Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

ДОХ-ыг Барууныхны тараасан цуурхал гэж үзэх болсноос ОХУ-д тархац нь нэмэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ДОХ-оор өвчлөгсдийн тал хүрэхгүй хувь нь вирусны эсрэг эм хэрэглэж, үлдсэн хэсэг нь энэ өвчнийг Барууныхны тараасан цуурхал гэж үзэх болсон нь тархалтыг улам нэмэгдүүлж байгааг албаныхан мэдээлжээ.

Дэлхий даяар энэ өвчний тархалт буурч байгаа бол Зүүн Европ, Төв Азид эсрэгээрээ сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэх болсон байна.

Албан ёсны тоо баримтад өгүүлснээр 2017 оны эхний зургаан сард өдөрт ДОХ-оор 80 хүн амиа алджээ. 2016 онд энэ тоо 50 байсан гэнэ.

Одоогоор ОХУ-д 900,000 гаруй өвчтөн байгаа ба цаг тутамд 10 шинэ тохиолдол нэмж бүртгэгдэх болжээ. Гэвч тэдгээр хүмүүсийн талаас бага хувь нь эмчилгээнд хамрагдаж, цааш нь тараахаас сэргийлж чадаж байгааг засгийн газрын тоо баримт харуулж байна.

Ихэнх хэсэг нь онлайн ертөнцөөс ДОХ-ыг Барууныхны тараасан цуурхал гэх онолыг уншсаны дараа эмчилгээ хийлгэхээс татгалздаг болсон гэнэ.

Энэ байдлыг өөрчлөх талаар дэмжиж ажиллахыг Оросын парламентийн гишүүн Александр Петров төрийн бус байгууллагуудад хандаж уриалжээ.

Эмчилгээ хийлгэхгүй байгаа хүмүүсийн хэд нь дээрх онолд итгэгчид, хэд нь эм хангамж хүрэлцэхгүй байгаа хүмүүс гэдгийг тогтоох шаардлагатай байгааг тэр бас хэлсэн байна.

Өнгөрсөн наймдугаар сард 10 настай охинд шүтлэгтэй эцэг эх нь эмчилгээ хийлгэхийг эсэргүүцсээр амийг нь хохироосон юм. Энэ эмгэнэлт явдал тохиолдсон Санкт Петрбургийн Боткин эмнэлгийн эмч Алексей Яковлев “Олон төрлийн эм, эмчилгээний арга бий болсон өнөө үед хүүхдүүдийг үхүүлнэ гэдэг байж боломгүй явдал” хэмээн ярьжээ.

Оросын онлайн ертөнцөд ДОХ-ыг зохиомол, хий хоосон зүйл гэж ухуулдаг маш олон бүлгүүд бий болсон байна. Тэдний зарим нь ДОХ-ыг “20 дугаар зууны хамгийн том үлгэр” хэмээн нэрлэж байгаа юм.

Үүнд ОХУ-ын эрх баригчдын суртал нэвтрүүлэг ч нөлөөлж байгааг ажиглагчид хэлж байна. “Телевизээр Орос орон хэрхэн дайснуудад бүслэгдээд байгаа, тэдэнтэй хэрхэн тэмцэхийг байнга ярьж байна шүү дээ” хэмээн Москвад төвтэй СПИД урьдчилан сэргийлэх төвийн ажилтан Елена Долженко ярьж байна.

 

Эх сурвалж: AFP