Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Тусгаар тогтнолд заналхийлсэн АВЛИГА

ikon.mn
2017 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

"Улс орон, гадаад улсын булаан эзлэлтээс бус ард түмнийхээ итгэлийг алдсан, авлигажсан албан тушаалтнуудын шуналаас болж сүйрдэг"

/Солонгосын сэтгэгч Жон Яг Юун/

Нэгэн цагт дэлхийн талыг эзэгнэж байсан хүчирхэг монголчууд дотоодын зөрчил, эрх мэдлийн тэмцлээс болж сулран доройтож 1636 онд өвөр монголчууд, 1696 онд халхууд, 1757 онд ойрд монголчууд Манжийн хараат болсон. Үндэсний эрх чөлөөний хувьсгал 1911 онд ялах хүртэл Монгол Улс 200 гаран жил Манж чин гүрний эрхшээлд байсан гашуун түүхийг бид бүгд мэднэ. Үүнээс хойш монголчууд 1921 оны Ардын хувьсгал, 1937 оны их хэлмэгдүүлэлт, Дэлхийн 2 дугаар дайн зэрэг түүхийн олон хүнд шалгууруудыг давж 1961 онд НҮБ-ын гишүүнээр элсэн тусгаар тогтнолоо баталгаажуулсан.

Тусгаар тогтнолыг үе үеийн эх орончдын халуун амь, бүлээн цус, өнчрөл хагацал, бусад улсын дарамт шахалт гэх мэт түмэн зовлон, мянган бэрхшээлийг туулж хойчийн бидэнд авчирсан юм. Тусгаар улс байх нэг том шинж нь дотоод асуудлаа хэнээс ч асуухгүй бие даан шийдвэрлэх эрх. Ардчилсан Монголын авлигажсан албан тушаалтан, эрх мэдэлтнүүд асар их үнээр авчирсан тусгаар тогтнолыг алдагдуулах хэмжээнд хүрчихээд байна. 

Монгол Улс 2017 оны 2 дугаар сарын 1-19-ний өдрүүдэд ОУВС-тай хэлэлцээр хийж ‘’Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр’’-ийг хэрэгжүүлж байна. Сангийн яамнаас ‘’ОУВС-тай энэхүү хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлснээр төсвийн сахилга бат сайжирч, төсвийн нэгдмэл байдлыг ханган, өрийн дарамтаас гарч, төлбөрийн тэнцлийг алдагдалгүй болгон, бизнес хөгжих таатай орчин бүрдэж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нөхцөл бүрдэнэ’’ гэж тодорхойлжээ. 
Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар тусгаар Монгол Улсын төр иргэдийнхээ амин чухал асуудлыг бие даан шийдвэрлэх чадамжаа алдсаныг бид бүхэн мэднэ. Иргэдийнхээ цалин хөлсийг нэмэх, тэр ч бүү хэл хэдэн настайд нь тэтгэвэрт гаргах, хэдэн төгрөгийн татвар авахаа бие даан шийдвэрлэх эрх өнөөдрийн Монгол төрд байхгүй. 

Иргэд төсвийн сахилга батыг алдагдуулсан уу? Иргэд, төсвийн нэгдмэл байдлыг алдагдуулсан уу? Иргэд Монгол Улсыг өрөнд оруулсан уу? Иргэд бизнес эрхлэх таатай орчинг алдагдуулж хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан уу? Мэдээж үгүй, авлигажсан албан тушаалтнууд л дээрх бүхнийг хийж Монгол төрийн бие даан шийдвэр гаргах чадамжийг алдагдуулсан. Монгол төр бие дааж шийдвэр гаргах чадамж буюу тусгаар тогтнолоо  тодорхой хэмжээнд алдсан энэ цаг үед авлига, түүний цар хүрээг үнэн зөвөөр тодорхойлж, эрчимтэй тэмцэл хийхгүй бол өөрийн нутаг дээр хүний эрхээр амьдрах бодит аюул нүүрлээд байна.  

“Транспэрэнси интернэйшнл” олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг “Авлигын төсөөллийн индекс”-ийг дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрч энэ чиглэлийн судалгааны ажлын гол барометр болгон ашигладаг.

Уг индексээр авлигагүй, тунгалаг төртэй улс орнууд 100 оноо авах естойгоос Монгол Улс

  • 2012 онд 174 орноос 36 оноогоор 94 дүгээрт,
  • 2013 онд 175 орноос 38 оноогоор 83 дугаарт,
  • 2014 онд 174 орноос 39 оноогоор 80 дугаарт,
  • 2015 онд 167 орноос 39 оноогоор 72 дугаарт,
  • 2016 онд 176 орноос 38 оноогоор 87 дугаарт тус тус бичигдсэн байна.

Үүнээс харахад Монгол Улс сүүлийн 5 жилд 36-39 оноотой өндөр түвшний авлигатай улс орны ангилалд бичигдсээр байна. Албан ёсны судалгаагаар Монгол Улсад авлига түгээмэл байгааг тодорхойлсон ч бодит байдал үүнээс дор байж болохыг үгүйсгэхгүй. 

Санхүүгийн компанид ажилладаг залуу хөлөө гэмтээчихээд мэргэжлийн хяналтын байгууллагаас тодорхойлолт авахаар очиход хариуцсан ажилтан нь “Та манай ажилтнуудад үнэгүй данс нээгээд өгвөл тодорхойлолтыг чинь хурдан гаргаж өгнө” гэж улайм цайм хэлсэн талаар гомдоллож байсан. Өнгөрсөн долоо хоногт автомашин худалдан аваад улсын дугаар авахаар 22-ын товчооны орчим байрлах бүртгэлийн газарт очсон залуу “Арай ч дээ, авлига цагаандаа гарчээ. Бүртгэлийн ажилтан нь оношилгоонд ороогүй бол хот руу буцаж яв гэх, үүдэнд байгаа залуус болохоор хот руу орж оношилгоо хийлгэхгүйгээр бүх асуудлыг энд шийдвэрлэж өгнө гэж 20,000 төгрөг аваад бүртгэл хийж байна, бүр сүлжээнд орчихжээ” гэж халаглаж байна.

Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээс завшигчид, 60 тэрбумын хэрэг, офшор данстнууд, 30 гэр бүл гээд өндөр түвшний авлигын талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хангалттай яригдаж байгаа. Уншигч Таны эргэн тойронд ч авлигын олон жишээ баримт байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Монголын шүүх авлигын гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэдгийг сонирхож Авлигатай тэмцэх газрын албан ёсны цахим хуудсаар орж үзэхэд тус газрын мөрдөн шалгасан хэргүүдээс 2012 онд 38, 2013 онд 33, 2014 онд 33, 2015 онд 24, 2016 онд 25 хэрэг шүүхээр тус тус шийдвэрлэгдсэн байна. Энэ тоо мэдээнд  тухайн жилд шүүхээс цагаатгасан, хэрэгсэхгүй болгосон, шийтгэсэн нийт хэргүүд багтаж байгаа. 

Амьдрал дээр, албан ёсны судалгаагаар түгээмэл байгаа авлигын гэмт хэрэгтнүүдэд хуулийн хариуцлагыг шударгаар хүлээлгэх асуудал хангалтгүй байгаа нь судалгаанаас харагдаж байна. “Шийтгэхгүй орхино гэдэг гэмт хэргийг гааруулах шалгарсан арга мөн” гэж Цицерон хэлсэн байдаг.

Авлига, албан тушаалын гэмт хэргийг мөрдөн шалгах, яллах, ял шийтгэлийг шударгаар оногдуулах тогтолцоо, хууль эрх зүйн орчинг сайжруулах зайлшгүй шаардлага байгааг бүх шатандаа ярьж байгаа боловч бодит үр дүн, өөрчлөлт хийгдэхгүй, авлига гаарсаар л байна. Авлига түгээмэл байгаа бол түүний эсрэг хууль тогтоомжийг улам илүү боловсронгуй болгох ёстой. 

Авлигатай тэмцэх газар хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд 5,000 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, төрийн үйлчилгээг хүргэж буй албан хаагч, шинжээчийг хамруулан “Шударга байдлын үнэлгээ”-г хийдэг. Энэ үнэлгээнд оролцогчид “Монгол Улсад авлига хамгийн их тархсан институц аль нь вэ?” гэсэн асуултад 2015 онд 46.9 хувь нь эрүүл мэндийн байгууллага, 40.0 хувь нь  эазрын алба, 36.8 хувь нь шүүх, 2016 онд 46.4 хувь нь газрын алба, 44.7 хувь нь эрүүл мэндийн байгууллага, 38.6 хувь нь шүүх гэж тус тус хариулж, авлигаар манлайлж буй салбаруудыг тодорхойлжээ. Дээрх үнэлгээнээс харахад авлига хамгийн ихээр тархсан институцээр шүүх 2 жил дараалан нэрлэгдсэн нь энэ салбарт тодорхой шинэчлэл, шийдэл хэрэгтэйг илтгэж байна. 

Монгол Улсын тусгаар тогтнолд бодит аюул, занал учруулахуйц хэмжээнд хүрсэн  авлигын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр олон улсын сайн туршлагуудаас санал болгож байна. 

Авлигын хэргийг хянан шийдвэрлэх дагнасан шүүх байгуулъя

Авлигын эсрэг дагнасан шүүх авлига, албан тушаалын гэмт хэргийг хянан шийдвэрлэх нь энэ төрлийн гэмт явдлыг таслан зогсоох, тэмцэхэд өндөр үр дүнтэй гэдгийг олон улс орнууд, эрдэмтэн, судлаачид хүлээн зөвшөөрч байна. Харвардын их сургуулийн Хуулийн сургуулийн профессор Матью Стефенсон ‘’Авлигын гэмт хэргийг хянан шийдвэрлэх дагнасан шүүх байгуулах нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үр нөлөөтэй арга’’ гэж тодорхойлсон. Индонези, Филиппин, Тайланд, Пакистан зэрэг хүн ам ихтэй улс орнууд Авлигын эсрэг дагнасан шүүх байгуулан авлигатай үр нөлөөтэй тэмцэх оролдлогыг хийсээр байна. 

Монгол Улс хүн ам цөөтэй, ялангуяа хөдөө орон нутгийн цөөхөн төрийн албан хаагчид бие биеэ андахгүй таньдаг. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль"-д эрүүгийн хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэхээр хуульчилсан. Олон жил нэг аймаг, суманд ажилласан танил хүмүүс урьдын тогтоосон харилцаагаараа шүүгчид нөлөөлөхөд илүү хялбар, нөгөө талаас шүүгч өөрийн танилд, магадгүй найз нартаа ял шийтгэл оногдуулна гэдэг хүн ёсны хувьд хэцүү. Гэвч өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар орон нутгийн шүүгч, орон нутгийн албан тушаалтнуудад холбогдох хэргийг хянан шийдвэрлэх үүрэгтэй. 

Авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх нь өндөр ёс зүй, мэргэжлийн нарийн ур чадвар шаардсан ажил. Ийм ч учраас Монголын төр авлигатай тэмцэх тусгайлсан чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан байгууллагыг 2007 онд байгуулсан. Авлигын гэмт хэргийг мөрдөн байцаах, хянах ажлын эцсийн үр дүнг хэмжиж, шударга ёс тогтоох алтан дэнс болсон шүүхийн тогтолцоо урьдын хэвээр байгаад дүгнэлт хийх цаг нь болжээ.

Шүүгч бүхнийг мэдэх боломжгүй. Аливаа зүйлд мэргэшсэн хүн л тэр чиглэлээрээ илүү амжилт гаргадгийг бид мэднэ. Эмч хүн тодорхой чиглэлээр мэргэшин сурахад олон жилийг зориулж уг чиглэлээрээ хүн эмчлэх эрхээ авдаг. Хүний амь, эрүүл мэнд үнэхээр чухал, үүнтэй маргах хүн байхгүй. 

Улс орныг мөхөөх чадалтай авлигатай хийх тэмцэл асар  чухал гэдэг бүр ойлгомжтой. Нүдний эмч зүрхний мэс засал хийдэггүй. Харин өнөөдөр Монгол Улсад шүүгч бүх хэргийг хянан шийдвэрлэж байна. Эрүүгийн хэрэг гэдэг нэг ойлголт, эдийн засгийн хэрэг тэр дундаа авлига, албан тушаалын хэрэг гэдэг өөрийн онцлог шинжтэй, бүрэлдэхүүнтэй. Шүүгч авлигачдын нөлөөгөөр, хувийн сонирхлоор бус юм аа гэхэд мэргэшээгүйн улмаас авлигын хэргийг шийдвэрлэж чадахгүй мөрдөн байцаалтад дахин дахин буцааж хугацаа алдах, буруу шийдвэр гаргах, ял завшуулах эрсдэл байсаар байна. Яагаад гэвэл тэд энэ чиглэлээр мэргэшээгүй. Сонин хэвлэлээр сүр дуулиантай эхлүүлсэн улс төрчид, албан тушаалтнуудад холбогдох олон тэрбум төгрөгийн хохиролтой эрүүгийн хэргүүд тэр болгон шүүхийн босго тавьж чадахгүй байгаа нь нийгэмд нэгэнт ил болсон асуудал. 

Эдийн засгийн хямралтай үед Авлигын гэмт хэргийг хянан шийдвэрлэх дагнасан шүүх байгуулах нь цаг үеэ олсон асуудал мөн үү гэсэн асуулт урган гарч магадгүй. Харин ч энэ нь цаг үеэ олсон асуудал. Олон тэрбум төгрөгийн хохиролтой  эрүүгийн хэргүүдийг дагнасан шүүхээр үнэн зөвөөр, шуурхай шийдвэрлүүлэх нь шударга ёсыг тогтооход ч, эдийн засгийн хямралыг даван туулахад ч ач тусаа өгөх болно. Тоон үзүүлэлтээс харахад нэг жилд дунджаар 31 авлигын хэрэг шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа нь цомхон бүтэцтэй, шударга шүүгчидтэй Шүүх байгуулах боломжтой урьдчилсан зураг харагдаж байна. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт Улсын дээд шүүхээс бусад шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөл Засгийн газартай зөвшилцөн санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ гэж заажээ. Улс төрчдийн хүсэл зориг байвал авлигатай хийх тэмцэлд хувьсгал хийх хуулийн боломж нээлттэй байна. 

Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах мэргэшсэн алба байгуулъя

Гадаад улс орнуудын авлига, албан тушаал, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын бүтцэд Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах мэргэшсэн нягтлан бодогч, санхүүчдээс бүрдсэн нэгж, албад ажилладаг. БНСУ-ын Ерөнхий прокурорын газрын дэргэд 34 мэргэшсэн нягтлан бодогчийн бүрэлдэхүүнтэй Санхүүгийн мөрдөн шалгах алба ажилладаг. Энэ албаны дарга нь “Самсунг корпорацийн дэд захиралд холбогдох өргөн цар хүрээтэй, үндэстэн дамнасан санхүү, хөрөнгө мөнгөтэй холбоотой хэргийг шийдвэрлэхэд Санхүүгийн мөрдөх албаны мэргэшсэн нягтлан бодогчид онцгой үүрэг гүйцэтгэсэн” талаар бахархан ярьж байсан. 

Өнөөгийн Монгол Улсын Авлигатай тэмцэх газар, Эдийн засгийн цагдаагийн албаны бүтцэд Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах мэргэшсэн нягтлан бодогч, санхүүчдээс бүрдсэн нэгж, алба байдаггүй. Хуулийн сургууль төгссөн, санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн талаар мэдлэг муутай мөрдөгчид санхүүгийн нарийн далд аргаар үйлдэгдсэн эдийн засгийн гэмт хэрэг, санхүүгийн луйврыг бүрэн илрүүлэх боломж хомс.

Хуулийн байгууллагуудын бүтцэд Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах нэгж, алба байхгүй тул санхүүгийн тусгай мэдлэг бүхий этгээдүүдийг (аудитор, мэргэшсэн нягтлан бодогч иргэдийг) эрүүгийн хэрэгт шинжээчээр томилон ажилуулж дүгнэлт гаргуулж байна. Хуулийн байгууллагууд санхүүгийн мөрдөх ажиллагаа явуулах чиг үүргээ хувийн аудитын байгууллага, мэргэшсэн хувь хүмүүсээр гүйцэтгүүлж байна гэсэн үг. 

Монгол Улсын төр авлига, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх, эдийн засгийн аюулгүй байдлаа сахин хамгаалахад амин чухал асуудал болох санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах чиг үүргээ төрд тангараг өргөсөн, мэргэшсэн алба хаагчаар гүйцэтгүүлэх нь олон талын ач холбогдолтой. Олон жилийн туршлагатай, мэргэшсэн нягтлан бодогч, санхүүчид, банкируудын тусгай мэдлэгээ ашиглан үйлдсэн, холбогдсон авлига, эдийн засгийн гэмт хэргийг хуулийн сургууль төгссөн, санхүүгийн мэдлэггүй мөрдөгчөөр мөрдүүлдэг арга барилыг сайжруулах цаг нэгэнт иржээ. Улс орон эдийн засгийн хямралаас гарах талаар дээр дооргүй ярьж, хөгжлийг мөрөөдөж байгаа энэ цаг үед эдийн засгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах албадын бүтэц, боловсон хүчний чадавхийг сайжруулах ёстой. 

Авлигын гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг нийгмийн хор аюултай дүйцүүлдэг болгоё

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд ‘’Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино’’ гэж тодорхойлжээ. 

Америкийн нэрт криминологич Доналд Грессейн авлига, албан тушаалын гэмт хэргийн шалтгааныг тодорхойлсон “Гурвалжингийн онол”-оор уг гэмт хэргийг үйлдэхэд гурван хүчин зүйл нөлөөлдөг гэж үздэг. Үүний нэг нь барьцах үзэл буюу ‘’ажлынхан маань бусдаас хээл хахууль авчихаад баригдахгүй болоод л байна, би яагаад болохгүй гэж’’, ‘’цалин бага учир хээл хахууль авахад яадаг юм’’ гэх мэт үзэл юм. Энэ үзлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга нь эрүүгийн хариуцлага.

Эрүүгийн хариуцлагын хэр хэмжээ нь уг гэмт хэргийн нийгмийн хор аюултай дүйцдэг, түүнийг  шударгаар оногдуулдаг болсон цагт л цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго нь биелнэ. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулиар албан тушаалтан эрх мэдлээ урвуулан бусдад 50 сая төгрөгийн хохирол учруулсан ч, 50 тэрбум төгрөгийн хохирол учруулсан ч адил хэмжээний хариуцлага хүлээнэ.  Монголчууд бид “их идсэн ч өмхий, бага идсэн ч өмхий” гэж ярьдаг. Энэ сэтгэлгээгээр “идэж”’ эхэлсэн албан тушаалтанд улам “их идэх” зөвшөөрлийг хуульчлан олгосон гэхэд үнэнээс хол зөрөхгүй болов уу. Аливаа хариуцлага эдийн засгийн хөшүүрэгтэй болох үед үр дүн нь хурдан гарч, тогтвортой байдаг. Ажлын цагаас хоцроод байгаа ажилтнуудад удаа дараа сануулахад зөрчил арилгадаггүй атлаа цалин, урамшууллыг нь хасаад эхэлбэл дахин хоцрохоо больдог зэрэг жишээг олон хүн мэднэ.

Авлигын гэмт хэргийн эрүүгийн хариуцлагыг эдийн засгийн хөшүүрэгтэй болгоё. Малайз улсад албан тушаалтны авсан хахууль, завшсан хөрөнгийн хэмжээг 5 дахин нэмэгдүүлэн торгодог, АНУ-ын Техас мужид албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан бусдад онц их хэмжээний хохирол учруулсан бол бүх насаар нь хорьдог гэх мэт эдийн засгийн хөшүүргээр, ялын шийтгэлийн хатуу бодлогоор энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж байгаа туршлагууд олон байна. Төрийн хөрөнгөөс, түмний баялгаас хулгайлагчдын шуналыг хязгаарлаж, Хөгжингүй Монголыг хамтдаа бүтээе. 

Үргэлжлэл бий. 

М.Даваатогтох