Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Фредди Меркури: Дэлхий дахин надтай хамт энэ аюулт өвчний эсрэг тэмцэнэ гэдэгт итгэж байна

Ц.Даваасамбуу, Үндэсний шуудан
2017 оны 12 сарын 1
Үндэсний шуудан
Зураг зураг

Гей гэдгээ нээлттэйгээр зарласан ч үзэгчдийн суудал дахь олон мянган бүсгүй түүний гарын хөдөлгөөнөөр нэгэн зүгт найгадаг байсан “Queen" хамтлагийн гишүүн Фредди Меркури 1946 онд буюу одоогоос 71 жилийн өмнө мэндэлсэн бол нас бараад 26 жил өнгөрчээ. Фредди Меркури бол жирийн нэг рок од биш, харин хөгжмийн түүхэнд имижээ мөнхөлсөн домог.

“Google" дээр Freddie Mercury гэж бичихэд л түүний Элтон Жоннтой хийсэн сэтгэл хөдөлгөм яриа, “Love of my life" дуугаа бүтээсэн түүх зэрэг амьдралд нь тохиосон олон мянган адал явдалт үйл явдал гарч ирнэ. Тайзан дээр гарч ирмэгцээ унтсан хүмүүсийг амилуулах шиг болдог алдарт дуучны зохиосон “Bohemian Rhapsody”, “Killer Queen", “Somebody to Love", “Don’t Stop Me Now", “Crazy Little Thing Called Love”, “We Are the Champions", “Barcelona” зэрэг дууг одоо ч олон мянган хүн сонсож, олон арван жил өнгөрсөн ч хуучиршгүй хэвээр байна.

Меркури зүүн Африкийн Занзибар арал улсад төрсөн байна. Өмнө нь Занзибар Улс нь Их Британийн харьяа байсан бол 1963 оны арванхоёрдугвар сард тусгаар тогтнож, 1964 онд Танганьика болон Занзибарын Нэгдсэн Бүгд Найрамдах Улсыг байгуулсан бөгөөд тэр жилээ Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улс болгож нэрээ өөрчилсөн. Занзибар гэх энэ арал улсыг дэлхий дахинд таниулсан хүн бол яах аргагүй Фредди Меркури. Меркуригийн эцэг Борни болон ээж Жер Булсара нь Энэтхэгийн Гужарат мужаас гаралтай аж.

Түүний гэр бүлийн нэр болох Булсара нь Гужарат мужийн жижиг хот Булсарагаас гаралтай гэдэг. 2006 онд Азийн “Тайм" сэтгүүл түүнийг “Азийн хамгийн нэр нөлөө бүхий баатар" гэж нэрлэсэн байна. 2005 онд Блендер сэтгүүлийн явуулсан санал асуулгаар Меркури бүх цаг үеийн хамгийн шилдэг эрэгтэй дуучнаар шалгарч байв. 2009 онд “Классик рок" сэтгүүлийн санал асуулгаар түүнийг бүх цаг үеийн хамгийн шилдэг рок дуучнаар нэрлэжээ.

Үүнээс гадна 2008 онд "Rolling stone" сэтгүүлээс гаргасан бүх цаг үеийн хамгийн шилдэг XX зууны дэлхийн хөгжмийн ертөнцийг байлдан дагуулсан агуу дуучин Фредди Меркури ДОХ-оор өвчилсөн гэх цуу яриа 1986 оноос тарах болсон. Гэвч амьдралынхаа сүүлчийн өдрийг хүртэл тэр бүх цуу яриаг няцааж байв. 1991 оны арваннэгдүгээр сарын 23-нд Фредди ДОХ-оор өвчилсөн гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.

Тэрбээр “Сүүлийн үед хэвлэлээр гарч буй яриаг би баталж байна. Би ХДХВ-ийн халдвар авч ДОХ туссан. Би хувийн нууцаа хамгаалахын тулд өвчтэй гэдгээ нуух нь зөв гэж үзсэн юм. Гэвч одоо миний найз нөхөд, шүтэн бишрэгчид үнэнийг мэдэх цаг ирлээ. Дэлхий дахин надтай хамт энэ аюулт өвчний эсрэг тэмцэнэ гэдэгт итгэж байна” гэж мэдэгдсэнээс хойш ердөө 24 цагийн дараа тэрбээр Лондон дахь гэртээ ДОХ-оос үүдэлтэй уушгины үрэвслээр нас барсан.

“Queen" хамтлагийн хамгийн сэтгэлд хоногшсон тоглолтын нэг нь 1985 онд ДОХ-ын эсрэг хийсэн амьд тоглолт байжээ. Энэ тоглолтыг үзэхээр цэнгэлдэхэд цугларсан 72 мянган үзэгч тус хамтлагийн дууг нэгэн зэрэг даган дуулж, бүжиглэж байсан нь рок хөгжмийн түүхэн дэх хамгийн шилдэг тоглолтын нэг болжээ. Тус хамтлагийн хамгийн сүүлийн амьд тоглолт нь 1986 оны наймдугаар сарын 9-нд Английн Кнебворт цэцэрлэгт хүрээлэнд болжээ. Энэ тоглолтыг 300 мянга гаруй хүн үзсэн гэсэн албан бус тоо байдаг.

Түүний хувийн амьдрал  бусдаас өвөрмөц байсан билээ. Тэрбээр 1970 оны эхээр Мэри Остин гэх эмэгтэйтэй танилцан удаан хугацаанд хамт амьдарчээ. Харин 1970 оны сүүлээр Меркури “Элесктра Рекордс" дуу бичлэгийн студийн эзэн эртэй дотно харилцаатай болсон байдаг. Тэрбээр Мэри Остинд зориулан хэд хэдэн дуу зохиосны нэг нь “Love of My Life” юм. Меркури мөн Мэригийн том хүү Ричардын загалмайлсан эцэг. 1980 оны дундуур тэрбээр австри жүжигчин Барбара Валентинтай мэр холбогдсон байна.

Энэ бүсгүй түүний "It's a Hard Life” дууны клипэнд тоглосон юм. Харин 1985 оноос үсчин Жим Хаттонтой хамтран амьдрах болсон байдаг. Түүний энэ хамтрагч 1990 онд ХДХВ-ийн халдвар авсан нь тогтоогдсон. Тэрбээр Меркуритэй сүүлийн зургаан жил хамт амьдарч өөд болох хүртэл нь сувилж байсан гэдэг. Хаттон 2010 оны нэгдүгээр сарын 1-нд хорт хавдраар нас барсан байна.

Меркуригийн уянгалаг дуунуудыг дэлхий даяараа сонсдог байв. Их Британийн Хатан хаан хүртэл түүнээс шотландчуудын эсэргүүцлийн хөдөлгөөнийг тараахыг хүссэн гэдэг. 1987 онд Шотландад хатан хааныг эсэргүүцэгч хөдөлгөөн болж байв. Тухайн үед хүчээ авч байсан хөдөлгөөнийг Фредди зогсоожээ. Учир нь тэрбээр хөдөлгөөний бүх гишүүнд өөрийн цомгоо тараасан гэдэг.

1991 онд Меркуриг нас барсны дараа “Queen” хамтлаг болон хамтлагийн менежер Жим Блэйр нар “The Mercury Phoenix Trust” гэх ДОХ-ын эсрэг буяны сан байгуулсан. Сан одоо ч үйл ажиллагаа явуулсаар байгаа юм. Өнгөрсөн 26 жилийн хугацаанд тус сан ДОХ-ын эсрэг 700 гаруй төсөл санхүүжүүлжээ. Түүнчлэн дэлхийн 57 оронд үйл ажиллагаа явуулж, залууст ДОХ-ын талаар мэдээлэл өгдөг байна. “The Mercury Phoenix Trust” ДОХ-ын эсрэг буяны сан дэлхий дахиныг төдийгүй, алдартнуудыг ДОХ-ын эсрэг анхаарлаа хандуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

1990-ээд оны дундуур буюу Меркуриг нас барсны дараа дэлхийн хэмжээнд ДОХ-ын эсрэг олон сан байгуулагдсан байдаг. Тухайлбал, Элтон Жонны "Элтон Жонн ДОХ-ын эсрэг" сан, Билл Клинтоны гэр бүлийн “Клинтон сан”, Анжелина Жоли болон Брэд Питт нарын байгуулсан “Жоли-Питт Сан" зэрэг санг дурдаж болно. Мөн жүжигчин Мат Дэймон, Тайлор Свифт, Селена Гомес, Билл Гейтс, Марк Зукерберг зэрэг алдартан ДОХ-ын эсрэг эмчилгээнд гар таталгүй хандив өргөдөг байна.

“Queen” хамтлаг нийтдээ 20 гаруй цомог гаргажээ. Меркуриг нас барсны дараа хамтлагийнхан “Queen” -г дахин сэргээхийг оролдсон ч төдийлөн үр дүнд хүрээгүй юм. Одоог хүртэл рок хөгжмийн ертөнцөд Фредди Меркуригийн орон зай дутагдсаар...

Зураг