Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ирээдүйн хөгжлийг тодорхойлох ЦАХИМ МӨНГӨний эрин

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ард Санхүүгийн Нэгдлээс санаачилж буй блокчэйн, криптовалютыг олон нийтэд таниулах зорилготой Крипто Үндэстэн чуулга уулзалт өнөөдөр боллоо.

Уулзалтаар блокчэйний технологийн онцлог, цахим мөнгөний хөгжил, криптовалютын болон биткойны ирээдүйн төлөв, зохицуулалтын орчны талаар олон улсын мэргэжилтнүүдээс мэдээлэл авч, Монгол Улсад хэрхэх талаар санал бодлоо солилцлоо.

Мөн хурлын үеэр блокчэйн технологийг нэвтрүүлж байгаа мэргэжлийн компаниуд, криптовалютын үйлчилгээ үзүүлж буй санхүүгийн байгууллагууд өөрсдийн ажил, үйлчилгээний талаар танилцууллаа. 

Хурлыг нээж Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар үг хэлсэн юм. 

Бид зөвхөн өнгөрснөө бодон бахархаж амьдрах биш ирээдүйн тухай ярих ёстой

 
Гэрэл зургийг mpa.mn

Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх захирал​ Ч.Ганхуяг "Хиймэл оюун ухаан блокчэйн технологийн талаар бид хувийн хэвшлийн байгууллагын хувьд ард иргэддээ үнэн зөв мэдээллийг хүргэхийг зорин ажиллаж байна.

Компанийн нийгмийн хариуцлага гэдэг зүйлийг сайн үйл хийх бус, мэдлэг олгож, түгээхэд байж болох юм гэх талаас нь бид ойлгодог. Саяхан бид цахим алт гээд номыг хэвлэж олонд хүртээл болгосон. Үүний дараагаар энэ чиглэлийн үүсэл түүхийг харуулсан номын орчуулгыг хийхээр ажиллаж байна. 

Энэ их хувьслын дунд амьдарч байгаа Монголчууд хэрхэн ажиллаж, мэдээллийн цөм үүсгэн, боловсролдоо анхаарах вэ гэх том сорил ирээд байна. 

Бид зөвхөн өнгөрснөө бодон бахархаж амьдрах биш ирээдүйн тухай ярьж, өнөөдөр тулгамдсан асуудлуудыг яаж шийдвэрлэх талаар бодох ёстой" гэлээ.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Бид цоо шинэ эрин үед амьдарч байна. Цоо шинэ гэхээр цаг хугацааны хувьд хэлэх гэсэн юм биш. 2000 он хүртэлх хүн төрлөхтний хөгжлийн судалгаанаас үзэхэд сүүлийн 50 жилд хүн төрлөхтний хийсэн нээлтүүд нь өмнөх 5,000 жилийн нээлтээсээ хэд дахин давсан байгаа.

Өнөөдөр бид блокчэйн технологи гээд ярьж байна. Блокчэйн гэдэг өөрөө хувьсгал. Хэчнээн төрлийн шинэ үйлчилгээ, боломжийг авчрахыг бид мэдэхгүй. Зөвхөн эхний шатны гайхамшгаа л үзүүлж байна. Жишээлбэл, биткоиныг мөнгөн тэмдэгт, ханш талаас нь авч үзвэл, өмнөх бүх мөнгөн тэмдэгтийн үнэтэй харьцуулахад гэрлийн хурдаар өсч байна.

Би өөрийн залуучууддаа үүрэг өгч, блокчэйнд суурилсан дэлхийд анхны дижитал элчин сайдын яамыг нээе гэж байгаа. Өөрөөр хэлбэл тоон ертөнц өөрөө бодит ертөнц болсон учир бид бодит болон бодит бус ертөнц гэж хуваахын аргагүй болоод байна. 

Мөн биткоин бол шинэ төрлийн бизнес. Хэдий эрсдэлийг өөрөө үүрэх ч, олох ашиг, үр дүн нь төсөөлөхийн аргагүй өндөр байх болно. Аливаа зүйлд болгоомж хэрэгтэй ч, болгоомжилж байна гээд зүгээр сууж болохгүй" гэлээ.

Крипто Үндэстэн чуулга уулзалт хэлэлцүүлгээр үргэлжилж, оролцогчид олон улсын мэргэжилтнүүдтэй ярилцан, санал сололцсон юм. Уулзалт маргааш буюу энэ сарын 2-ны өдөр Корпорэйт Конвеншн Сентерт үргэлжлэн зохион байгуулагдана.