Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Ши Жиньпинээс Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй болгохыг хүсжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр болсон пуужингийн туршилтын дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй утсаар ярьж, Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс нь салгахад илүү их анхаарал тавьж ажиллахыг хүссэн байна.

Пёньяны туршсан тив алгасах баллистик пуужин нь тус улсын бүтээсэн хамгийн хол тусгалтай зэвсэг бөгөөд АНУ-ын эх газрыг бүхэлд нь онилох чадвартай болсон юм.

“Ерөнхийлөгч Трамп өсөн нэмэгдэж байгаа Хойд Солонгосын аюул заналаас өөрийгөө болон холбоотнуудаа хамгаалахад бэлэн байгаагаа энэ үеэр онцоллоо” гэж Цагаан ордны мэдэгдэлд дурдсан байна. Мөн тэр Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй болгоход Хятадын оролцоо чухал үүрэгтэй байгааг Ши Жиньпинд хэлжээ.

Хятадын төрийн тэргүүн хариуд нь Зүүн Хойд Азийн тогтвортой байдлыг хадгалах нь тус улсын гол зорилго хэвээр байгааг хэлээд Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулахад АНУ тэргүүтэй бүх талуудын хамтын ажиллагаа, яриа хэлэлцээр чухал болохыг онцолсон байна.

Пуужингийн туршилтын дараа Трамп мэдэгдэл хийхдээ “энэ бол бидний хариуцах асуудал” гэж хэлж байсан юм.

Харин Хятадын төрийн тэргүүнтэй ярьсныхаа дараа тэр твиттер хуудсандаа “Хойд Солонгосын өдөөн хатгалтын талаар Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпинтэй дөнгөж сая ярилцлаа. Хойд Солонгосын эсрэг нэмэлт хоригуудыг өнөөдөр авч хэрэгжүүлнэ. Асуудлыг зохицуулна!” гэжээ.

Туршилтын дараа мэргэжилтнүүд Хойд Солонгосын пуужингийн технологид мэдэгдэхүйц ахиц гарсныг баталж байна. Пентагоны тэргүүн Жим Мэттис туршилтын дараа хэлэхдээ “Өмнө туршиж байсан пуужингуудаас илүү өндөрт хөөрснийг хэлэх хэрэгтэй. Тэдний пуужингийн технологийн судалгаа, хөгжүүлэлт нь сайжирсаар дэлхийн аль ч цэгт цохилт өгөх хэмжээнд хүрчээ” гэсэн юм.

Трамп бас Япон, Өмнөд Солонгосын төрийн тэргүүнүүдтэй өчигдөр утсаар ярилцжээ. Ши Жиньпиний Хойд Солонгосын эсрэг авах арга хэмжээний талаар Цагаан ордон мэдээлээгүй байна.

Өчигдөр үүрээр туршсан Хвасонг-15 пуужин нь өмнө туршиж байсан пуужингуудын сайжруулсан загвар бөгөөд 4,475 км орчим өндөрт хүрч, 950 км зайтай Японы мэдлийн тэнгисийн усанд 53 минутын дараа туссан юм.

Хэрвээ харвах өндрийг тохируулбал энэ нь АНУ-ын эх газрын ихэнх хэсэгт хүрэх чадалтай гэсэн үг.

 

Эх сурвалж: South China Morning Post