгөө хий магтуулаад тийм сайн үр дүнд хүрэхгүй ээ гэдгийг манай энэ шинэ Засгийн газрынхан маш сайн бодож ажиллаарай гэж би бүр анхааруулж байна.

-Танд Ерөнхий сайдад хандаж хэлэх зөвлөгөө байна уу?

-Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын даргадаа би ямар зөвлөгөө өгөх вэ дээ. Гэхдээ яах вэ би хөдөө орон нутагт арай илүү ажиллаж байсны хувьд миний амьдралаас харж бас бодож явдаг нэг зүйл юу гэхээр ер нь том удирдагч хүнийг яг эргэн тойрон хүрээлж байгаа хүмүүс нь балладаг юм шүү. Үүнийг их сайн бодож ажиллаарай гэж хэлье.

-Жишээ нь?

-Ерөнхий сайдтай уулзаж чаддаггүй мөртлөө Ерөнхий сайдын ажлыг маш их дэмждэг хүмүүс Монголд олон бий. Гэтэл Ерөнхий сайдтай өдөр бүхэн уулздаг хүн дээр хэлсэн хүмүүстэй хувийн харьцаанаасаа болоод ч юм уу тэр хүнийг дандаа буруугаар ойлгуулаад яваад байх юм бол Ерөнхий сайд өөрөө хүссэн хүсээгүй өдөр бүхэн хажууд нь байгаа хүний үг чихэнд нь наалдсаар байгаад тэр хүн эсвэл тэр компанийн тухай эерэг ойлголт нь алга болоод буруу ойлголттой болчихдог.

Үүнээс болж хүн алддаг. Тийм учраас асуудалд бодитой хандахын тулд болж өгвөл хэнтэй уулзах, яах гэдгээ өөрөө мэддэг, цаг заваа гаргаж аль болохоор л олон түмэнтэй, юм бүтээх гээд байгаа хамт олонтой уулздаг байгаасай гэж би хувь хүнийхээ хувьд бодож байгаа. Хамгийн ойрын хүмүүсээсээ болгоомжлоорой гэсэн санаа юм. Тэд даргаа дандаа өөрсдөдөө ашигтай мэдээллээр хангаж вакумжуулж эрүүл шийдвэр гаргахад нь хүндрүүлж байдаг гэдгийг санаж явах ёстой.

Мөн анх Ерөнхий сайд болоход нь би чуулган дээр хэлж байсан. Хэвлэл мэдээллээр ч хэлсэн. Монголчуудад үндэсний компаниараа бахархах бахархлыг төрүүлэх тухай асуудлыг энэ Засгийн газар хийгээч ээ гэж. Яагаад гэвэл өнөөдөр Монголын эдийн засгийг чирч яваа өөдтэй өнгөтэй бүх компани авлигач луйварчдын компани болж хувирлаа шүү дээ. Ачааны хүндийг үүрч байгаа тоотой хэдэн компаниа татаад унагаачих юм бол араас нь бид яаж амьдрах юм бэ.

Алдаа оноогүй цэвэр компаниуд Монголд олон бий. Алдаж эндэж байгаагаа засаж залруулж, түшиж тулж дэмжих цагтаа дэмжиж, хатуурхах цагтаа хатуурхаж байж эдийн засгаа өөд татна. Энэ бол бидний хийх ёстой нэг ажил. Монгол хүн эх орноороо, монгол хүн гэдгээрээ, үндэсний компаниараа бахархах сэтгэл байхгүй бол бид Монголын хөгжлийн тухай яриад ч хэрэггүй. Би ийм хатуу бодолтой явдаг хүн.

-Компаниуд гэснээс Ерөнхийлөгч 30 гэр бүлийн асуудлыг гаргаж ирсэн. Мөн Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхдээ Л.Энх-Амгалан гишүүнийг Шадар сайдаар томилуулахаар оруулахад уул уурхайн компанийн төлөөлөл гэдэг утгаар хүлээж авахгүй байсан зэрэг үйл явдлууд болж байлаа. Тэгэхээр энэ компаниуд чинь үнэхээр баахан залилагч, луйварчид гэсэн хочтой хэвээрээ л байх юм биш үү?

-Ерөнхийлөгчийг чуулганы танхимд байхад нь би 30 гэр бүл гэх оньсого таалгахаа болих хэрэгтэй гэж хэлсэн л дээ. Монголын нийгэмд 1990 оноос хойш өмч хувьчлал эхэлсэн. Миний бодлоор өмч хувьчлалаар хэн, юуг, яаж авсан гэдэг өнөөдрийн нийгмийн ярих асуудал биш гэж боддог. 1990 онд монголчууд бүгд л мөнгөгүй нэг гараанаас эхэлсэн. Тэр үед үнэхээр овсгоотой, чадвартай, сайн ажиллаж чаддаг, зах зээлийн нийгмийн үндсэн зарчмыг түрүүлж ойлгосон хэсэг нь өмч хувьчлалд илүү идэвхтэй оролцож өмчтэй болох үндэс суурь нь тавигдсан.

Энэ бол нийгмийн хөгжлийн явцад байдаг, байх ёстой л үзэгдэл байсан. Үүнийг одоо буруу зөрүү гэж яриад ямар ч хэрэг байхгүй. Харин одоо үүнээс хойш хэн юу хийв бүтээв гэдэг бол өөр асуудал. Нэг үйлдвэр авчихаад шинээр юу нэмж хийв, бүтээв гэдэг асуудлыг л ярих ёстой. Аваад зарчихсан, авчихаад хэвэндээ байгааг мөн хөндөх хэрэгтэй.

Үндэсний үйлдвэрлэгч баялаг бүтээгчдээ Монголын төр янз бүрийн хэлбэрээр ялгаварлан гадуурхах асуудлаа одоо зогсоомоор байгаа юм. Үнэндээ хууль зөрчөөд тэвхийтэл баяжаад Монголын бүх баялгийг зарчихаад мөнгөө гадагш нь зөөж байршуулаад байгааг нь мэдээд байгаа мөртлөө хэлэхгүй байвал энэ чинь харин хууль зөрчсөн асуудал шүү дээ. Үнэхээр тэр 30 гэр бүлийг мэдчихээд хэлэхгүй байна гэдэг чинь Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хууль зөрчиж байна гэсэн үг. Тийм учраас л үүнийгээ хэлээд яриад хуулийн дагуу ажиллаж уу үгүй юу гэдгийг нь судлах хэрэгтэй. Мэдээж, уул уурхай бол асар их эрсдэлтэй салбар. Нэг хэсэг нь уул уурхай гэж ухаад л мөнгө олж авдаг гэж ойлгодог юм билээ. Хайгуул олборлолт хийхээс эхлээд маш өндөр эрсдэлтэй.

Улсын хөрөнгөөр хайгуул хийчихсэн ордуудыг эзэмшээ; хувьдаа баяжчихсан нөхөд гэж яриад байгааг ойлгож байна Тиймээс хуулийн дагуу ажилласан байна уу гэдгийг л шалгах ёстой юм. Тэр үед Монгол Улс ямар хуультай байсан юм бэ, хуулиндаа захирагдаж ажилласан уу эсвэл хуулиас гажиж ажиллаж уу гэдгийг тогтоох тухай асуудал. Эхлээд үүнийгээ тогтоочхоод дараа нь харин жинхэнэ хууль дүрэм зөрчсөн, зөрчөөгүй тухай асуудлаа яриад явбал нийгэм жаахан цэвэршинэ.

Ингэж ярихгүйгээр ерөөсөө л Монголыг цөлмөсөн байна, ингэсэн байна гээд үзэн ядалт явуулаад байвал хойч үе маань ч ийм үзэн ядалттай нийгэмд өсөх гээд байна шүү дээ. Бидний ядуу, зовлонтой байгаагийн гай нь энд нэг хэдэн хулгайчууд байдаг, эдний хэдэн хүүхдүүд л байдаг юм байна гэсэн ойлголт өгч хар бараан сүүдэртэй нийгмийг хойч үедээ өгч болохгүй. Улстөрчид энэ асуудалд бодитой хандах хэрэгтэй. Элдвийн хардалт, гүжирдлэг, гүтгэлэг нийгмийн сэтгэл зүйг эвдэж байгааг ойлгох цаг болсон.

-Ерөнхий сайд намын дарга болсныхоо дараа Ерөнхийлөгчийн хувь эзэмшдэг “Max импекс” компани дээр очоод “Хөрөнгө оруул, өргөжүүл” гэсэн үүрэг салбарын сайдад нь өгчхөж байсан. Үүнийг олон нийт тал бүрээс нь ярьж шүүмжилж байна. Таны хувьд үүнийг хэрхэн харсан бэ?

-Засгийн тэргүүн, Засгийн газрын хийж байгаа ажлыг одоохондоо элдвээр хэлэмгүй байна. 

Зураг